Намуудын “нээлттэй хаалганы” өдөр
Төрийн байгууллагууд сард нэг удаа хаалгаа нээж, “Нээлттэй хаалганы өдөр” хэмээх арга хэмжээ зохион байгуулах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Иргэ дэд мэдээлэл, үйлчилгээгээ илүү шуурхай хүргэх л зорилготой арга хэмжээ. Гэхдээ ийм жишиг дэлгэрснээс хойш “Бусад өдөр хаалга нь хаалттай байгаад нэг л өдөр нээгддэг байх нь” гэмээр яриа гараад авсан юм.
Юутай ч нээлттэй, ил тод байх зорилготой хэрэгжүүлж буй уг моод улс төрийн намуудын дунд газар авчээ. Цаг үеийн сэдвээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, мэдээллээр хангах нь мэдээж сайн хэрэг.
Манай улсад Дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй нам бий. Эднээс АН хамгийн нээлттэй намд тооцогддог. Үүнийг ч тус намынхан тунхагладаг юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус намын дарга байхдаа “Манай намын хаалга, цонх нээлттэй байдаг” хэмээн бардамнаж байсан удаатай. Үүнийг баталж, шууд утгаар нь хаалгаа нээсэн эхний нам нь АН. Тэд сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт 11.00 цагаас сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл өгөн, сонирхсон асуултад хариулдаг уламжлал тогтоогоод удаж байна.
УИХ-ын сонгуулийн дараа сөрөг хүчний байр суурин дээр очсон МАН-ынхан ч саяхнаас хаалгаа нээх хэрэгтэйгээ ойлгожээ. Тиймээс тус намынхан долоо хоног бүрийн мягмар гаригийн 12.00 цагт хэвлэлийнхэнд “Нээлттэй хаалганы өдөр” зарласан. Тусгаар тогтнолын шинэхэн ордондоо тухалсан уг нам олон жил Монголын төрийг барьсан, дарга цэрэг олонтой, хэвлэлийнхэнд тийм ч нээлттэй, элгэмсэг байгаагүй. Тэгвэл одоо сөрөг хүчин болж байраа сольсон МАН шинэ аргаар, нээлттэй, ил тод зарчмаар ажиллахаар шийдсэн бололтой. “Ах” намуудын энэ нааштай алхам өөрсдийгөө “хүчирхэг гуравдагч хүчний тоонд зүй ёсоор орно” хэмээн тодорхойлох болсон МАХН-д ч нөлөөлжээ.
МАХН-ын удирдлагууд долоо хоног бүрийн баасан гаригийн морин цаг буюу 11.40-13.40 цагт сэтгүүлчидтэй тогтмол уулзаж байхаар болсон байна. Улс төрийн халуухан ертөнцийн элдэв үйл явдал, хөшигний цаана болоод өнгөрдөг үйл явдал, өрсөл дөөний талаар “чих шүргэсэн” мэдээллээ сэтгүүлчид нам бүрийн “Нээлттэй хаалганы өдөр”-өөр тухайн эх сурвалжаас нь тодруулж байх боломжтой болсон байх нь.
С.УУЛ
“Өнөөдөр сонин”
URL: