Буйдан дээр “жагсагчдыг” торгохоор болов
Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар “Хууль, УИХ-ын тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Хэлэлцүүлэг хэвийн үргэлжилж, гишүүдээс асуулт асуух, санал хэлэх хүн төдийлөн байсангүй. Гэтэл УИХ-ын гишүүн Р.Бурмаа асуудал дэгдээсэн нь нэлээд шуугиан болсон юм. Учир нь тэрээр өнгөрөгч пүрэв, баасан гаригт болсон МАН-ынхны жагсаал, цуглааны талаар хөндөв. Түүний хэлснээр пүрэв гаригт Төрийн ордон руу нэвтрэх гэтэл жагсагчид оруулаагүй байна. Улмаар биед нь халдаж, цохижээ. Гэтэл Төрийн ордны хамгаалагчид ямар нэг үйлдэл хийхгүй харж зогссон нь гишүүний дургүйг хүргэжээ. Тиймээс Р.Бурмаа гишүүн тэдгээр хамгаалагчдыг ямар үүрэгтэй болох, УИХ-ын гишүүний дархан эрхийн талаар ярьснаар асуудал дэгдсэн юм. Тиймээс ч байнгын хорооны дарга Р.Бурмаа УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Г.Лхагвасүрэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын хуулийн зөвлөх, хошууч н.Тогтохням нарыг дуудан, тайлбар авсан.
Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Г.Лхагвасүрэнгийн хэлснээр Төрийн ордонд дотуур, гадуур хамгаалалт байдаг байна. Төрийн ордны хамгаалалтын бүс хашаагаар хязгаарлагддаг. Хашаан дотор байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг Төрийн ордны хамгаалалтын алба хангадаг. Харин хашааны гаднахыг цагдаагийн байгууллага хариуцдаг юм гэв. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, төрийн зарим албан хаагчийг төрийн тусгай хамгаалалтаар хамгаалдаг. Харин УИХ-ын жирийн гишүүдийг биечлэн хамгаалах хуулийн заалт, зохицуулалт байхгүй гэдгийг нэмж хэллээ.
Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд жагсаал болсон өдрүүдэд хамгаалалтын алба сайн ажиллаагүйг шүүмжилсэн. Төрийн ордны тухай хуулийг зөрчсөн тохиолдолд торгох арга хэмжээ авдаг. Мөн УИХ дахь МАН-ын харьяалалтай гишүүд ордны хамгаалалтын бүс болох ордон дотор суулт хийж чуулганы танхимыг хаасан нь торгууль хүлээх зөрчил мөн гэж байлаа. Гэтэл үүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт уг суулт нь гишүүдийг яллах, торгоход хүргэх асуудал биш гэсэн байр сууриа ч илэрхийлсэн.
Харин УИХ-ын гишүүн Д.Батцогт АНАТХ-ын жагсаал, Ардын намын жагсаал хоёрт өөр өөр хандах ёсгүй. АНАТХ-ын жагсаалыг Сүхбаатарын талбайн тугтай хэсгээс хойш гаргадаггүй байсан, Ардын намын жагсагчид тугнаас хойш гарч жагссан гэж байв.
Хурандаа Г.Лхагвасүрэн “Пүрэв гаригийн жагсаал нь Төрийн ордны үйл ажиллагааг хаасан буруу үйлдэл байсан. Жагсагчид хамгаалалтын бүс рүү ороогүй ч бүсийн үйл ажиллагааг хязгаарласан” гэсэн бол хошууч н.Тогтохням “ЦЕГ-ын даргад хүсэлт хүргүүлсэн. Шуурхай штабтай байнгын холбоотой байж гишүүд ийм байдалд байна, хэв журмын эргүүл явуулаарай гэж хэлсэн” хэмээлээ. Байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “УИХ-ын гишүүд хууль зөрчвөл арга хэмжээ авах ёстой. МАН-ын гишүүд УИХ-ын даргын өрөө рүү дайрч орсон, чуулганы танхимын өмнө пикет хийж хаалга дарсан. Хоёр гишүүн зодолдсон гэх мэт асуудлыг зохицуулах ёстой хамгаалалтынхан ажлаа сайн хийх ёстой” гэлээ. Тэрбээр уг асуудлаар ажлын хэсэг гаргах санал хэлсэн ч УИХ-ын дарга З.Энхболд “Ажлын хэсэг гаргаад байх шаардлагагүй. Сэтгүүлчид эдгээр үйлдлийг фотожуулж баримтжуулсан болохоор баримттай, бодитой асуудал” гэж байв. Ийнхүү буйдан дээр “жагссан” гишүүдийг Төрийн ордны эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу 250 мянган төгрөгөөс эхэлж торгох, хамгаалалтын албаны удирдлагыг энэ мэт ажлаа тааруу хийвэл халахыг анхааруулснаар хуралдаан өндөрлөсөн юм.
Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржоос дараахь тодруулгыг авлаа.
-МАН-ынхан ямар, ямар хуулийн заалт зөрчсөнийг тодруулахгүй юу?
-Үйл явдлын үеэр хамгийн их зөрчигдсөн зүйл бол Төрийн ордны тухай хууль юм. Уг хуулийн 11.1.4 “Төрийн ордонд түүний нутаг дэвсгэр дээр жагсаал, цуглаан суулт хийх зэргээр шаардлага илэрхийлэх хориотой ” гэсэн байдаг.
-Тэгвэл МАН-ын гишүүд ямар хариуцлага хүлээх вэ?
-Төрийн ордны тухай хуулийн 13.1.4-т заасныг зөрчиж, Төрийн ордны ойролцоо жагсаал цуглаан, суулт хийх, шаардлага илэрхийлэхдээ хууль зөрчсөн бол иргэнийг 20-50 мянга, албан хаагчийг 20-60 мянга, байгууллагыг 20-250 мянган төгрөгөөр тус тус торгоно гэсэн заалт бий.
-МАН-ынхан чуулганы хуралдаанд оролцоод эхэлчихсэн. Гэхдээ тэднийг дээрх хуулийн дагуу торгосон уу. Магадгүй цалингаас нь суутгах гэх мэт торгууль байж болох?
-Сайн хэлж мэдэхгүй байна.
УИХ-ын Тамгын газрын дарга ийн тайлбар өглөө. Торгуулийн шийтгэл хүлээлгэх тухай дээрх хуулийн заалтын тухайд хэдийгээр “…торгоно” хэмээн заасан байгаа ч хэзээ, хэн, хэдийд, ямар байдлаар торгох вэ гэдэг хуулийн нарийвчилсан заалт байдаггүй юм байна.
Г.ТЭНГЭР
“Өдрийн сонин”
URL: