20 жилийн дараа Орос оронд охиноо олсон монгол эмэгтэйн түүх

Оросын Тюмень хотын оршин суугч Уртнасангийн Сараа хэмээх бүсгүй төөрөлдөж сураг тасарсан охиноо 20 жилийн дараа “Россия” телевизийн нэвтрүүлгээр олж уулзсан сэтгэл хөдлөм түүхийг сая сая үзэгч амьсгаа даран үзэв.
1990-ээд онд Сараа хоёр жаахан хүүхэдтэйгээ бэлэвсэрч хоцорчээ. Хүнд өвчнөөр хань нөхрөө алдсан бүсгүй бага хүүгээ Монголд үлдээгээд охинтойгоо амьдрал хөөн Оросыг зорьжээ. Охин Анударь нь орос сургуульд сурахыг хүссэн тул Магнитогорск хотод ирж суурьшсан байна. Анударийн ээж Сараа зах дээр наймаа хийж олсон мөнгөөрөө өөртэйгээ адил киргиз бүсгүйтэй хамтран байр хөлсөлдөг байв.
Сараа нэг удаа бараагаа авахаар явахдаа охиноо киргиз хөрштэйгээ үлдээжээ. Харин энэ хойгуур байрны эзэн ирж тэднийг хөөн гаргажээ. Ээж нь эзгүй монгол охиныг өрөвдсөн киргиз бүсгүй Анударийг аваад эх орон руугаа, Бишкек явсан байна.

-Би тэр эмэгтэйнд бараг 2 жил амьдарсан. Их л хатуу ширүүн хандаж, хүнд хүчир ажил хийлгэдэг байсан. Хоёр ч удаа оргож зугтсан. Хэн ч туслаагүй. Дараа нь ээж ирж намайг мөнгө төлж байж суллаж авсан. Тэгээд бид Бишкекээс Оросын Новокуйбышевск хотод ирсэн гэж Сараагийн охин Анударь дурсаж байна.
Харамсалтай нь ээж, охин хоёрын зам дахин салжээ. Сараа охиноо мөн л хамтарч байр хөлсөлдөг солонгосуудтай үлдээгээд Монгол руу бичиг баримтаа авчрахаар явжээ. Охиноо сургуульд оруулахад Монголоос бичиг цаас авчрах хэрэг гарсан бололтой. Сараа Монголоос буцахдаа Оросын Тюмень хотод ирсэн ч Новокуйбышевскт байгаа охин руугаа эргэж очсонгүй. Монголд үлдсэн хүү Ачит нь ээж, эгч хоёроо хүлээж ядаад алс Америк руу цагаачлан одсон байлаа. Ачит зам зуур Москвагаар дайрахдаа олон жилийн өмнө Самар муж руу ээжтэйгээ хамт явсан, хүзүүн дээрээ тод мэнгэтэй эгч Анудариа хайж байгаа тухай захиа үлдээгээд явжээ. Тэр захидлыг нь олон нийтийн байгууллагын нэг эмэгтэй олж төөрөлдсөн монголчуудыг олж уулзуулах гэж хөөцөлдсөөр “Россия” телевизийн нэвтрүүлэг хүртэл өндөр авахуулсан байна.

Эргэж ирэхгүйгээр орхиод одсон ээжээс нь хойш Анударийн амьдрал ахиад л энэтхэг кино шиг өрнөсөн байдаг. Солонгосчууд бяцхан монгол охиныг Новокуйбышевск хотын хүүхэд асрах газар аваачиж тушаасан байна. Эх орон, ээж гэдэг үгийг мартаад байсан монгол охин өөртэйгээ адил өнчирч хоцорсон орос хүүхдүүдтэй хамт хүн болжээ.
-Ээжийгээ олж уулзана гэж ёстой бодоогүй. Америкт байдаг дүү маань анх миний сургийг олж гаргасан. Тэр маань Самар хавьд байх ёстой ээжийг олоорой гэж захисан юм. Ийм олон жил өнгөрчихөөд байхад амьд мэнд уулзалдана гэж харин би итгээгүй гэж Анударь телевизийн студид ярьж байна.
Телевизийн ток шоунд хүрэлцэн ирсэн зочид эх хүн яаж төрсөн үрээ харь элгийн хүмүүст үлдээгээд, эргэж ирэхгүйгээр хаяж чадсан тухай ширүүн маргаан өрнүүлжээ. Эр нөхрөө алдаад, хүнд бэрх цагт хүний газар ирсэн эмэгтэй хүнийг өрөвдөж ойлгосон хэсэг ч студид цөөнгүй байв. Уртнасангийн Сараагийн гуйлтаар Гулия Гаймасова хэмээх эмэгтэй Новокуйбышевскийн хүүхэд асрах газрын захирлаас Анударийн хаягийг олж өгөхийг хүсчээ.
-Нэг найз маань таараад “Асрах сургууль дээрээ очиж хаягаа үлдээ” гэсэн. Нэг эмэгтэй намайг хайгаад байгаа юм гэсэн. Гэхдээ ээжийгээ гэж би үнэндээ бодоогүй гэж өнөөдөр том хүүхэн болсон Анударь хэллээ.

Нэвтрүүлгийн дундуур Сарааг Америкт байгаа хүү Ачиттай нь шууд холбон уулзуулахад монгол эх нулимсаа барьж тэвчсэнгүй. Ачит Монголд өөрийнхөө долоон хүүхэдтэй хамт өсгөж хүмүүжүүлсэн Зина эгчийндээ амьдарч байжээ. Зун болгон ээж нь ирж аваад явна гэж харуулдан хүлээдэг байсан гэж тэр ярьж байна. Одоо Ачит өөрөө аав болсон бөгөөд ээж, эгч хоёроо Америкт ирэхийг урьсан юм. Хүү, охиноо олсон Сараа Америк орж ач хүүгээ харах бололтой. Амьдын хагацал ийнхүү 20 жилийн дараа үлгэр шиг “амар сайхандаа жаргаж” төгсөв.


URL:

Сэтгэгдэл бичих