“Аргагүй амрагууд”-тай олны танил эрчүүд

Монголчууд нууц амрагийг “аргагүй амраг” хэмээн ардын дуундаа “мөнхөлсөн”. Сайхны төлөө харц буруугүй гэгчээр сэтгэл зүрхнийхээ дуудлагаар учирч, хувь тавилангаа холбохоос өөрцгүй болсон эрхмүүд цөөнгүй байдаг. Түүнчлэн, “ховсчин” Хүрэлбаатар, Дархан аварга Х.Баянмөнх нараас эхлээд “хоёр эхнэртэй байх хууль баталъя” гэх олны танил эрхмүүд олон бий. Гэвч бодит амьдрал дээр хоёр байтугай гурван эхнэр зэрэгцүүлээд “давхиж” буй нэр нөлөө бүхий улс төр, бизнесийн эрхмүүд цөөнгүй байдаг.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

УИХ-ыг гишүүн Д.Дэмбэрэл Ховд аймгийн уугуул, эдийн засагч мэргэжилтэй нэгэн. Тэрээр ажил амьдралын гараагаа төрөлх аймгаасаа эхэлсэн бөгөөд амьдралын ханиа ч тэндээс сонгосон нь Долгорсүрэн хэмээх бүсгүй бий. Тэрбээр Ховд аймгийн Соёлын төвийн бүжигчнээр ажиллаж, урлагийн тайзнаа од болон гялалзаж явсан залуу халуун насандаа эрхэм спикертэй амьдрал хувь заяа холбож дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд урлагийн мэдрэмжтэй, залуу сэтгэлгээтэй нэгэн байдаг. Өдгөө нас дээр гарсан ч гоо сайхандаа ихэд анхаарлаа тавин, сормуус хүртэл хийлгэчихдэг дэгжин хатагтай залуу наснаас шүлэг, яруу найраг тэрлэдэг байсан бөгөөд бие даасан ном хүртэл гаргаж амжсан нэгэн. Шүлгийнх нь сэдэв ихэнхдээ хайр дурлал, залуу халуун насандаа ханьдаа өгсөн онгон, ариун сэтгэлийн тухай байдгаас хүүхдүүддээ зэмлүүлэхэд хүргэсэн удаатай хэмээн манай зарим хэвлэлүүд бичиж байлаа. Ямартаа ч 50 орчим жил ханилахдаа эр нөхрийнхөө талаар ганц үг газар унагаж үзээгүй хатагтай Долгорсүрэн хатагтай хүнийхээ хувьд хатуу хувь зохиолыг хатан ухаанаар туулж яваа нэгэн хэмээн ойр дотныхондоо үнэлэгддэг. Гаднаас нь харахад төлөв түвшин, гүдэс гүндүүгүй харагддаг ноён спикер хоёр дахь амьдралаа зохиогоод багагүй хугацаа өнгөрч байна. Залуу гэргий нь эрхэм гишүүнд хоёр дахь хүүхдийг нь төрүүлсэн тухай нэг хэсэг шуугиан тарьж байсан.  Түүний “залуухан” гэргийг Б.Бямбатогтох гэдэг. Тэдний дурлалын паян их сонирхолтой. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн дотны найз н.Батмөнх өөд болохдоо охиноо даатгаж, захиж үлдээсэн гэдэг. Гэвч эрхэм гишүүн сайн найзынхаа охиныг нь гэргийгээ болгож авсан юм гэнэ лээ. Хатагтай Бямбатогтох өдгөө эрхэм гишүүнд хоёр хүүхэд төрүүлж өгсөн байна. Харин эрхэм гишүүн залуу гэргийдээ Нүхтэд гурван давхар тансаг харш бариулж, хариу барьжээ.

“Брой Хаус”-ын эзэн С.Отгонбаатар

Германд боловсрол эзэмшиж, герман шар айргийг Монголд экспортоор оруулж ирэн өөрийн Хаан Брой хэмээх уушийн газрын сүлжээ байгуулж байсан нууцлаг нэгэн ноёныг бизнес, улс төрийн хүрээнийхэн Огоо хэмээн хүндэлдэг ажээ. Тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд ухаан орсон уу, ухаан суусан уу бүү мэд “Монгол -999″ нэгдлийг байгуулж, улс төрд сүүлийн үед нэлээд хүчтэй дуугарах болсон, чинээлэг эр. Түүний албан ёсны гэргий Чимгээ гэдэг бөгөөд хоёр охин төрүүлж өгсөн. Харин албан бус гэргий нь нэг хүү төрүүлж өгсөнийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хамгийн сонирхолтой хуримаа хийгээд олон жил болсон ч хүүхэд төрүүлэхгүй байсан гэргий нь дараагийн бүсгүйтэй зэрэг шахуу жирэмсэлж, сарын зайтай амаржсан гэж ойр дотныхон нь ярьдаг.

Ямартаа ч Брой Хаусын эзэн С.Отгонбаатар нас хэвийсэн хойноо хоёр бүсгүйг зэрэг жирэмслүүлж чадсан “зангарагтай” эр.

Даян аварга А.Сүхбат

1990-ээд оны сүүлээр Бөхийн хорхойтнуудыг суудал дээр нь өндөлзүүлсэн хурц барилдаантай залуу бөх гарч ирсэн нь ирээдүйн Даян аварга А.Сүхбат байв. Түүнийг Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр ирснээс хойш үзэгчдийн суудал битүүрч, чухам л Монгол бөхийн өргөөг нураах шахам хашгирч, алгаа хорстол ташдаг байсан цаг саяхан. Түүний анхны гэргий Б.Баясгалангаас салсан нь аль эртнийх бөгөөд гэр бүлийнхээ талаар ганц ч үг унагадаггүй Б.Баясгалан хатагтай ам чангатай нэгэн. Харин тэдний харьцааны тахлаар хашир аварга Х.Баянмөнх бас л сул үг унагаагүй бол Баянаа аваргын хүү Б.Гантогтох гарьд эр хүний тэдний үнэн байдлыг илчилсэн часхийсэн үг хэлж байсныг уншигчид мартаагүй байх. Харин А.Сүхбат аваргын хувьд хувийн амьдралынхаа талаар тэр болгон дэлгээд байдаггүй ч аваргын хувийн амьдрал “нууцлалаа” амархан алддаг гэхэд хилсдэхгүй. А.Сүхбат аварга Б.Баясгалан нар гурван хүүхэдтэй. Бага хүүхэд нь нь өдгөө 14 настай гэхээр аваргын хүүхдүүд удахгүй эрийн цээнд хүрч айл гэрийн эзэн, ноён нуруу болох нь гарцаагүй. Аваргын удаах эхнэр Содоо. А.Сүхбат аварга Х.Баянмөнх аваргын охин, анхны гэргий Б.Баясгалангаас салсныхаа дараахан МУГЖ, дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо гэх бүсгүйтэй амьдрах болсон. Аваргын нүдэнд торсон Содоо бүсгүй Баянхонгор аймгийн Аюуш хэмээх хүчит арслангийн ач охин гэдэг. Содоо бүсгүй нуруу туруу, царай зүсээрээ хэнийг ч дагуулахааргүй нэгэн. Эрүүл, цагаан хооллолтоос эхлээд аваргын амьдралын хэвшлийг орвонгоор нь өөрчилж чадсан ч сэтгэлийг нь өөричлж чадаагүй аж. Содоо бүсгүй Даян аваргад хоёр хүү төрүүлж өгсөн боловч аваргыг хажуудаа “аргамжиж” чадаагүй ч аваргын анхны гэргий Баясгалантай дотносож амжсан сэргэлэн бүсгүй. Тийм ч учраас хоёр дахь хүүгээ төрүүлэхэд нь Даян аваргын анхны гэргий Баясгалан эргэж очсон гэдэг. Аваргын залуу гэргий Гармаа. Харин энэ удаа Даян аварга маань 18 настай оюутан бүсгүйг ээлжит амрагаараа сонгожээ. Тэрээр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцдаг Н.Гарамханд гэх бүсгүйтэй дотносож Гармаа бүсгүй ч аваргын хүүхдийг төрүүлэхээр зэхэж байгаа гэх. Даян аварга маань бүсгүйнхээ гэр бүлийнхэнтэй танилцаж амжсан төдийгүй шинэхэн хадам аав, нялх амраг хоёртоо яг адилхан маркийн машиныг хослуулан авч өгсөн гэдэг. Н.Гарамханд бүсгүй сурахаас гадна “Тайхар” фитнесс клубийн аэробикийн багшаар ажиллаж олон танилуудтай болсон нь аваргатай танилцах суурь нь болсон гэдэг.

“АПУ”-гийн дэд захирал Л.Батжав

“АПУ”-гийн дэд захирал Л.Батжав, топ модель Э.Одгэрэл нар “домог болсон аргагүй амрагууд”. Улиг болтлоо сонин хэвлэлээр бичигдсээр байгаад тэдний харилцаа одоо нэгэнт гайхаад байх зүйлгүй болжээ. Үнэ цэнэтэй бүхнээ “Манай Батжав авчирч өгсөн” хэмээн наалинхайтдаг топ модель Э.Одгэрэл хэзээнээс энэ харилцаагаа бусдаас тэгтлээ нуухыг хүсдэггүй байсан гэдэг.  “АПУ”-гийн дэд захирал, Монгол архитекторуудын холбооны ерөнхийлөгч ноён Л.Батжав Монголын зартай жентельмэн эрчүүдийн жагсаалтыг тэргүүлдэг нэгэн. Хэзээ ч хэвлэлд ам нээж, хувийн амьдралаа дэлгэж байгаагүй энэ нууц ноёнтон дэлхийд алдартай брэнд хэрэглэдэг хувцаслалт, хэрэглээний соёл, уран зураг, сонгодог урлаг сонирхдог эрхэмсэг таашаалаараа дээдсийн хүрээний олон эрчүүдэд үлгэр дуурайл болсоор ирсэн. Хааяахан уран зургийн үзэсгэлэн, дээдсийн тусгай хүлээн авалтад залардаг түүний талаар мэдээлэл тун ч ховор. Том хүү “Люмино” Баажий нь эцгээсээ тэс хөндлөн “давхиж” хөнгөн хөгжмийн урлагт тэр дундаа хип хоп урлагт хүч үзэж, эцгийнхээ нэрийг гайгүй сайн гаргасныг уншигчид маань андахгүй байх аа. Ноён Л.Батжавд хоёр хүү нь төрүүлж өгсөн гэрийг н.Хишгээ нь хэнээс ч дутахгүй царайлаг, нуруулаг, эрхэмсэг бүсгүй байдаг.  н.Хишгээд эмэгтэй хүнд байх ёстой эрхэм шинж чанарыг өөртөө шингээсэн хатагтай хэмээн ойр дотныхон нь ам сайтай байдаг. Эмч мэргэжилтэй хатагтай н.Хишгээ насаараа шахуу 1-р эмнэлгийн хоёр давхарт шинжилгээний хувийн лабаротори ажиллуулж байсан бөгөөд сүүлийн үед дөрвөн замын “Гранд плаза”-д Баажийнхаа эхнэр, том бэртэйгээ хамтран кофе шоп ажиллуулах болжээ. Эр нөхөр нь төдийгөөс өдий хүртэл Монголдоо зартай топ модель бүсгүйтэй амраглаж, ил, далд харилцсаар ирэхэд ганц үг ганхийлгэж байгаагүй хатан тэвчээртэй энэ бүсгүйг зарим нь нөхөртэйгээ хөтлөлцсөөр топ модель бүсгүйн гэрээс гарч явдаг хэмээн шивэр авир хийх нь бий. Ёстой л сайхны өмнө харц буруугүй гэгчтэй эвлэрсэн үү, Монголын хамгийн сайхан бүсгүйд сэтгэл алдарсан эр нөхрөө хатагтай н.Хишгээ буруутгах нь бүү хэл хир халдаадаггүй байна.

Ерөнхий сайд асан С.Баяр

Монгол Улсын Ерөнхий сайдын албанд зүтгэж, УИХ-д нэлээд хэдэн жил суусан С.Баярыг хүмүүс яггүй улс төрч гэдэг. Харин энэ удаагийн сонгуульд тэрбээр өөрийн хүсэлтээр өрсөлдөхөөс татгалзсан. Учир юунд гэдгийг сонирхох хүн олон ч яг таг баттай мэдээлэл байхгүй байгаа. Зарим хүн түүнийг ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр өөрийгөө “нөөж байгаа” гэж ярих юм билээ. Мөн зарим нь түүнийг ар гэрийнхээ амьдралд анхаарлаа хандуулаад улстөр хийх завгүй яваа ч гэх. МУ-ын Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн С. Баярын анхны эхнэрийг О. Гэрэлтуяа, гэдэг бол удаах эхнэрийг нь Х.Хулан гэдэг.

Удаах эхнэрээ УИХ-аас сонгож байсан эрхэм түшээгийн 2 дахь амьдрал бүтэлгүйтсэнээс хойш нэг хэсэг “гоонь” эрийн амьдралыг сонгож өнөөдрийг хүрсэн. Гэвч тэрээр сүүлийн үед “гоонь эр”-ийн амьдралаасаа салсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Түүний залуу эхнэр н.Ариунсувд гэдэг бөгөөд тун удахгүй С.Баярт “хэнз” үрийн зулай үнэрлүүлэх гэж байгаа билээ. Ерөнхий сайд асан С.Баяр ч шинэхэн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд тун удахгүй нуган үрээ хүлээж авах гээд хөл нь газар хүрэхгүй баяртай байгаа сурагтай. Тэрбээр залуу гэргийгээ төртөл АНУ-д байх бөгөөд түүний дараа л улс төрийн амьдрал руу “өнгийх” төлөвлөгөөтэй байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна.

“Буян”-гийн Б.Жаргалсайхан

Хэзээ ч тэргүүн гудайж амьдрах ёсгүй эр хүн гэж байдаг бол “Буян” тодотголтой Б.Жаргалсайхан. Б.Жаргалсайханы анхны гэргий Б.Энхтогтох нь өндөр боловсролтой, дизайне мэргэжилтэй чамбай “Буян” компаний бүхий л загвар дизайн, байгууллагын ерөнхий өнгө төрхийг нуруу дээрээ үүрч ирсэн хатагтай. Туйлын даруу төлөв, эгэл жирийн энэ бүсгүйн хатуу, чамбай зан ихэмсэг, онгиргон ч гэмээр нөхрийг нь хаашаа ч хөдөлгөхгүй барьж яваа нууц хэмээн ойр дотныхон нь тодорхойлдог. Харин  дараагийн гэргий нь н.Сэлэнгээ хэмээх бүсгүй байдаг. Анхны гэргийг нь бодвол ил шулуун, цагаан цайлган зантай, түс тас яриатай цэвэрхэн бүсгүй байдаг. Эр нөхрийнхөө компанийн ажилд төдийлөн оролцоод байдаггүй энэ бүсгүй Б.Жаргалсайханд ханийн халамж, хайр юуг харамгүй бэлэглэдэг, тийм ч болоод тэр үү, эрхэм бизнесмэн эднийдээ ихэвчлэн тухалж амьдардаг байна. Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Монголд айлчилж, манай томчуудыг миссүүдтэй нь хуйлруулсан зуны тэр өдрүүдэд ноён Б.Жаргалсайхан энэ гэргийгээ анх удаагаа олны өмнө ил гаргаж байсан билээ. Өөрийнх нь хэлсэнчлэн аль сайхан ааштайгийнх нь гэрт очиж хоног төөрүүлдэг хэмээн хошигнон ярьж байсан хоёр гэргийнхээ халамж хайранд чамгүй олон жил өлгийдүүлсэн жентельмэнийн зургаа дахь буюу отгон хүүхдийг залуу дуучин П.Өнөржаргал хэмээх бүсгүй төрүүлээд байгаа. Угийн урлаг тэр дундаа рок поп орчин үеийн урлагт тунчиг элэгтэй, поп хатагтай Б.Сарантуяагийн үеэс Монголын хөнгөн хөгжмийн урлагийг үнэнчээр дэмжиж ирсэн ноён Б.Жаргалсайхан амьд хөгжмийн “Эволюшн” хамтлагийг компанийнхаа дэргэд байгуулж, байсан. “Эволюшн” хамтлаг “ABBA”-гийн дууг дуулдаг байсан билээ. Харин хамтлаг тарсны дараа тус хамтлагийн гишүүн залуу дуучин П.Өнөржаргал Б.Жаргалсайханы “нуган үр”-ийг төрүүлж, машин тэрэг, байр сууцаар тэтгүүлэн тав тухтай амьдарч буй билээ. Урлагт хайртай, авьяасыг хүндэлдэг хувь хүнийх нь араншин дийлж ноён Б.Жаргалсайхан, П.Өнөржаргал бүсгүйн гайхалтай чадалтай хоолойнд сэтгэл татагдсан биз ээ.

МУГЖ  Л.Баттулга

Аглуу буюу МУГЖ Л.Баттулга. “Х-ТҮЦ” продакшны урдаа барих чадалтай, авьяастай жүжигчдийн нэг. Түүний хувийн амьдрал нь бас л  ээдрээтэй. Анхны эхнэрээ нялх биетэй байхад нь орхиж явсан тэрээр одоогийн гэргий Н.Оюунчимэгтэй үүсгэсэн хайрын романсаа лавшруулж, хамтран амьдарч байгаа. Жүжигчин Аглуугийн тухайд анхны эхнэр В.Уянгаасаа гурав, одоогийн эхнэр Н.Оюунчимэгээс хоёр, харин 6 дахь хүүхэд нь Дорнодод байдаг аж. Анхны гэргий В.Уянгатайгаа суухаас өмнө дотно харилцаатай байсан  Дорнод нутгийн бүсгүй түүнд хүү төрүүлж өгсөн бөгөөд өдгөө 17 настай том эр байдаг байна. Тиймдээ ч жүжигчин Аглуу зургаан хүүхэдтэй баян аав хэмээн бахархдаг нь аргагүй.

УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат

Хэдийгээр тухайлан хувийн бизнес эрхэлж байгаагүй ч ноён О.Чулуунбат бэлтэй бизнесмэнүүдээс дутахгүй хөрөнгөтэй эр. Түүн шиг Төв банкийг олон жил толгойлсон хүн үгүй. Тиймдээ ч Монгол банкаар овоглодог энэ эрхмийн хувийн амьдрал тэгтлээ нууц биш. Өөрөө ч мужик зантиай, нээлттэй сэтгэлгээтэй хүн учраас элдвийн үг хэл, нэр хочинд ач холбогдол өгч, гудийгаад байдаггүй. Түүний анхны гэргий Баасансүрэн хэмээх эгэл бүсгүй бий. Амьдралынх нь анхны хань энэ бүсгүй ноён О.Чулуунбатад хүү, охин төрүүлж өгсөн нь өдгөө хоёулаа өрх тусгаарласан. Ууган хүү Ч.Бөрдөнбат нь Очгэрэл хэмээх бүсгүйтэй хуримласан бол охин Ч.Агиймаа нь С.Жавхлангийн экс хадам “Торгоны зам”-ын Гантөмөрийнд бэр орж, хоёр хүүхэд төрүүлсэн. Дараагийн гэргий нь хатагтай Цэндмаа. Цагтаа гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж, залуу халуун насандаа гунхаж явсан цуутай сайхан хүүхэн ноён банкирт 49-нийх нь жил дээр хэнз охин төрүүлж өгөн нялхруулж байсан цаг саяхан. Ноён О.Чулуунбат “хэнз охин үр минь дахин 20 жил амьдрах үүрэг даалгавар өглөө, хайрандаа нялхарч байна” хэмээн хэвлэлээр ярьж байсан билээ. Ховор нандин хөөрөг, эртний үнэт эдлэл цуглуулах хоббитой тэрбээр гэргий Цэндмаадаа Дондогдулам хатны хөөрөг авч өгч бэл нүнжиг, сэтгэл юугаа илэрхийлж байсан ч удаатай. Хувийн цуглуулгандаа 12 хөөрөгтэй, зөвхөн нэг хөөрөгнийх нь ижил Солонгост 120 мянган ам.доллараар зарагдаж байсан гээд бодохоор бэл бэнчинг төвөггүй тодорхойлж болохуйц тэрбээр хөрөнгө орлогоо 2-3 тэрбум хэмээн тодорхойлж байсан билээ. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд ч падгүй гэдэг ч угаас хов живэнд дуртай дээдсийн хүрээнийхэн ноён Чукагийн хувьйн амьдралдаа хийсэн томоохон өөрчлөлтийн талаар ханцуй дотроо сэм шивнэлдэх болсоор удаж байна. Өдгөө тавин таван настай эрхэм гэргий Цэндмаагаасаа өрх тусгаарлаж, өөрийнхөө охиноос балчир шахуу Жимсээ хэмээх бүсгүйтэй хамт амьдраад чамгүй хугацаа өнгөрч байна. Залуу бүсгүйг нэгэн үе “Hi-Fi Records”-ын худалдагчаар ажиллаж, цэнхэр дэлгэцээр цомог сэлт танилцуулдаг байснаар нь уншигчид андахгүй сайн танина. Сүүлийн үед “Чингис хаан” банкны үүдний ресепшнээр ажиллаж байгаад ажлаасаа гарсан Жимсээ бүсгүй эрхмийн ивээлд багтах болсон нь чухамдаа аргаүй сэтгэлийнх үү, амьдралын шаарлга байсан уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

“Хас”-ын Ч.Ганхуяг

Хүний амьдралд юу ч тохиолдож болох ч, зам мөрөө бодож явахгүй бол хожим хойно гарч ирэх үр дүн нь хамгийн чухал юм даа. Уг нь банкны салбартаа гайгүй дөнгүүрт тооцогдох боловсон хүчний нэг “Хас”-ын тодотголтой эдийн засагч Ч.Ганхуяг. Гэвч харамсалтай нь түүнийг өөдөө шат ахих бүрт өнөө эхнэр хүүхдийн асуудал сөхөгдөнө. Гэхдээ зүгээр нэг хүүхэд биш хүнд өвчиндөө шаналсан хүүгээ орхисон хэмээн өрсөлдөгчид нь өөдөөс нь “нулимах “нь гэм биш зан болчихсон. Яагаад гэвэл түүний явж өнгөрсөн “мөр”. Түүний анхны эхнэр нь гэж олноо “Улаан загалмай” –н гэгддэг УИХ-ын гишүүн Л.Одончимэдийн охин  Одгэрэл. Эдүгээ урлагийн зөвлөлд давгүй алба хашдаг энэ бүсгүй хоёр дахь амьдралаа зохиож, сэтгэл хангалуун амьдарч байгаа ч, өвчтэй хүүхдийнхээ төлөө өдөр бүр шаналж явдаг Монгол бүсгүй.

Харин түүний хоёр дахь хань н.Уянга гэх бөгөөд олны хараанд байнга өртдөг. Загварынхан дундаа “хар” Уянга хэмээн нэрлэгдсэн ч хүссэн зорьсондоо хүрч банкны захирал, Монгол Улсын Сангийн сайдыг өөрийн болгож дөнгөсөн. Банкинд тиллер хийж байсан үеэсээ захирлынхаа анхаарлыг татах гэж нэлээд  хичээл зүтгэл гаргасан гэдэг. Ингээд Ч.Ганхуягийн хоёр дахь амьдралд хөл тавьсан тэрээр ёстой бод идсэн боохой шиг  хаан ч явсан хамтдаа явах болж. Тэрээр дээд зиндаанд орохын тулд хайртай байсан  Ди жи Амайг хаяж зөвхөн банкныхаа захирлыг харах болсон гэдэг.

“Жигүүр Гранд”-ын Баттөр

Бизнесийн салбарын нэр нөлөө бүхий эрхмүүдээс урлаг соёлд гар татдаггүй, тэр хирээрээ сэтгэлийн хөдөлгөөнтэй чинээлэг эр бол “Жигүүр Гранд”-ын Баттөр. Гадаад эртэй ханилсан охиныхоо хуриманд сюрприз барьж дуу зохиосноосоо хойш CD хэвлүүлтлээ айзам, шүлгийн амтанд эргэлт буцалтгүй орсон ноён Баттөрийн хөдөлмөрч, бас нинжин сэтгэлийг мэдэх хүмүүс нь шагшдаг. 15000 долларын үнэтэй тансаг төгөлдөр хуураараа нүнжгээ гайхуулан, аяз тоглосон шигээ алжаал тайлдаг түүний хайрын дуунууд бодит амьдралаас нь эхтэйг найз нөхөд нь сөхөх дуртай. “Хайрлан хайрлан дуулмаар, хүсэн хүсэн тэвэрмээр” гэж уянгалуулсаар “Жигүүр Гранд”-ын босс залуухан бүсгүйгээс шинэ хүний зулай үнэрлэсэн.

Сүүлийн үед бас бүл нэмсэн сурагтай. Харин гэргий нь хэдэн жилийн өмнө ил далд хүүхэд нөхөртөө байхгүй гэж хэвлэлээр няцаалт өгч байсан. Нийслэл хотод үзэмж нэмсэн олон шилдэг барилгууд сүндэрлүүлсэн үндэсний томоохон

бүтээн босгогч Баттөрийг салбарынхаа гавьяат цол хүртэхэд нүдээ олсон шагнал гэж хүрээнийхэн нь ам сайтай байлаа.

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат

Эдүгээ улс төрд ор мөргүй болсон “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбат гэргий Сэргэлэнтэйгээ Орост оюутан байхдаа танилцаж тэрсхэн гурван хүүгийн эцэг эх болсон. Одоогоос таван жилийн өмнө отгон охиноо өлгийдөн авсан “Эрэл”-ийн эзэн Англи руу үе үехэн гүйдэлтэй нь учиртай. Лондонд хувийн тансаг харшид тухалсан залуухан бүсгүй экс гишүүн Б.Эрдэнэбатын бяцхан өв залгамжлагчийг төрүүлж өсгөн амьдардаг. Хоёр ихрийн нэг болох энэ ноёнтоны гэргий Сэргэлэн бизнесийг нь чангахан гараар зангиддаг эршүүд бүсгүй. Монголдоо олны өмнө “Венийн вальс” бүжихээс хэтэрдэггүй хосууд гадаадад л тэврэлдэж эрх чөлөөгөөрөө нэг алхацтаадаг гэдэг. Улс төрд анх хөл тавихдаа Монголыг “Эрэл” нэрээр бүрхэх шахсан энэ ноёнтныг төрийн сүлд тийм ч удаан ивээсэнгүй. Сүүлдээ бүр хөрөнгө мөнгө завшсан нэрээр цагдаад шалгагдаж эрүү шүүлгэхдээ хүрч буй. Бизнесийнхнийг бодвол охид хүүхнүүдтэй төдий л холбогдоод байдаггүй түүний тухай халуун сенсаацийг 2000 оны сонгуулийн үеэр ЗЦГ-ын дарга асан нэгэн тарааж байлаа. Б.Эрдэнэбатыг дураа хүрэхээр Монголдоо, дургүйгээ хүрэхээр Лондонд очоод хэвтчихдэг гэж ойрынхон нь шивнэлддэг.

“Чоно” группийн ерөнхийлөгч ноён Д.Энхболд

“Бу” Жагаа тэргүүтэй зарим эрхмүүд хувийн амьдрал, хоёр гурав дахь эхнэрүүдээ тэгтлээ их нуугаад байдаггүй атал эсрэгээрээ тас нуугаад байдаггүй атал эсрэгээрээ тас нуудаг эрхмүүд бас бий. Энэ бол “Чоно” группийн ерөнхийлөгч ноён Д.Энхболд. Бидний сайн мэдэх “Мишээл экспо”, “Торго” салон, “Эмма” гоо сайхны салон, “Хөгжил хотхон”, “White House” зочид буудал, “Strings” шөнийн клуб зэрэг 17 охин компанийг дороо нэгтгэдэг “Чоно” хэмээх бизнесийн асар том эзэнт гүрэн ноён Д.Энхболдын мэдэлд байдаг бөгөөд цээжээ дэлдэж, олны өмнө ил гардаггүй жинхэнэ нууц ноёнтон. Бизнесийн гараагаа Сингапур хөрөнгө оруулагч, түншүүдтэй эхлүүлж, уул уурхайгаас авахуулаад бизнесийн бараг бүх салбарт чимээгүй ноёрхлоо тогтоож амжсан энэ нууцлаг эрхмийн хувийн амьдрал тун ч арвин баялаг намтар түүхтэй. Ахны гэргий нь Эрдэнэтуяа хэмээх багш бүсгүй байдаг бөгөөд ёстой насан багын гэнэн цагаан хайраар хамтын амьдрал зохиож, гал голомтоо асааж байсан хосууд нэг л өдөр амьдрал, хувь заяагаа хоёр тийш залж, салж одсон нь хувь тавилан байсан гэдэг. Насаараа эрдэм номын мөр хөөж, ардын хүүхдийг боловсруулах ариун үйлсэд хүчин зүтгэж яваа Эрдэнэтуяа хатагтай өдгөө ШУТИС-д тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Дундаас нь төрсөн ууган хүү Агар нь өдгөө “Мишээл экспо”-г удирдан ажиллуулдаг. Харин дараагийн гэргий “Торго” салоны захирал хатагтай Ч.Ачтуяамаа. “Чоно” группийн ерөнхийлөгчийн албан ёсны гэргийг тэрбээр торго “уйлуулж”, үндэсний тансаг, давтагдашгүй брэндээр Монгол байтугай дэлхийн оддыг сүүлийн 10 гаруй жил гоёж яваа чамбай, нямбай бүсгүй. Цагтаа чуулгыэн тайзнаа од мэт гялалзаж явсан бүжигчин бүсгүй ноён Д.Энхболдод хоёр хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд хүүхдүүд нь эцгийнхээ бизнесийн өвлөн, амжилттай түүчээлж яваа. Амьдралынх нь хоёр дахь сонголт, албан ёсны гэргийдээ нууцлаг бизнесмэн тун ч хүндэтгэлтэй ханддаг бөгөөд албан ёсны арга хэмжээнд чухамдаа Ч.Ачтуяамаа хатагтайг дагуулж явдаг.

