За сайн уу, утаа, угаар аа…

Өнөөх л дасал болсон мэндчилгээ. Бид арав гаруй жилийн хугацаанд ингэж мэндчилсээр өнөөг хүрчээ. Утаа, угаарыг өмнө нь бид мэддэггүй байсан ч сүүлийн жилүүдэд хажууд ирээд, жишим ч үгүй хэвтэж байдаг болж. Уг нь бид дахин мэндчилэхийг хүсэхгүй байгаа. Гэхдээ алга болсонгүй. Бүр мөнгөөр зодож үзсэн ч бас л чадсангүй. Элдэв янзын уриа хашхичин дахиж харахгүйн тулд “зэвсэглэлээ” өөрчилсөн ч барсангүй. Одоо яах вэ? Бүү мэд.

Хүйтний улирал хараахан эхлээгүй байна. Гэхдээ шөнөдөө зэвэргэн хонож байгаа болохоор өглөө, оройд утааны эхний шинж тэмдгүүд ажиглагдаад эхэлчихжээ. Орой гэртээ ормогц хувцаснаас утаа ханхалж, бага зэрэг алхангуут ханиалгаж эхэлж байна. Бидний мэндчилгээ ерөнхийдөө энэ. Үүнээс болж хэн бүхний эрүүл мэнд хэрхэж байгааг даанч мэдэхгүй.

Улаанбаатар хотод жилдээ гурван цахилгаан станц 3,3 сая тонн нүүрс, 1300 гаруй нам даралтын уурын зуух 1,3 мянган тонн нүүрс, гэр хорооллын 136 мянган айл өрх нэг гаруй сая тонн нүүрс шатаадаг нь агаарын бохирдолын томоохон эх үүсвэр болдог ажээ. Дээрээс нь нийслэлийн авто машинуудын 50 гаруй хувь нь зохих хэмжээнээс илүү хорт утаа ялгаруулдаг гэсэн судалгаа гарчээ. 2002 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Улаанбаатар, Түнхэл зэрэг газруудад судалгаа хийж, агаарын бохирдлын хэмжээ, амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд энэ нь агаарын бохирдолтой шууд хамааралтайг ч нотолжээ. Одоогийн байдлаар бага насныхны дунд гарч буй нийт өвчлөлийн 93,7 хувь нь амьсгалын замын, 91 хувь нь бронхит байгаа юм.

Зөвхөн сүүлийн гурван жилийн хугацаанд урилгагүй зочин болсон утааг хөөж явуулахын тулд 3,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Чухамдаа 2007 оноос нийтдээ 8,2 тэрбум төгрөг зарцуулсан. Гэхдээ энэ өвөл хагас тэрбумаар утаатай тэмцэнэ. Бас одоогийн байдлаар шахмал түлш нийлүүлэх компаниудад өгөөд байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ бараг 800 гаруй саяд хүрчээ. Энэ бол зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны баталсан хөрөнгө оруулалт гэдгийг сануулах хэрэгтэй. Энэ хөрөнгө оруулалтаас гадна 3,2 тэрбумын хөрөнгө оруулалтаар Шарын гол болон Хялганатад үртсэн болон нүүрсэн шахмал түлшний үйлдвэрийг барилаа. Өнгөрсөн өвлийн хугацаанд 1000 гаруй тонн үртсэн, 2000 гаруй тонн нүүрсэн шахмал түлш тараасан гэх мэдээлэл бий. Гэтэл энэхүү утааг бууруулах цорын ганц арга гээд байгаа шахмал түлш нь иргэдийн шаардлагыг тэр бүр хангахгүй байгаа билээ. Илч бага, дээрээс нь үнэ их болохоор түүнийг хэрэглэх нь тэдэнд “эрсдэлтэй” сонголт болоод байгаа юм. Ядаж байхад Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн сонгогдсон хороонуудад хязгаарлалтын бүсийг тогтоож, түүхий нүүрс түлэхийг нь хориглочихсон байдаг. Чухам энэ талыг нь харгалзан “овсгоотой” наймаачид түүхий нүүрсийг хязгаарлалтын бүсэд оруулдаг бөгөөд үндсэн үнэ дээр нь хэдэн төгрөг нэмээд “хязгаарлалтын бүс”-ийн иргэдэд тогтолцоо өнгөрсөн өвөл үйлчилсэн билээ.

Шахмал түлш од болохын хэрээр түүхий нүүрс шахагдана гэж ойлгож байтал харин ч үгүй байж. Шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлсэн зарим нэг айл аль хэдийнэ дахин нүүрсээ түлээд эхэлчихэж. Шөнөдөө хөлдөж үхэхгүйн тулд тэр л дээ. Хэдийгээр шахмал түлш түүхий нүүрснээс бага зэрэг хямдхан ч илч нь тэр бүр сайн биш болохоор өөр сонголт хийхээс аргагүйд хүрч байгаа нь энэ. Мэргэжилтнүүд болохоор илч сайтайг нь магтаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд алдах юмгүй гэдгийг сануулаад, рекламдаад байдаг. Энэ жил түүхий нүүрснээс татгалзаж, шахмал түлшинд шилжих хязгаарлалтын бүс хаяагаа тэлэх учиртай. Гэтэл шахмал түлш үйлдвэрлэх хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэсэн үйлдвэр энэ жилдээ ашиглалтад орохгүй. Амьдрал дээр шахмал түлшний эрэлт байгаад байдаг.

Өнгөрөгч долдугаар сард Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос утааг бууруулах ажил ямаршуухан байгааг шалгахад “хангалтгүй” гэсэн дүн гарчээ. Нэг ёсондоо өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд цацсан арав гаруй сая төгрөг агаарт хийссэн гэсэн үг болж таарч байна. Нэгэн баримт сөхвөл шахмал түлш нийлүүлэх үүрэг бүхий цэвэр Цэвэр агаарын сангаас урьдчилгаа санхүүжилт авсан “Нако түлш” ХК, “Шарын гол-Энерго” ХХК, “Үртэс шахмал түлшний үйлдвэр” НӨҮГ зэрэг байгууллагууд гэрээнд заагдсан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Басхүү бидний авч тавиад, судалгаа гаргаад байгаа утаа хэмжих багаж нь ч ихээхэн асуудал дагуулахаар байгаа юм. Учир юу гэвэл халуун дулаан уур амьсгалтай газар зохицсон багаж болохоор тэр.

Ямар ч байсан мөнгөөр олон жил зодсон ч энэ жил бид дахиад л утаа, угаартайгаа мэндчилнэ. Хэзээ алга болохыг бид хэлж мэдэхгүй. Хэрхэхийг тэнгэр мэднэ…

Тоймч Б.БОЛОРСҮХ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих