Галзуучуудын эх орны тухай эргэцүүлэл

Эх орон минь галзуу хү­мүүсийн цугларалт шиг са­нагдах боллоо. Дэлхий дээр хачин хэргүүд гарч дуулиан тарьдаг ч тэр нь ихэвчлэн сэтгэцийн өвчтэй, эсвэл шаш­ны хэт мунхаг үзлээсээ болж үйлдсэн байх нь элбэг. Ма­найд бол өдөр тутам аймшигт хэргүүд гардаг. Эмнэлгийн дүгнэлтээр эрүүл гэх ч эрүүл хүнээс гарамгүй галзуу хү­мүүсийн аймшигт үйлдэл хийц­­гээх юм. Үүнээс гадна бүх л салбарт, бүх л шатан­даа, хөдөө хээр малчны хо­тонд ч, хотод Төрийн ордонд ч энэ галзуурал газар авлаа.

Усны хөвөөнд хэдэн нө­хөр муудалцаж үхрээ усалж  байсан нэгийгээ зодож алаад уулан дээр аваачаад бензин асгаж шатаан, нүх ухаж булах гэж байснаа гэнэтхэн цагдаа дуудаад “Энэ нөхөр өөрийгөө шатаах гэж байсан байна” гэж  хэлээд өөрсдийгөө бариад өгчих жишээтэй. Иргэд нь галзуурчихсан хэрэг бус уу, энэ чинь. Ханилж суусан эхнэ­рээ хардаж, байшингийн буланд хутга барьж зогсож байгаад аймшигтайгаар там­лаж аллаа. Дараа нь өөрийн­хөө амийг егүүтгэх гэж үзнэ. Энэ галзуурал биш гэж үү.

Хүүхэлдэй, машинаараа тоглодог насан дээрээ хүүх­дүүд нь улс төр ярьж,  насны намбагүй эмгэд хөгшид нь садар самуун зүйл ярин саваа­­гүйтэж,  яруу найрагчид нь яруу сайхныг биш, ядмаг­хан мөрүүд хэлхэж, урлаг соёлынхон нь хүртэл улс­төржиж, бөө, удган болчихсон дөвчигнөнө. Тайзан дээр яруу найрагч хэмээх нэгэн “…Говь-Алтайн Бигэр суманд олон мянган нинжа нар газар шороо бусниулж байна”     “…Жан­­цанноровын хөгжмийг сонсоход тэр гуайн охины онгон биеэ алдсан нь са­наанд бууна” гэдэг юм ун­шаад “Болор цом”-ын эзэн гээд зогсож байх жишээтэй.   Дуучид нь алаан хядаан, цус, буу болсон аймшигт клип хийлгэж, эрээгүй хараал урс­гаж дураараа дургина. Хаа сайгүй галзуурал.

Бүх салбарт бөө төрж, бүгд эцэг өвгөдийн сүнстэй ярьдаг боллоо. “Би Чингэс хаан байна” гээд ороод ирдэг нэгэн ч байна. Дээр нь бас Чингэс хаан ирчихээд байхад итгэсэнгүй гэж загнахыг нь яана. Арван хэдтэй жаахан хүүхдүүд бөө болж архи уух нь энэ нийгмийн галзуурал.  Зарим нь дэлхий сөнөх тухай ярьж тэрэнд нь хөдөө,  хотгүй итгэж,  малчид нь галзуурсан мэт малаа хядаж байна.  Яа­гаад ингээд байдаг юм бол.

Улс төр нь бас хачин. УИХ-ын дарга байсан гурван нөхөр, Ерөнхий сайд байсан хоёр нөхөр, чуулганы тан­химын хаалгыг диванаар дараад хэвтчихнэ. Өөрсдийг нь эрх барьж байхад иргэд гадаа үзэл бодлоо илэр­хий­лээд жагсахаар баривчилж хориод сүйд болно. Хаалга дарж суудаг хэд нь “Ялагд­чихлаа, ялах байсийм” гээд хээвнэг бичиг бариад суух нь  хошин шогийн үзүүлбэр мэт. Энэ эрүүл үзэгдэл мөн үү.

Клинтон эцэг, хүү Буш бүгдээрээ  Конгрессоо, Путин Медведевтэйгээ Думаа хурал­­дуулахгүй гэж хаалгыг нь дараад хэвтвэл ямар байхав.

Хот гэж байшин дотор байшин барьсан эмх зам­ба­раагүй, чанар муутай барил­гуудын бөөгнөрөл. Нэг сая 500 мянган хавтгай дөрвөл­жин километр газар нутагтай  хэрнээ хаа дуртай газраа бөөгнөрөлдөөд, газраа бу­лаа­­цалдаж биенээ ад үзнэ.  Эсвэл бөөрийг нь наалдуу­лаад хажуугийн барилгынхаа цонхыг таглаад байшин барьчихна. Агуу уудам тал нутагт  гурван сая хүрэхгүй хүн  нь багталцахгүй, таг битүү явах замгүй болтлоо шахцал­даад хэрүүл тэмцэл хийхийг нь яана. Хотыг ингэж бай­гуул­даг юм уу. Барилгын сал­барын олон жилийн далд   байсан идээ бээр нь сая ил гарч, өдөрт хичнээнээрээ барил­гын ослоос болж эрдэ­нэт хүн амиа алдаж байна. Энэ эрүүл үзэгдэл үү.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүн шүүх дуудахаар очдог­гүй. Аргаа бараад гурван зуун цагдаатай очиж байхав. Ганц хүнд гурван зуун цагдаа шүү.  Том дарга байсан учраас шүүхэд очихгүй гэсэн ёс хаа­на байна. Шүүх буруу хэрэг хийжээ гэж ял оноохоор аял­дан дагагчид нь шүүх рүү дайраад, шүүгчээ барьж чирээд сүйд болно.

Дэлхийд тэгвэл яадаг билээ. Италийн Берлускони гэж байнгын хэл ам таталж явдаг нэг улстөрч бий. Хүнд гарын нөхөр ч  шүүх дуудсан цагт очоод байгаа биз дээ. Харин  намайг хэлмэгдүүллээ гээд давж заалддаг. Дэлхийд алдартай одууд  ч хууль зөрч­сөн ял шийтгэлээ авч л бай­даг. Манайд бүгд эсрэгээр.

Тэртэй тэргүй зуд болж,  өвөлдөө -40 градус хүйтэрч, 50 см цас ордгийг мэдсээр атлаа малчид нь зунжин архи­­даж, пин дээрээ ганц өвс түүж тавьдаггүй.  Тэгээд  нэг ч өвс түүгээгүй хэрнээ 1000 малтай өвлийг өнтэй давна гэж байх уу. Сая гаруй хүнтэй  нийслэлдээ л гэхэд 50, 60 телевиз, хорь, гучин өдөр тутмын хэвлэл байна. Энэ олон хэвлэл мэдээллийн бай­гууллага нь бизнес явуулж байгаа хэдхэн компанийнхаа тамирыг тасартал шулна. Рекламаа өгөхгүй бол муулна шүү гэж айлгана. Энэ эрүүл ёс уу.

Гүүрэн дээр  эсрэг урсга­лаас орж ирээд хүн амиа алдаж л байдаг. Замын хө­дөл­гөөний дүрэм зөрчих бол хэвийн үзэгдэл. Халь­тир­гаа­тай зам дээр хурд хэтрүүлж яваад хэдэн арван машин гэмтэнэ.

Гадны хөрөнгө оруулалт орж ирээд юм хийе гэхээр бүгд ад үзнэ. Өөрсдөө тэгсэн мөртлөө юу ч хийж бүтээхгүй. Энэ бүхнийг та бүхэн эрүүл гэж бодож байна уу. Өөрий­гөө дэлхийн төв гээд ойлго­чихсон хүмүүс Монголоор нэг.

Бүгд өөрсдийгөө дэлхийн төв агуу ихийг бүтээгч гэж боддог учраас шагналын төлөө улайрдаг. Хийж байгаа ажлаасаа зүгээр л таашаал авна гэж үгүй. Үүргээ гүйцэт­гэж байна гэж бодохгүй. Араас нь заавал шагнал горь­доно. Бүгд агуу ихийн дэмий­рэлд автчихсан.  Ямар сайн­даа албан байгууллагуудыг шагналд битгий тодорхойлж бай гэсэн журам гарч байхав. Олон жил ажилласан хүмүүс нь бүгд л гавьяа шагнал авах гэж зүтгэдэг монгол сэтгэлгээ.  Энэ бүхнээс хараад дэлхийн бүх галзуучууд нэг дор цуг­лаад Монгол Улс бий болчих­сон юм шиг санагдах болов.

Бүх дэлхий намайг тойрон эргэдэг, би дэлхийн төв гэж боддог улс олон болсон та­лаар төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд гуай хэлсэн байна лээ. Яг үнэн хэлжээ. Монголоор нэг өөрсдийгөө дэлхийн төв гэж боддог ул­сууд байна. Өөрөөсөө бусдыг хайрладаггүй, өөрөөсөө бус­дыг хүлээн зөвшөөрдөггүй, бүгдийг үзэн ядаж бусниул­даг, зөвхөн би, би, би. Энэ бүхнээс үүдэн  эх орон минь галзуучуудын цугларал  бол­чих­сон юм уу гэж эмзэглэхэд хүрч, ийнхүү эргэцүүллээ.

Д.МӨНГӨНДАЛАЙ


URL:

Сэтгэгдэл бичих