Баян бизнесмэний албан бус гэргий, хөөрхөн Эмаа охиныг нь төрүүлсэн бүсгүй бол А.Мөнх-Ундрах. Энд тэндэхийн хүлээн авалт, дээсийн арга хэмжээнүүдэд нүд бүлтрэм гоёж, гоолиг биеийн ноо сайхнаа гайхуулдаг залуу, халуун энэ бүсгүйг манайхан “Эмма” салоны эзэгтэй гэдгээр нь андахгүй. Ноён Д.Энхболдыэ аргагүй хайрын эзэн энэ бүсгүй дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий үнэ өртөг өндөр гоо сайхны цогцо үйлчилгээ үзүүлдэг “Эмма” салоноо хайрын ургамал болсон хөөрхөн охиныхоо нэрээр Эмма хэмээн нэрлэсэн нь Д.Энхболд ноёнтон хэнз охиндоо хэр их хошуу дэвсдэг нь харагддаг гэж болно.

А.Мөнх-Ундрах бүсгүйн хувьд зах зээл судлаач мэргэжилтэй бөгөөд АНУ-ын Лос-Анжелесын “Эль Камино” коллеж, Сингапурын “Хартфорд” институтыг тус тус дүүргэсэн бүсгүй. Нэгэнтээ амжилтынхаа нууцыг “Би бусдын нүдэнд хүчирхэг харагдаж байж болох юм. Гэхдээ эмэгтэй хүн гэдэг байгалиасаа асар зөөлөн, нинжин амьтан. Би энэ бизнесийг хийх гэж нэг их зориг, булчин чадал зарцуулаагүй. Оюун ухаанаа ашигласан. Эмэгтэй хүний хүч ард нь байгаа эр хүнд нуугддаг байх. Эрчүүд ч гэсэн биднээс зөөлөн дулаан энергиэр дамжуулан эрч хүч авч байдаг” хэмээн ярьсан удаатай. Сайн нөхрийнхөө дэмжлэгээр сайн сайхан амьдарч яваагаа бахархан ярих дуртай тэрбээр аравдугаар ангиа дүүргээд хэсэг хугацаанд загвар өмсдөг байсныг хүрээнийхэн нь андахгүй. Дуртай юмандаа мөнгө хайрладаггүй, брэндээр гоёх дуртай тэрбээр эмэгтэй хүн гоё байх ёстой, сайхан амьдарч, өдөр бүр таашаал авдаг байх ёстой гэж үздэг. Хааяахан тэрбээр ойр дотныхондоо эмэгтэй хүн болж төрснийх, хурим хийж, цасан цагаан даашинз өмсч  үзэхсэн хэмээн санаашриангуй ярьдаг гэсэн. Аргагүй амрагийн сэтгэл гэдэг энэ биз ээ.

Б.ДЭЖИД


URL:

Сэтгэгдэл бичих