Засгийн газар 50 тэр бумынхаа зориулалтыг тайлбарлаж чадсангүй

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг хэлэлцэж, Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хууль санаачлагчдад буцаалаа.

 

Байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХын тогтоолын төсөл зэргийг бусад холбогдох хуулийн хамт хэлэлцсэн юм.

 

Энэ үеэр Сангийн сайд Ч.Улааны гаргасан “Зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас анхны хэлэлцүүлгээр нь баталъя” гэсэн горимын саналыг гишүүдийн олонхи дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Дараа нь Засгийн газраас шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлэх гэсэн ерөнхий агуулгын дор төсөвт тусгах зорилго бүхий Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэхүү хуулийн төсөл гишүүдийн шүүмжлэлтэй тулгарч, Засгийн газар дэндүү даварч байна гэсэн байр суурийг ихэнх нь илэрхийллээ.

Сангийн сайд Ч.Улаан хуулийг төслийг танилцуулахдаа олигтой тайлбар хэлээгүй учраас шүүмжлэлд өртсөн хэрэг. Гишүүдийн хардалт, сэрдэлт ч байгаа нь ажиглагдав. Шинэчлэлийн Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтийг хийх явцад амьдралаас урган гарсан, урьдчилсан тооцож төлөвлөх боломжгүй үйл явдлаас үүдэлтэй бэрхшээл, саад учирч болзошгүй. Эдгээрийг шийдвэрлэхэд шуурхай, шийдэмгий үйл ажиллагаа, зохих хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байна гэдгээр шалтаглаж уг саналыг оруулж байгаа аж.

Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц хөрөнгийг тухайн жилийн төсвийн хөрөнгө оруулалтын таван хувь хүртэлх хэмжээгэээр тусгаж болно гэсэн агуулгатай энэ заалтыг шинээр нэмж оруулсан нь эхнээсээ эсэргүүцэлтэй тулгарч, Сангийн сайд Ч.Улааныг асуултаар дарж сандаргаж орхив. Гишүүд асуулт асуух үеэр С.Ганбаатар гишүүн Сангийн сайдын танилцуулгад шүүмжлэлтэй хандаж “Төсөв бол УИХ-ын бүрэн эрх. Уг хуулийн 11.11- т “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтооно” гэж заасан. УИХ-ын бүрэн эрхэд Засгийн газар дэндүү их халдаж байна. Засгийн газарт юуны тухай зураг зурахыг нь УИХ зааж өгдөг.

Харин яаж зурахаа Засгийн газар шийддэг байх ёстой” хэмээн хэлж, гишүүдтэй ярилцаагүй байж асуудлыг оруулж ирснийх нь учрыг асуув. Ч.Улаан сайд УИХ-аараа хэлэлцүүлэх гэж санал оруулж ирж байгаа юм гэсэн тайлбар хийж, “Нэгэнт мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гээд УИХ батлаад өгчихсөн. Үүний дагуу ажиллаж байгаа. Тиймээс шуурхай зохицуулалтын механизмтай байх нь ажлын эрх ашигт нийцэх юм болов уу гэж бид энэ саналыг оруулж байна” гэлээ.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Бид байнгын хороонд санал өгөх эрхгүй гараа хумхиад сууж байгаа. Та нарын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, баталж байгаа хуулиуд парадаар л яваад байх юм. Төсвийг хэлэлцэх эрх УИХ-д бий. Гэтэл зориулалт нь тодорхойгүй хэдэн арван тэрбум төгрөгөөр нь тусгаж байдаг.

Төсвийн таван хувийг Засгийн газар Ерөнхий сайдын мэдэлд үлдээхээр оруулж ирж болохгүй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн нэг намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, намдаа таалагдсан орон нутагт хөрөнгө оруулалт хийх гэж Ерөнхий сайдын эрх мэдэлд мөнгө үлдээж байна хэмээн болгоомжилж байгаагаа ч нуусангүй. Харин Ч.Улаан “Засгийн газар цаг хугацаатай уралдаж шуурхай ажиллахаас өөр аргагүй.

 

Ажлын шуурхай механизм байх ёстой. Хөрөнгө оруулалтын таван хувьтай тэнцэх сангийн эрх авч, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлье гэж байгаа юм. Бид улсын төсөвт тусгай зориулалтын 29 санг үнийн дүнгээр баталсан. Энэ нь төсвийн орлогын 30 хувьтай тэнцүү хэмжээний орлогыг тусгай зориулалтын сангаар өгч байгаа практик байгаа” гэж хэлсэн нь Сангийн сайдыг тусгай зориулалтын сангийн талаар буруу ойлголттой явна гэсэн бодлыг Ж.Эрдэнэбат гишүүнд төрүүлсэн бололтой.

Ж.Эрдэнэбат гишүүн түүнд энэ талаар тайлбарлаж, хоёр өөр ойлголтыг хольж хутгахгүй байхыг санууллаа. Төсөвт суусан 50 тэрбум төгрөг тусгай зориулалтын сангаас тэс өөр зүйл гэдгийг ч хэлж байв. Тэрбээр “Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр өмнө нь яригдаж байсан 50 тэрбум төгрөгийн асуудлыг оруулах гэж хүчилж байна” гэлээ.

 

Түүнчлэн 2013 оны төсвийн тухай хууль бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль. Заавал төсвийн тухай хуулийн дотор нь тусдаа сан байгуулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж яриад байгааг ойлгохгүй байна гэдгээ хэлсэн. Тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн таван хувь гэгдэж буй 75 тэрбумыг төсөвт тусгах эсэхийг асуугаад хэрэв төсөвт тусгахгүй, бидэнд нөөц байгаа гэж үзэж байгаа бол тухайн нөөцөө төсөвт оруул гэсэн юм.

Ийнхүү гишүүд асуултаа асууж, хариулт авсны дараа санал хэллээ. Ингээд Р.Амаржаргал гишүүн уг хуулийн төслийг цаг үеэ олоогүй, дэмий зүйл гэж үзэв. Энэ үеэр нэлээд тодорхой асуудлыг сөхөж тавив. Тухайлбал, Үндсэн хуулиар тодорхой заасан УИХ-ын эрх мэдлийг Засгийн газар “Эрхийг чинь булааж авлаа шүү” гэж хэлж байгаатай яг адилхан болчихлоо. Аргачиллын хувьд хэрхэн тооцох нь ойлгомжгүй байна.

 

Хэрэв таван хувь нь хөрөнгө оруулалт юм бол өргөн барьсан дүн дээрээ таван хувийг тооцож оруулах ёстой. Үүнийг улстөрийн ямар нэгэн учир шалтгаанаар зүтгүүлж байна гэсэн ойлголттой байгаа учраас дэмжихгүй гэв. Харин С.Ганбаатар гишүүн энэхүү таван хувийг хэлэлцэх асуудлаас хасуулах санал тавьсан.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нэгэнт батлаад гаргачихсан хуулиа мөрдөх ёстой. Түүнээс өөрсдийнхөө хийж байгаа ажилд тааруулж хууль өөрчилж болохгүйг сануулав. Байнгын хорооны дарга ч төсөвт суусан 50 тэрбумыг ямар арга хэмжээнд хэрхэн зарцуулахыг тодорхой зааж, УИХ бодлогоо гаргаж өгнө. Энэ бодлогын ажлаа хий гэдгийг анхаарууллаа.

 

Төсөвт заагдаагүй хөрөнгө оруулалтын асуудал байж болохгүй. Таван тэрбум ам.долларын бонд гаргах эрхийг гаргаж өгөөд байхад Засгийн газар даварч байна. Үүгээрээ хөгжлийн банкаар дамжуулж шинэчлэлийнхээ ажлыг хий. Гурав, дөрвөн их наяд төгрөгөөр хэмжигдэх бондоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр байтугайг хэрэгжүүлэх мөнгө гэдгийг онцолсон. Ийнхүү хуулийн төслийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулсан ч гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Ингээд нийт гишүүдийн олонхи дэмжээгүй тул Засгийн газарт буцаахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: “Монголын Үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих