Гашуун сухайтын Гаальд юу болоод байна

Өмнөговь аймгийн Гашуун сухайтын хилийн боомт дахь Гаалийн газрын дарга нар шалгагдаж эхэлжээ. Гэхдээ эл шалгалтыг цагдаагийнхан бус Гаалийн ерөнхий газраас нь хийж байна.

Эх сурвалжийн хэлснээр бол Шивээхүрэнгийн гаалийн удирдлагууд компаниудаас авсан барьцаа мөнгийг буцааж олгохдоо олон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан байж магадгүй байгаа аж. Дээрх гаалийн газрын даргаар, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүн гэгддэг н.Сүхбаатар, орлогч даргаар нь Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавын ивээлд багтах н.Батгэрэл гэгч ажилладаг гэнэ.

Урд хөрш рүү нүүрс гаргадаг гол хаалга болсон энэ хилээр ихэвчлэн нүүрс тээвэрлэх түрээсийн машин орж ирдэг. Ингэхдээ машин Монголд импортлогдоогүй гэдэг үүднээс татвар төлөлгүй барьцаа мөнгийг гаалийнханд өгдөг аж. Энэ үйл ажиллагааг “Түр горим” гэж нэрлэдэг байна.

“Түр горимд” байршуулсан мөнгийг тодорхой хугацааны дараа, машин буцаж гарах үед олгодог гэнэ. Зөвхөн машин дээр ч бус, Монголд түр байрших, түрээсийн аливаа техник, бусад бараа, бүтээгдэхүүнд ийнхүү барьцаа авч буцааж олгох ажил хилийн боомтуудад хийгддэг аж.

Энэхүү “Түр горим”-оор орж ирсэн мөнгийг Гашуун сухайтын гаалийнхан хувьдаа эргэлдүүлсэн эсвэл эздэд нь буцааж олгохдоо улсад тэрбумаар тоологдох хэмжээний хохирол учруулсан байж магадгүй байгаа юм. Гэвч өөр эх сурвалж “Мөнгөний зөрүү бий ч хэн нэгэн хувьдаа завшсан зүйлгүй” гэлээ. Учир нь барьцаа мөнгийг авахдаа ам.долларт шилжүүлж авдаг байсан нь санхүүгийнхэнд ихээхэн хэмжээний мөнгөний дутагдал гаргасан мэт харагдаж байгаа гэх.

Нэг жилийн өмнө барьцаанд ирсэн мөнгийг валютад хөрвүүлж авахдаа нэг ам.долларыг 1450 төгрөгөөр бодож авсан. Харин өдгөө долларын ханш унасан. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд ашигтай. Гэхдээ мөнгөний зөрүү гаргаж улсыг хохироосон асуудал байхгүй гэж байв.

Юутай ч Гаалийн ерөнхий газар “Түр горим”-той холбоотой мөнгөний зөрүүгийн учрыг олохоор Өмнөговийн хил дээрх гаалийн газартаа шалгалт оруулаад байна. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав тэргүүтэй бусад дарга, улсын байцаагч нар салбартаа хийгдэж буй шалгалтын байдалтай танилцахаар өнөөдөр Гашуун сухайтын боомтыг зорих гэж байгаа аж.

Гаалийн удирдлагууд ийн Өмнөговийн хил дээрх Гаалийн газартаа анхаарал хандуулсан нь нэг талаар асуудлыг цагдаагийнхнаа шалгуулалгүй шийдэх, нөгөө талаас нэгэнт илэрсэн зөрчилд дарга нар чимээгүй суугаагүй гэж хожим хэлэх үгтэй байхаар ажиллаж байгаа бололтой.

Түүнээс гадна Гашуун сухайт боомт дахь Гаалийн газрын зарим байцаагч хууль бус наймаанд холбогдож эхэлсэн нь ерөнхий газрынхаа дарга нарыг цухалдуулж байгаа гэнэ.

Энэ сарын эхээр “Оюутолгой” ХХК-д цемент зөөдөг Хятад, Монголын хөрөнгө оруулалттай “MCPL” компанийн машин 10-аад чонын хөлдүү мах, 4000 гаруй тарваганы арьс, ирвэсний толгойтой арьс аччихсан хил гарах гэж байсныг илрүүлээд байгаа юм. Эл хэрэгт Гашуун сухайтын Гаалийн газрын зарим байцаагч нар холбогдон шалгагдаж байгаа мэдээлэл ч байна.

Б.Алтантуул

“Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих