Д.Дэлгэрбаяр: Хэн ч танихгүй, туршлагагүй компанийг тендэрт ялуулсан
Цаг үеийн асуудлаар аймгийн Засаг дарга Д.Дэлгэрбаяртай ярилцлаа.
-Саяхан тавдугаар сургуулийн өмнөх ухсан нүхэнд хүн унаж амь насаа алдсан хэрэг гарлаа. Энэ асуудал дээр аймгийн дарга нар анхаарлаа хандуулахгүй, нэг л хөндий байх шиг. Аймгийн Засаг даргын шуурхай дээр хүртэл яригдаагүйг бодоход хүний амь насыг нэг л тоохгүй байна гэж ойлгож болох уу?
-Хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Миний зүгээс энэ хэрэг дээр анхаарлаа хандуулж байгаа. Эрдэнэт хүний амь насыг тоохгүй, анзаарахгүй байж болохгүй. Дөнгөж сая би зохих албаны хүмүүст үүрэг даалгавар өглөө. Хууль, хяналтын байгууллагынхан хэргийг шалгаж байгаа болов уу. Хүний амь нас хохирсон энэ хэргийг аймгийн Засаг даргын хувьд анхааралдаа авч ажиллаж байгаа.
-Цэвэр, бохир усны сангийн засварын ажил яагаад ингэж оройтож эхэлсэн бэ. Юунаас болоод ийм байдалд хүрсэн юм бол?
- Тавдугаар сургууль, “Мэнд-Амар” худалдааны төвийн өмнөх цэвэр, бохир усны сангийн засварын ажил оройтож эхэлсэн нь хоёр ч учир шалтгаантай. Нэгд, ажил хариуцаж буй хүмүүстэй холбоотой. Цааш нь хөөгөөд үзвэл “Тендэрийн тухай хууль”-д заасны дагуу засварын ажил тодорхой шалтгааны улмаас оройтож эхэлсэн.
-Тендэрийн үнэлгээний хорооныхон ажлаа муу хийснээс болж өнөөдөр хүний амь нас хохироод байгаа юм биш үү?
-Аймгийн ЗДТГ-ын дарга Х.Ганболдоор ахлуулсан Тендэрийн үнэлгээний хороо гэж бий. Тэд цаг хугацааны хувьд тендэрийг оройтож зарлаж шалгаруулсан. Дээр нь тус хорооныхон цэвэр, бохир усны засварын ажлын туршлагагүй компанийг тендэрт шалгаруулсан. Өөрөөр хэлбэл, энэ ажлын тендэрт “Эрдэнэт ус” гээд мэргэжлийн хоёр, гурван ч компани оролцсон байдаг.
Гэтэл Тендэрийн үнэлгээний хорооныхон “Олз мандах” гээд хэний ч танихгүй, өмнө нь ийм ажил хийж байгаагүй шахам компанийг тендэрт ялуулсан. Өнөөх ялагч тал болох “Олз мандах” нь газар шорооны ажил явуулах техник, тоног төхөөрөмжгүй бараг л халаасандаа компанийнхаа тамгыг өвөртлөөд гүйж явсан нөхөрт энэ ажлын хариуцуулсан учраас өнөөдөр ийм асуудал үүсээд байгаа.
-Х.Ганболд даргын Тендэрийн үнэлгээний хорооныхон ажилд хариуцлагагүй хандсан нь тодорхой байна. Тэд ямар шалгуураар “Олз мандах” компанийг ялагчаар тодруулсан юм бол. Та энэ талаар судалсан уу. Дээрх хүмүүст хариуцлага тооцох уу?
-“Тендэрийн тухай хууль”-д заасны дагуу ажил явагдах учиртай. Гэтэл яагаад “Олз мандах” шалгарсныг би судалж байгаа. Ажлын дадлага, туршлагатай “Эрдэнэт ус” яагаад шалгарч чадаагүйг гайхаж байна. Үүнийг шалгах ёстой. Эхлээд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах байх. Түүний дараа хариуцлагын тухай асуудал яригдах ёстой. Үүнээс болж эрдэнэт хүний амь нас хохироод байна.
Энэ ажлыг ядаж л хугацаанд нь дуусгах талаар ярьж байна. Өнөөх “Олз мандах” компани нь өөр газраас техник, тоног төхөөрөмж гуйгаад ажил нь урагшлахгүй байна. Тендэрийг нь цуцлаад өөр компанийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулаад оруулчих гэхээр цаг хугацаа алдах учраас бас хэцүү байна.
-Энэ оныг Засгийн газраас “Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх жил” гэж зарласан. Дээрх ажлын хүрээнд манай аймгийн олон иргэн дээрээс юу өгөхийг хүлээх биш өөрсдөө санал, санаачлага гаргаад дарга нарт ханддаг ч ширээний ард суугаа эрхмүүд иргэдээ дэмжихгүй байна. Тухайлбал, Наран багийн иргэн Д.Пүрэвсүрэнгийн “Манай нэрийн хуудас” нэртэй багийн хаягийг шинэчлэх төсөл байна. Мөн оршин суугаа багийнхаа тохижилтын талаар олон төсөл бичиж аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн ч хариу өгдөггүй гэж иргэд ярьж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Иргэдийн боловсруулсан төсөл миний нэр дээр ч ирдэг. Би аль болох иргэдийнхээ санал, санаачлагыг дэмжихийг хичээдэг. Өнөөдөр манай Баян-Өндөр сумын 19 багийн хаяг гэж ямар байгаа билээ. Үнэхээр хүн харахад хэцүү л харагддаг. Дөрөвдүгээр сард хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит бус чуулганаар хотын тохижилтын ажилд иргэн Д.Пүрэвсүрэнгийн төслийн төсвийг нь батлуулахаар оруулсан. Даанч ИТХ-ын гишүүдийн үзэл бодлын зөрүүтэй байдлаас болоод батлагдаагүй.
-Тодруулбал?
-Манай аймгийн ИТХ гэдэг байгууллагад асуудал оруулахад хоёр янзаар ханддаг. Цэвэрхэн хэлбэл асуудлаа лоббидож байж бүтээх, эсвэл зүгээр л зүтгүүлэх. Би аймгийн Засаг даргын хувьд иргэн Д.Пүрэвсүрэнгийн төслийг дэмжин хөрөнгө, мөнгийг нь төсөвт суулгачих санаатай оруулсан. Даанч ИТХ-ын төлөөлөгчид “гэр хороолын хаягийг шинэчлэхэд тэдэн төгрөг” гээд заагаад оруулсныг унагасан. Цаг үеийн хувьд гэр хорооллын хаягийг солих, шинэчилж сайжруулах хэрэгтэй юу гэвэл бүгд л тийм гэж хэлнэ. Гараа өргөх болохоор эсрэг санал өгдөг нөхдүүд аймгийн ИТХ-д байна.
-Хувийн амбицаар асуудалд хандаж байна гэж болох нь ээ?
-Нэг талдаа үнэхээр тийм. Би аймгийн Засаг даргын хувьд энэ төслийг та, чи дэмжээрэй, найз аа үүнийг л зүтгүүлээрэй гээд гүйх юм байна л даа. Ажилд ийм байдлаар хандмааргүй байгаа юм. Үүнээс гадна өөр олон иргэний санал, санаачлага мөнгө, шийддэг хүмүүст хүрэхээрээ зүгээр л нэг хаягдал цаас болж харагдаад байх шиг. Миний хувьд шийдэж болохоор олон ажлыг хөрөнгө, мөнгийг нь төсөвт суулгасныг батлаад өгдөг бол татгалзаад, хойш тавих шаардлага байхгүй. Нэг ч гэсэн ажлыг хийж бүтээвэл иргэдэд л хэрэгтэй.
-Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Та аймгийн МАН-ын хорооны дарга. Сүүлийн үед иргэдийн дунд аймгийн МАН-ын хороо орон нутгийн сонгуульд 50-иас дээш насны гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэсэн яриа гарч байна. Гадаадад дээд сургууль төгссөн, хоёр гурван гадаад хэлтэй залуусаа гаргаж ирэх юм гэнэ. Үүний санаачлагч нь ч та нарын дунд нэр устайгаа байна. Аймгийн МАН-ын хорооны даргын хувьд та юу гэж хэлэх вэ?
- Ийм яриа байж болохгүй. Манай МАН ахмад, залуу үеээ дэмжинэ, эмэгтэйчүүдээ ч дэмжинэ, хүүхдүүдээ ч харж хандана. Иймээс ч намын бодлого болоод УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ бол биднийг эвдрэлцүүлэх явуургүй арга болов уу.
-“Би тэтгэвэрт гарах арай болоогүй. Гэтэл намын залуус та нарын цаг дууссан. Нэр дэвшүүлэхгүй гэж байна. Үүнийг сонссон зарим нам, эвсэл манай нэр дээр дэвшихийг санал болголоо” гэсэн танай намын нэртэй, томоохон улстөрчтэй ч таарсан. Энэ яриа бол үндэслэлтэй болов уу?
-Бид ахмад үеийнхээ арга туршлагыг харах учиртай. Тэр гадаадад сургууль, соёл төгссөн 2-3 хэлтэй нөхдүүд аймаг, сумын ИТХ-д юу хийх юм бэ. Тийм л олон хэлтэй, өндөр боловсролтой юм бол түүнийгээ гаргаж чадах тэр газар нь ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч тэр “гадаад” нөхдүүд чинь амьдрал мэдэх юм уу. Би аймгийн МАН-ын хорооны даргын хувьд энэ саналыг зөвшөөрөхгүй.
Ирэх орон нутгийн сонгуульд бид аймаг, орон нутагтаа танигдсан, ажлын дадлага туршлагатай, эрдэнэтчүүдийн төлөө юм хийж чадах 50 байтугай 60 настай ч байсан хамаагүй, эмэгтэй ч байсан ялгаагүй нэр дэвшүүлнэ. Нөгөө талдаа бид намынхаа залгамж халаа болсон залуусаа ч дэмжинэ. Тэгж байж л бид сонгуульд амжилттай оролцож, ялалтад хүрнэ.
Түүнээс биш “бид та нарыг төлөөлнө” гээд гадаадад боловсрол эзэмшсэн, 2-3 хэлтэй нөхдийг сойчихоод юу бодож суух юм бэ. Орхон аймгийн сонгогч иргэдийн хувьд гадаадын 2-3 хэлтэй хүн хэрэгтэй юү, амьдрал мэддэг, ажлын туршлагатай хүн хэрэгтэй юү гэдгээ ч ялгаж салгах чадвартай. Тиймээс дээрх асуудал миний хувьд хаалттай, байх ёсгүй зүйл гэж бодож байна.
Н.Төр /Эрдэнэт хот/
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: