Иймхэн юманд хяналт тогтоож чадахгүй төр гэж байх уу

Бяцхан охин өглөө эртлэн хичээлдээ явах гэж  үүрийн  таван жингээр гашуун утаа залгин гэр  хорооллын хотгор гүдгэр замаар нохой шувуу шуугиулан айж, даарч чичрэн алхана.

Зарим нь ч бүр хот өргөжихийн лайгаар алслагдмал гэр хорооллоосоо цагаан захтнуудын амьдралдаа ч үзээгүй “урт” замыг туулах нь энүүхэнд. Бүр нийтийн тээврийн автобус ч хүрдэггүй хотын хөдөөнөөс сургуулиа зорьдог бяцхан жаалууд зөндөө.

Энэ мэтчилэн автобусны буудал, гэр хоёрынхоо дунд бөөн адал явдалтай алхаж ирсэн бяцхан жаал хөнгөлөлтийн картаараа нийтийн унаанд үнэгүй явдаг оюутан ах, эгч нартаа шахагдан автобусанд багтахгүй хоцрох нь энгийн үзэгдэл. Ингээд л жижигхэн божгор гартаа 200 төгрөгөө атгаад, хичээлээсээ хоцрох нь байдаг л нэгэн амьдрал гэлтэй.  Харин том автобусанд багтаж чадаагүй гээд микрод зүтгэвэл харин ч асуудал үүснэ гээч.

Хүүхэд гэгч жижиг хүнийг зайны нэмэр, орлогын таглаа мэтээр “мөнгө хүүлэгчид” ширэв татах нь энүүхэнд. Харин хотын төвийн голдуу боломжийн амьдралтай айлын хүүхдүүд хувийн машин таксигаар өглөө болгон хичээлдээ хүргүүлж, авахуулдаг учир энэ зовлонг мэдэхгүй. Ялангуяа, хууль тэрлэгсдийн үр хүүхэд, ач зээ өндөр төлбөртэй, өөрөө үйлчилдэг сургуульд төдийгүй тив алгасаж олноор хамрагддаг тул ийм нэгэн учир явдлыг киноноос л төсөөлдөг болов уу.

Тэр ч утгаараа өчигдөр хуралдсан УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг тээвэрлэх зориулалттай тусгай тоноглолтой автобусыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч олонхи гишүүн төслийг дэмжих боломжгүй хэмээн үзэж унагалаа. Зүй нь нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 200 гаруй дунд сургууль байдаг.

Захын гэр хорооллын сурагчид хотын төв рүү сургуульдаа хүрэхийн тулд олон саад бэрхшээлийг туулж байгаа тул сурагчдыг тусгай автобустай болгоход энэхүү хуулийн төслийн зорилго оршиж буй. Гэвч хэлэлцүүлгийн шатанд гишүүд дуу нэгтэй “Хуулийн төслийн санаа нь зөв ч хэрэгжүүлэх шатанд олон сөрөг үр дагавар дагуулж болзошгүй” хэмээн үзлээ.

Гэхдээ тэдний айж, халаглаж байгаа шалтгаан нь инээдтэй. Тухайл­­бал, гадаадаас автобус оруулж ирлээ гэхэд зориулалтаар нь ашиглаж байгаа эсэхэд хэн хяналт тавихаас эхлээд, эргэлзээтэй зүйл олон юм байх. Ёстой л дургүйд хүчгүй гэдэг биз. Иймхэн асуудалд хяналт тогтоож, зохицуулалт хийж чадахгүй төр улс гэж байх уу.
Үнэндээ эл асуудлыг шийдэхэд толгой нь хүрэхгүй, ахдаад байвал гадны улс орны туршлага энэ тэрийг монгол хөрсөндөө буулгаж болох л шүү дээ.

Тэгээд ч бидэнд гадны улсын патентыг монголчилдог тийм нэгэн далд авьяас байнаа, байна. Нөгөөтэйгүүр, тухайн сургуулийн захиргаанд энэ бүх асуудлыг хянаж, зохицуулах “үүрэг” ногдуулбал асуу­дал  шийдэгдэнэ.  Цаашлаад, шинэ Засгийн газар салгаж, нийлүүл­сэн яамны сайдуудынхаа захиран зар­цуулах эрхийг дахин хуваарилах зорилго өвөртлөн төсөвт “сиймхий” гаргаж суухаар энэ мэтчилэн тулсан асуудалд хүч хаявал ямар вэ.

 О.Сэлэнгэ

alt


URL:

Сэтгэгдэл бичих