Гурван дуутай болгочхоод, ”Хамтлаг байгуулчихлаа” гэж эндүүрэхээ боль
«25 дугаар суваг» телевизээс «Making the band» хэмээх шоу нэвтрүүлгийг гурав дахиа зохион байгуулж, ялагчдыг тодруулаад байна. Уг шоуны зохион байгуулагчид 500-700 оролцогчоос шалгарсан залуусыг «жинхэнэ од» болгоход бараг хагас жилийн хөдөлмөрөө зориулдаг.
Тэд хамтлагийн гишүүдийг хөлийн улнаас нь толгойны орой хүртэл нь өөрчилж, стиль имижийг нь бүрдүүлээд, анхны клипний зураг авалтанд оруулна. Шоу нэвтрүүлэг дуусахад тухайн хамтлаг 3-4 дуу, клиптэй болсон байх учиртай.
«Making the band» төслийн багийнхны «төрүүлсэн» анхны хамтлаг нь «Anemone». Тэд тус шоу нэвтрүүлгээс «Хаврын хайр», «Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээж ээ» гэсэн хоёр дуутай л хоцорсон. Гэвч авьяаслаг, хүүхэд төрхөөрөө охидын чадварыг ажигласан уран бүтээлчид тэдэнтэй хамтран ажилласаар байгаагийн ачаар «Anemone» өнөөдрийг хүртэл оршин тогтнож байгаа гэхэд хилсдэхгүй.
Төслийн багийнхан анхны хамтлагаа хоёр клиптэй болгомогцоо дараагийн «одод»-ынхоо эрэлд гарч, «Extacy» хэмээх хамтлагийг бүрдүүлсэн. Анхнаасаа л «Барилдахаасаа таахалзах нь» гэгчээр дуулахаасаа илүү бие хаа, царай зүсээрээ гайхуулсан хамтлаг гарч ирлээ» гэх шүүмжлэлийг дагуулсан тус хамтлаг ч мөн шоу нэвтрүүлгээс гурван дуу, клиптэй л хоцорсон юм. Гэвч тэдний продюсер, дуучин Ж.Алтанцэцэг «Би энэ охидыг од болгоно» гэсэн амлалтдаа хүрэхийн тулд өдийг хүртэл дэргэдээ дагуулж, «өөд татсаар яваа». Гэвч гярхай сонсогчид тэдний дуулсан дуу бүрийг «гадаадын хамтлаг, дуучдын дууг хуулбарласан байна» хэмээн шүүмжилдэг нь нууц биш.
Тэгвэл «Making the band 3» шоу нэвтрүүлэг яг одоо ид дундаа өрнөж байна. Уг тэмцээнд бүртгүүлсэн 700 оролцогчоос Б.Болдбаатар, Г.Энх-Амар, О.Гүнчин-Иш, Г.Амаржаргал, Б.Төгсжаргал, Х.Гулназ нар шалгарч, «М1Х.Х» хэмээх хамтлагийг бүрдүүлээд байгаа. Төслийн багийнхан өмнө нь дандаа охидоос бүрдсэн хамтлаг байгуулж байсан бол энэ удаад охид, хөвгүүдийн хамтарсан баг бүрдүүлсэн байна. Тэдний анхны бүтээл болох «Эс залуу» дуу олны сонорт хүрээд хэдхэн хонож байна.
Төслийн багийн менежер О.Пүрэвийн хэлж байгаагаар «МIХ.Х» хамтлагийн дараагийн бүтээл болох «Зориулаад» дууны хоолойны бичлэгийг Бээжин хотын нэгэн томоохон студид хийж байгаа аж. Уг дууг ирэх долоо хоногт олны хүртээл болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн шоу нэвтрүүлэг төгсөх үед тус хамтлагийнхан дөрвөн дуу, гурван клиптэй болсон байх ёстой гэдэг талаар ч төслийн багийнхан ам алдлаа.
Гадаадад ч энэ төрлийн шоу нэвтрүүлэг олон байдаг. Гэвч тэдгээр нэвтрүүлгийн зохион байгуулагчид шалгарсан хамтлаг, дуучдаа ямар нэгэн студи, продакшнтай бүтэн жилийн гэрээ байгуулж, цаашдынх нь замыг гэрэлтүүлж өгдөг. Гэтэл Монголын шоу нэвтрүүлэгчид гурван клиптэй болгоод л, дараагийнхаа «одод»-ын эрэлд гардаг байх жишээтэй. Ёстой л нөгөө «Ганц удаа ойртуулснаа юу гэж бодоод байгаа юм» гэдэг шиг гурван клиптэй болгочхоод, хамтлаг байгуулчихлаа хэмээн эндүүрэхээ болимоор юм.
ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL: