Хайрын Romance буюу Хатариш төслийн замхрал
2012 оны 10 сарын 20-ны хувьд Х.Энхжин, залуу дуучин Т.Номин нар удам судраа барилдуулсан учралт сайн өдөр байлаа. Гэрлэх ёслолын ажиллагаа заншил ёсоор хуримын ордноос түүчээлсэн юм. Үе үеийн залуус хойшдын амьдралын эхлэлээ залуу насны төгс сайхан дүртэйгээ мөнхжүүлдэг энэхүү танхим эерэг сайхан энергитэй. “Хайрыг хайрла”, “Амьдралд тавтай морил” зэрэг кинонд бүтээсэн туслах бөгөөд гол дүрүүд нь Т.Номинг хөгжилтэй адал явдлаас улбаалсан гэгээн сайхан хайранд умбаж буйгаар дүрсэлсэн байх нь бий. Харин энэ өдөр Т.Номингийн хувьд Х.Энхжинтэй хуримласан явдал түүнийг амьдралын гол дүр болголоо. Ингээд залуу хосын гэрлэх ёслолоос хийсэн цогц сурвалжлага бөгөөд Х.Энхжин, Т.Номин нарын хайр дурлалын түүхээс цухас дурдая.
Улаанбаатар ресторан дахь хүлээн авалтын зочид
Голчлон хар өнгийн дөрвөлжин бензнээс бүрдсэн хуримын цуваа нийслэлийнхний нүдийг эрхгүй хужирлаж байлаа. Хуримлагч хосын цайллага Улаанбаатар ресторанд болж өнгөрсөн. Үйл ажиллагаанд хоёр талын ахан дүүс, мөн олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн юм. УИХ-ын шинэхэн гишүүн Ж.Батзандан, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Бямбадорж, Номин холдингийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан гэргийн хамт, олимпийн хос медальт Н.Түвшинбаяр, “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд, МҮШН-ийн Б.Цогтгэрэл, “Авзага трейд”-ийн П.Мэндбаяр, ков Энхтүвшин, түүний эхнэр МДХ-ны гүйцэтгэх захирал Байгальмаа, Барсын Амарбаатар гэх мэт. Урлаг соёлын томоохон төлөөллүүд ч ая дуугаа өргөн, хосуудад аз жаргалыг бэлгэдсэн юм. Үйл явдлын хөтөлбөрийг зохиогчид хоёр үе шатлалтай байхаар тооцсон байна. Нэгдүгээр үеийг хөтлөгч С.Чимгээ, Д.Цоодол нар чадварлаг авч гарсан бол хоёрдугаар үе буюу хөтлөгчдийн нэрлэснээр “жижгүүдийн үе”-ийг ТВ коктейль хамтлагийн Цэнд-Аюуш, Цоомоо, Өөскө нар жинхэнэ доргио байдлаар үргэлжлүүлэн төгсгөсөн.
Зочдын сэтгэлийг “сэмрээсэн” агшнууд
Заншил ёсоор худ, ургууд бие биетэйгээ танилцах зэргээр үйл ажиллагааны эхлэл явагдсан ч дэлгэцэнд гарч буй дүрслэл, өгүүлэмжүүд зочдод тэдний хэлэх үгсийн дэлгэрэнгүйг элбэг хүргэж дөнгөсөн. Харин хосуудын ээж нартаа зориулсан богино эссэ маягийн тайлбартай зэрэгцэн, тэдэнтэй авахуулсан зургийн цомог хөврөхөд зарим хүн нулимсаа барьж дийлээгүй. Ээжтэй, ээж болсон хүн бүрт мэдрэгдэхүйц эевэргүү, үгэн ба зурган дүрслэлийн нийлмэл өгүүлэмж гал голомтоо бадрааж буй хосын ээжүүдээс гадна олон хүний сэтгэлийг сэмрээсэн юм. \Хуримын найруулгыг Х.Энхжингийн найзууд хийсэн. Сур\
Х. Энхжингийн дүү Х.Мөнхжин чамгүй авьяастай нэгэн болохоо харуулав
Харангын Лхагваа зочдод гэнэтийн сюрприз барилаа. Х.Энхжингийн дүү Х.Мөнхжинтэй хамтарч тэрээр аавын тухай дуу дуулж, бага хүүгийн авьяасыг олонд таниулав.
“Амин хайртай миний аав аа
Адууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсаан
Бага наснаас сэтгэлд хоногшсон
Баргил хоолойтой дуучин хүн байсаан”. Х.Мөнхжинг таван настай байхаас нь тэд энэхүү дууг хамтран дуулсаар иржээ. Дашрамд хэлэхэд энэ орой дурлалт бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэж, хайр сэтгэлээ илэрхийлсэн юм. Түүний найз бүсгүй тайзнаа гарч, сүйн бөгжөө зүүтлээ, тайзнаас буутлаа нулимсаа барьж дийлсэнгүй.
“Playboy” охид, “мафи” залуус
Х.Энхжингийн найзууд хөтлөгч Цоомоогийн хэлснээр Солонгос кинонд гардаг шиг “мафи” маягийн, их л “чика” дүр төрхийг бүрдүүлж, хар хослол, хар нүдний шилээр ижилсжээ. Харин нэг хэсэг өхөөрдөм дүр төрхийнхөө ачаар “Playboy” хоч мэдээллийн сайтуудаас хүртэж явсан Т.Номингийн найзууд танхил ягаан өнгийн богино даашинзаар ижилссэн нь нэн содон. Найзуудын фракци хосуудын гэрлэх ёслолын ордон дахь зургийг хоймортоо залах зориулалттайгаар бэлтгэн, бэлэглэсэн нь залуу хүмүүсийн сэтгэлгээний хурд, самбаачилга гэлтэй.
Аавын бэлэг буюу “оочер”
Манайхны хэлдгээр хурим найрын арга хэмжээнээс нэлээд “цаг хумсалдаг” нь бэлэг гардуулах. Х.Энхжингийн аав “Хүмүүс хүүхдүүддээ хотод байр авч өгдөг. Миний хувьд эсрэгээр хөдөө байр авч өгнө” гэж амлаад “Ямар ч байсан хүүдээ машиных нь түлхүүрийг өгье дөө” гэснээр мөнөөх урт удаан үйл ажиллагаа эхэлсэн юм. Т.Номин өөрт нь сургаал айлдах ахмад буурлуудаас бэлгээ хүртчихээд бага зэрэг сүрдсэн юм шиг атлаа дүрсгүйхэн инээж харагдсан. Зочдын үүсгэсэн “оочер”-т гэнэтийн шоконд орсон залуу хос дасах шиг болнолээ. Өтгөс буурлууд ерөөлийн үг айлтган, хадаг яндар тэргүүтнүүд залсан бол улс төрч, бизнесменүүд дугтуйтай мөнгө бэлэглэх нь орчин цагийн хуримуудын ерөнхий хэв шинжийг илтгэнэ.
Найрын чансааг илтгэсэн хамтлаг дуучид
Бараг “тоглолтонд” гээд хэлчихмээр үйл явдлууд ар араасаа хөвөрнө. Зочдод энэ завшаан их таатай байгаа бололтой, тайван амгаланаар урлагийн түмэн өнгийг илтгэх тайз руу уйдсан шинжгүй шимтэн харж суусан юм. Ерөөлч, магтаалч, морин хуурч Ц.Цэрэндорж гуай, Ардын жүжигчин А.Долгор, лимбийн эгшиг дэх алдарт Nino Rota аялгуу, Чингисийн Жагаа, Харангын Лхагваа, Хар сарнай Амараа, Номин талстын Дээгий, Мотив, Номин талст, A-Cool нар энэ үдшийг доргиов.
Бэр хатирав
Хөтлөгч Цоомоо “Номин буюу Мино анх удаа өөрийнхөө хуриман дээр дуулсан дуучин бүсгүй болно” гэж “тамгалсан”. Түүнийг баталгаажуулах аргагүй. Гэхдээ тэрээр Хатариш дуугаа дуулсан явдалд зочид хамгийн эмоцилог бөгөөд сониуч байдлаар хандсан юм. Номинг дуулахыг зарлахтай зэрэгцээд “хатирья” гэж уухайлсан залуус тайз руу түрнэ. Нийтлэг хэв загварыг “сэтэлсэн” энэ үйл явдал халуун дулаан уур амьсгал танхимд бэлэглэж, зочдын хүлээлт, магадгүй тааврын хариу гэдэг нь илт байлаа.
Ука Gannam style
Х.Энхжинг найзууд нь Ука гэж дууддаг. Дүү Х.Мөнхжин дуулах авьяастай гэдгээ нотлон харуулсан бол алиа марзан зантай Ука “Харин ч нэг бүжиглэж чадна шүү” гэх шиг болгож тависан юм. Найзуудынх нь нэрлэснээр “Ука gannam style” хэмээх үзэгдэл дээр Ука мэрийхээрээ мэрийн, Мино чадахаараа дэмжиж буй зураглал зочдыг ил цагаан хөгжөөв.
Хайрын Romance буюу Хатариш төслийн замхрал
Шоу ертөнц дэлхийд интертайнмент чиглэлээр ид хүчээ авч буй энэ цаг үед “Хатариш” гэдэг цомог бүтээх, эзэнгүй төсөл яригдаж байв. Энэ цомгийн эзэн байх шалгуурыг тухайн үед “Амьдралд тавтай морил” телесериалын тэг дундаас дүр бүтээх урилга хүлээн авсан Мино давсан. “Хатариш” дууг дуулах саналыг Мино хүлээн авсан боловч хэнтэй дуулуулах вэ гэдэг нь бас л асуулт хэвээр. “Хар сарнай” хамтлагийн Амараад энэ саналыг анхлан тавихад тэрээр татгалзаагүй боловч шуурхайлаагүй юм. Жижигхэн Монголд аливаа зүйлийг хийж бүтээх ярвигтай. Зүгээр л “шавилхан охинтой дуулах хэрэг байна уу, арай ч дээ” хэмээн баргилах “урт шруф” Амарааг шөвгөдсөн гэж дам ярих. Хэдийгээр морин хуурч ч гэсэн дуучин ээжийнхээ авьяасыг өвлөсөн байх магадлалтай, гэхдээ ах шигээ үглэж чадах эсэхэд эргэлзэхгүйгээр Мино нас чацуу, анд найз Амараатайгаа тохиролцсон байлаа. Ингээд оны өмнө клип нь дуусахаар төлөвлөгдсөн Хатариш дууны тухай мессежийг эртнээс хаях нь зөв гэдэг тооцоолол гарч. Төсөл удирдагч “мөрөөрөө” хийгдэж буй “Амьдралд тавтай морил” кинонд Мино “яван хатариш, өшөө хатариш” хэмээн студид аялаж буй үзэгдлийг шууд “савсан” гэдэг. Үр дүн нь хэдэн сарын дараа дууныхаа клипийг хийлгэх гээд захын нэг оёдлын салонд очиход “Мино Хатаришдаа клип хийх гэж байна уу” гэх эсгүүрчний асуулт. Авьяаслаг аранжировшик Баярхүүгийн энэхүү бүтээлийг, найруулагч Б.Чингүүн дүрсжүүлсэн. Харин ая зохиогч Ганг ийн өгүүлжээ. “Хатаришийг хүүхдүүд сонсох дуртай байна уу. Та нар тандаадахаач. Хүүхдүүд л хар хорын сэтгэлгүйгээр урлагийг чин үнэнээр дүгнэдэг юм шүү дээ”. Солонгосчууд соёл урлагаараа дэлхийг байлдан дагуулах жил гэж зарласныхаа дараа “ониго” болсон. Манайхны гоочилдгоор “охид шиг царайтай хөвгүүд”, мэс ажилбараар бүтээсэн амьд барбинууд лав дэлхийг байлдан дагуулаагүй. Харин PSY-ийн эв донж, багийг удирдан зохион байгуулах чадвар одоо бол Солонгосчуудыг анхаарлын төвд аваачаад байна. Бидэнд ч эв нэгдэл байвал монголдоо хэн нэгний улыг шагайх биш биесээ дэмжээд, сэтгэлийн сайхан урам хайрлаад явбал болохгүй, бүтэхгүй зүйл алга. Элдвийг нуршихаа түр азная. Гэхдээ энэ түүхийг тоочих зайлшгүй шаардлага байсан болоод л тэр. Хатариш дууны клип шинэ жилийн өмнөхөн телевизүүдээр цацагдаж эхэлсэн. Шинэ он гараад 2012 оны нэгдүгээр сарын нэгэнд Дархан-Уул аймагт болох шоу тоглолтонд Мино, жижиг Амараа нар урилгаар оролцсон юм. Тэдэнд Амараагийн найз гэх залуус машинаар үйлчилсэн байна. Тухайн үед тэдэнтэй явсан Ука буюу Х.Энхжин хотод ирсэн даруйдаа Мино руу мессеж илгээж эхэлсэн байна. Гуравдугаар сарын наймнаас тэдний үерхэл “баталгаажсан” байх магадлалтай гэж ойр тойрныхон нь шивнэлддэг. Харин тэдний үерхэл эрс эсэргүүцэлтэй тулгарсан юм. Хайр дурлалын асуудал байж болох хэдий ч залуу хос “Хатариш” цомгийн төслийг нураахаас сийхгүй нь тодорхой байлаа. Ингээд сөргөлдсөн хамтрагчид харьцаагаа түр таслаж, шартай, хортой Мино:
Хуулиар хайрыг хориглосон ч
Амьдралд биелэхгүй ээ
Хүмүүс, бие биедээ дурлахыг
Тайлбарлахын аргагүй ээ гэсэн ёстой л нэг “шийдсэн” үгтэй Романсе дуугаа Umbrella сэтгүүлийн Зулаатай хамтран клипжүүлсэн гэдэг. Хамтрагчдаа буюу “Ихэрбилэг” PR агентлагийнхан, тэдний үерхэлд саад болох магадлалтай бусад хүчин зүйлүүдэд өгсөн түүний хариулт Романс байлаа. Үүнийг бичиглэгч, сурвалжлагч Д.Эрдэнэсолонго миний өвөө Ардын жүжигчин, \өвлийн өвөө\ Гомбосүрэн гэж сайхан хүн байлаа. Тэрээр буриад ардын Хатариш дууг хаяа амандаа аялчихсан инээмсэглэж явдагсан. Би Мино, Амараа хоёрын Хатариш клипийг үзчихээд өвөөгийн минь тэрхүү дүр төрх нүдэнд харагдаад, дотор урагдах шиг болж билээ. Магадгүй, тийм ч учраас орчин цагийн Хатариш дуу “нүдэн дээр” хэрхэн бүтэж буйг харах, түүний эргэн тойронд болж буй сериал шиг үйл явдлууд надад онц сонирхолтой байсан байх. Хорьж болдоггүй хорин насныхаа төрсөн өдрөөр чөлөөт мэдээллийн Shuum.mn сайтын санаачлагаар Secret.mn, Uls.mn, Factnews.mn, Bolod.mn, Nuuts.mn, Inet.mn сайтуудаас мэндчилгээ хүртэж “бааварласан” анхны дуучин бол Т.Номин. Залуу хосын гэрлэх ёслол хийгээд дурлалын романсаас товч өгүүлэхэд ийм байна.
Эцэст нь хэлэхэд амьдралын үнэнтэй шууд тулдаг, аливааг зүгээр л нар гартал хийдэг, жинхэнэ эр хүн байдаг юм байна. Хосууд бал сараа Хон-Конгод өнгөрөөнө гэсэн. АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛ, Мино. Аз жаргал, эрүүл энхийг хүсье.
Д.Эрдэнэсолонго.
www.shock.mn
URL: