Өнгөрсөн 30 жилд юу болоод өнгөрөв дөө.

Би жирийн л нэгэн Монгол хүн. Бусдын л адил сурч боловсорч, бусдын л адил амьдарч яваа нэгэн. Гэвч миний амьдралд нэгэн онцлог гэмээр зүйл бий. Тэр бол 1980-аад оны сүүлээр эхэлсэн өөрчлөлт шинэчлэлийн эхлэл миний насанд хүрч байх үетэй таарсан юм. Тэр утгаараа өнгөрсөн 30-аад жилд Монгол оронд явагдсан өөрчлөлт шинэчлэл, ардчилсан тогтолцоонд шилжсэн шилжилт миний нүдний өмнө, миний болон надаас хойших үеийнхний ухамсарт амьдрал дунд болж өнгөрсөн билээ. Тийм ч учраас би өнөөдрийн өндөрлөгөөс өнгөрсөн 30 жилд Монгол орны хувьд юу болоод өнгөрөв гэдгийг өөрийн ойлгоцын түвшинд бичихийг зорьсон юм.
Юуны түрүүнд энэ үед Монгол оронд “Ардчилсан хувьсгал” гарсан гэдэг ойлголтыг би хүлээн зөвшөөрдөггүй юм. Яагаад гэвэл 1980-аад оны дунд үеэс Социалист системийн хувьд эдийн засгийн болон үзэл суртлын хувьд доройтол, сульдаанд орж үүнийгээ социализмын бүх л системийн хувьд хүлээн зөвшөөрч эхэлсэн, үүнээс цаашид ямар арга замаар гарах арга замыг хайж мухардалд орсон үе байлаа. Энэ л шалтгаанаар тухайн үеийн социализмын тэргүүлэгч улс болох ЗХУ-д “Өөрчлөн байгуулалт”-ыг эхлүүлэн мухардлаас гарах арга замыг олохыг оролдож эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн Монгол улсад ч мөн өөрчлөлтийн салхи сэвэлзэж эхэлсэн боловч социалист систем болон ЗХУ-аас улс төр, аж ахуй, эдийн засгийн болон нийгмийн байгуулалтын бүх л түвшиндээ хэт хамааралтай манай орны хувьд аль ч түвшиндээ юу хийх, ямар арга замаар энэ мухардлаас гарах талаар ямар нэгэн ойлголт тун бага байсан болов уу гэмээр байдаг юм.
Ямар ч л байсан энэ бүхнийг ямар нэг арга замаар өөрчлөх, шинэчлэх ёстой болох нь тухайн үеийн ард түмэн, түүн дотроо тухайн үеийн төр засгийн удирдлага, нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөл, сэхээтнүүдийн хувьд тодорхой байлаа.
Гэвч төр засгийн удирдлагууд, тухайн үед Монгол орныг шууд удирдаж байсан МАХН-ын зүгээс энэ бүх өөрчлөлтийг хийх, эхлүүлэх улс төрийн зориг шийдвэр дутмаг, мухардалд орсон үйл ажиллагаа нь ямар нэгэн өөрчлөлт шинэчлэл хийхийг хүлээж ядсан ард түмнийг хөдөлгөөнд оруулсан гэж ойлгогддог юм. Энэ л үед тухайн үеийн арай шийдэмгий сэхээтнүүд, залуучуудын төлөөлөл нийгэмд өөрчлөлт шинэчлэл хийхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн жагсаж тэмцэж эхэлсэн билээ. Гэвч энэ нь тухайн үедээ бол шууд ардчиллын төлөөх тэмцэл байгаагүй юм. Яагаад гэвэл энэ хөдөлгөөн эхэлж байх тэр үед хэн ч шууд утгаар нь ардчиллын үзэл онол, түүний зарчмуудын талаар ярьж байгаагүй бөгөөд харин нийгэмд өөрчлөлт шинэчлэл хийх, Шинжлэх ухаан коммунизмын онол, Марксизм Ленинизмийн онолын гажуудлыг засах талаар ярьдаг байв даа. /Хэрэв үүнийг худлаа гэх хүн гарвал тэр үеийн жагсаал цуглаанууд дээр тэр үеийн “Өөрчлөлт шинэчлэлийн хөдөлгөөн”-ий удирдагчдыг хэлсэн үгийг сонсоорой доо/. Ингэж эхэлсэн ард түмний энэ хөдөлгөөнд 1990 оны үед өөрийн зорилго бий болж эхэлсэн бөгөөд энэ нь ардчилал болон ардчилсан үзэл санаа байлаа.
Ард түмний энэ хөдөлгөөнд тухайн үеийн нийгмийн зүгээс миний бодлоор бодит эсэргүүцэл бараг байгаагүй бөгөөд, гарч байсан эсэргүүцэл нь унаж байгаа дэглэмийн зөвхөн системийн хувьд өөрийгөө хамгаалан тэмцэхийг оролдсон хариу урвал буюу хэлбэр төдий тэмцэл байлаа. Харин ч энэ хөдөлгөөнийг нийгмийн байгууллын бүх л түвшиндээ ил, далд ямар нэгэн хэлбэрээр талархан дэмжиж байсан даа. Тийм ч учраас бараг л анхны шаардлагаар нам төрийн удирдах байгууллагууд нь огцроод өгөхөв дөө. Ингэж л Монгол оронд нийгмээ өөрчлөн шинэчлэх эхлэл суурь тавигдаж, бүх эрх мэдэл жинхэнэ утгаараа миний ард түмний мэдэлд орж ирсэн гэж хувьдаа үздэг юм.
Одоо бол энэ үйл явцыг янз бүрээр л бичиж ярьдаг юм билээ. Зарим нэг нь шууд л нэг системийг нөгөө системд шилжүүлсэн /социализмыг ардчилал руу/ шууд хувьсгал байсан гэж үздэг ярьдаг, зарим нэг нь энэ бол цаанаасаа зохион байгуулалттай хийгдсэн захиалгат өөрчлөлтийн үр дүн гэх үзэл ч байх юм билээ, зарим нэг нь энэ бол Монгол улсад бүх ард түмнийг хамран өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн үр дүн гэх мэт.
Харин Миний хувьд бол ямар ч хувьсгал хийгдээгүй бөгөөд харин Монгол орны улс төр, нийгмийн байгуулал, эдийн засгийг хамарсан нийгмийн зайлшгүй шаардлагаар гарч ирсэн нийгэм, улс төр, үзэл санааны өөрчлөлт ШИЛЖИЛТ байсан юм.
За харин өнгөрсөн жилүүдэд болоод өнгөрсөн энэ бүх өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд юу болоод өнгөрснийг би хувьдаа цаг хугацааны хувьд нилээд хэд хувааж үзмээр санагдаад байдаг юм.
1980 аад оны сүүл үе: Өөрчлөлт шинэчлэлийн төлөө тэмцлийн үе:
Энэ үе бол социалист систем нь өөрийн мухардлыг үзэл санаа, улс төр, эдийн засгийн системийн хувьд мэдэрсний хувьд хаа сайгүй бий болсон өөрчлөн байгуулалт /ПЕРЕСТРОЙКА/-ын уур амьсгалын үе байлаа. Чухам энэ үед бол нийгэм хаашаа явах, үзэл санаа, улс төр, эдийн засгийн хөгжлийн ямар чиг, чиглэл баримтлах, цаашид хэрхэн хөгжих, бий болсон хүндрэл, нөхцөл байдлаас ямар арга замаар яаж гарах талаар хэнд ч ямар нэгэн тууштай үзэл баримтлал байсангүй. Байсан бол энэ нь зөвхөн ганц нэг хувь хүний түвшинд л онолын хувьд л байсан байх. Харин нийгмийн хувьд, олонхи массын хувьд бол байгаагүй гэхэд болох байх. Харин тухайн үед байсан гарцаагүй нийтийн хамарсан нэгэн үзэл бодол байсан нь “Ямар нэг хэлбэрээр нийгэмд зайлшгүй өөрчлөлт эсвэл шинэчлэлт хийх хэрэгтэй” гэсэн үзэл бодол л байлаа. Энэ үзэл бодол нь л нийгмийн хувьд тухайн үеийн зайлшгүй гарц болох нийгмийг өөрчлөлт шинэчлэлт хийхэд уриалсан хөдөлгөөн тэмцэлд уриалан дуудаж, тухайн үеийн арай илүү шийдэмгий хүчин болох сэхээтэн, оюутан, уран бүтээлчид, залуучуудын төлөөлөл ард түмнийг өөрчлөлт шинэчлэлтийн төлөө уриалан дуудаж , зохион байгуулалтанд орж гарч ирэх суурь болж өгсөн юм. Энэ ч утгаараа тухайн үед юу хийх, ямар арга хэмжээ авахаа төсөөлөхгүй байсан Монголын төр засаг, МАХН-ын удирдлагууд улс төрийн зөв шийдвэр гарган огцорч, зайгаа тавин өгч өөрсдөө ч өөрчлөлт шинэчлэлийн энэ хөдөлгөөнд ямар нэгэн байдлаар уусан оролцож эхэлсэн юм. Ард түмний энэ хөдөлгөөн тэмцэл нь дотоод төр засгийн эсрэг тэмцэл байсан юм шиг боловч, түүнээс илүүтэйгээр Монгол орны хувьд үүссэн нөхцөл байдлыг ашиглан гадаадын улс орнуудын /ЗХУ/ хараат байдлаас гарах эрх чөлөө, өөрчлөлт шинэчлэлтийн төлөөх тэмцэл байсан юм шиг.
1990-1992 он. Үзэл санааны төлөөх тэмцлийн үе.
1990 онд төр засаг огцорч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр анхны чөлөөт сонгууль явагдаж түүний үндсэн Монгол улсын анхны бүрэн эрхт Улсын Их Хурал хуралдлаа. Энэ их хурлаар л цаашид ямар үзэл санаа, хөгжлийн ямар чиг хандлагыг баримтлах талаараа тал талаас нь нухацтай авч хэлэлцэн зөвшилцөлд хүрснээр Бие даасан Анхны үндсэн хуулиа Батлаж Монгол улс нь хэний ч хараат бус олон намын тогтолцоотой, Парламентын засаглалтай, Бүрэн эрхт бие даасан ардчилсан улс болохыг дэлхий нийтэд зарлан тунхагласан билээ. Харин энэ болтол тухайн үед Монгол улс ямар үзэл санаа, засаглалын ямар тогтолцоотой байх, хөгжлийн ямар чиг хандлагыг баримтлах талаар онолын болон онолын бус маш олон хувилбарууд /хэн нь юу сонссоноо л ярьж дэвшүүлж байлаа даа/ бий болж зарим нэг дэмжлэг авсан санаа нь нам байгуулах хэмжээнд хүрсэнээр янз бүрийн чиглэлийн, янз бүрийн үзэл баримтлалтай олон намууд үүсэн бий болох нөхцлийг бүрдүүлж түүнийхээ хэрээр Монголд урьд өмнө хэзээ ч байгаагүй олон намууд /МАХН, МСДН, МҮДН, МАН г.м/ бий болж олон намын тогтолцоонд шилжсэнээр өөр өөрийн үзэл бодпын талаар чөлөөтэй ярин тэмцэлдэх болсон юм. Үүний үр дүнд л ардчилсан хөгжлийн төлөөх үзэл санаа давамгайлах болж түүнийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх болсон юм. Түүнээс биш хэн нэг нь эхнээсээ тодорхой зорилготойгоор хувьсгал хийж нөгөө муу дарлагч төр засгийг унагаад л нөгөөх нь тэмцэж, тэмцэж барахаа больж ялагдаад л хувьсгал болчихсон зүйл биш л дээ. Зүгээр л хэн яах, юу хийх, хэнийг дагахаа ч мэдэхээ больчихсон энэ үед л бүх зүйл бараг л өөрийн зөнгөөрөө болсон хэрэг л юм даа.
1992-1996 он: Эрх чөлөөний төлөөх тэмцлийн үе:
1992 оноос хойш хөгжлийн шинэ үзэл баримтлалтай, засаглалын шинэ хэлбэртэй болсон ардчилсан Монгол улсад бүхнийг шинээр эхлүүлэх, улс орны хувьд тусгаар тогтнолоо баталгаажуулах, эдийн засгийн хөгжлийн үндсийг бий болгох, эдийн засаг нийгмийн хувьд гадны хараат байдлаас гарсан боловч цаашид тусгаар тогтнолоо хадгалсан шинэ бүтцийг хэрхэн бий болгох, эдийн засгийн хувьд шинэ хэлбэрийн /зах зээлийн/ эдийн засагт улс орныг хэрхэн шилжүүлэх, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засагт хэрхэн шилжих зэрэг бүхнийг хамарсан цогц бодлогын үндэс бий болсон, ардчиллын үзэл санаа түүний үндсэн болон тулгуур ойлголтуудтай бүх нийтээр /түүний дотор улс төрчид ч өөрсдөө/ танилцаж, түүнийг хүлээн зөвшөөрсөн үзэл санааны хувьслын үе байлаа. Энэ үед манай намууд түүний дотор улс төрчдийн хувьд үзэл бодол нь төлөвшсөн, улс орны хөгжлийн төлөө, цаашид баримтлах зам, замналын талаар бараг жинхэнээсээ ярьж, хэлэлцдэг, түүнийхээ төлөө тэмцдэг улс төрийн хувьд бараг “Алтан” гэмээр үе байсан юм уу даа. Мөн энэ үеийн нэг онцлог нь хүн ам эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бус болж, зөв ч бай буруу ч бай явагдсан хувьчлалын үр дүнгээр анх удаа хувьдаа хөрөнгөтэй болж, түүнийгээ хэрхэн захиран зарцуулах талаархи итгэл үнэмшил төрж хэнээс ч айлгүйгээр өөрийн хөрөнгийг өсгөхийн тулд наймаа, арилжаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж бий болж зах зээлийн эдийн засаг гээч зүйлийн үндэс суурь тавигдаж эхэлсэн үе байлаа. Мөн энэ үед төрийн мэдэлд байсан хөрөнгийг хувьчлах тухай бараг ямар ч бэлтгэлгүй шийдвэр гарч /цэнхэр, ягаан тасалбараар/ харин түүний үр шимийг хэдхэн хүн л хүртээд өнгөрсөн дөө.
1996-2000 он: Эд хөрөнгийн төлөөх тэмцэл:
Энэ л үе миний бодлоор ардчилсан Монгол улсын хөгжлийн төлөөх тэмцлийн гольдрилыг тэр чигээр нь буруу эргүүлсэн үе юм шиг санагддаг юм даа. Яагаад гэвэл энэ үед чөлөөт зах зээлийн үр шимийг буруугаар мэдэрсэн түүнийг ашиглан баяжих хөлжих арга замыг мэдэрсэн хэсэг бий болж амар хялбар, луйврын арга замаар баяжих зорилгоо хэрэгжүүлэхийн тулд эрх мэдэлд хүрэх нь зүйтэй юм байна гэсэн ойлголтод хүрснээр олон намын тогтоцоог ашиглан эрх мэдэлд хүрэх, ингэснээрээ тухайн үед байсан ард түмний бий болгосон боловч төрийн мэдэлд байсан ил баялаг болох банк, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, өмч хөрөнгийг өөрийн болгож авах өрсөлдөөн бий болсоноор Монгол улсын ардчилал үндсэн зорилгоосоо ухран, хазайж шал өөр гольдрилоор замнах зам тавигдсан билээ. Мөн энэ л үед ард түмний хөрөнгө, хүч хөдөлмөрөөр бүтээсэн баялаг болох голлох үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг хууль бусаар хүчээр хувьчлах, дампууруулах, хувьцаат компани болгох замаар үнэгүйдүүлэн эзэнгүйдүүлж, үүнийхээ дараа тэднийг бараг үнэгүй буюу асар бага үнээр худалдан авах, хувьцааг нь худалдан авах замаар луйвардан авах, төрийн мэдлийн том том банкуудыг дампууруулах замаар өөрчлөн эзэмших, шууд луйвардах г.м ард түмний бүтээсэн баялгийг шууд болон шууд бусаар луйвардах арга хэлбэрүүдийн төрийн болон нийгмийн бүх шатанд явуулж ингэснээрээ нийгэмд засаглалын эрх мэдлийг ашиглан эд хөрөнгийг луйврын арга замаар бий болгож болдог юм байна, түүндээ хуулийн болон ёс суртахууны ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байж болдог юм байна гэсэн мессежийг түгээж, түүнийгээ нийгмийн хэвшил болгосноор улс төрийн, төрийн алба хүнд суртал, авилга, хээл хахууль, луйварын сүлжээ болон хувирсан юм. Энэ үзэгдэл өмнө нь ч байсан боловч арай ч энэ болон үүнээс хойших үеийнх шиг болж цэцэглэн хөгжиж чадаагүй байсан юм.
2000-2004 он: Эрх мэдлийн төлөөх тэмцэл:
Эд хөрөнгийн төлөөх тэмцэлдээн эрх мэдлийн төлөөх жинхэнэ тэмцэл болон хувирч энэ үед зөвхөн намын хүрээнд байсан эдийн засгийн ашиг сонирхол намын хүрээнээс халин гарч бүлэглэлийн хэмжээнд хүрч, бүлэглэлийн шинж, зохион байгуулалттай боллоо. Эрх мэдэлд хүрэхийн тулд өмнөх жилүүдэд хууль бусаар хураан цуглуулсан хөрөнгөөрөө хэн нэгэн эрх мэдэлтнийг авилгадах, хахуулдах, сонгочдын санал ил далд худалдан авах үйлдлүүд гаарч Монгол улс жинхэнэ утгаараа сонгуулчлагдсан авилгалын торон сүлжээнд баглагдсан он жилүүд болж өнгөрлөө. Авилгалаар эрх мэдэлд хүрсэн албан тушаалтнуудад төрөөс авах авлага нь /төр, шахааны бизнес хэмээн өхөөрдөн нэрлэсэн төсвийн хөрөнгөөр шахаа хийх, тендер, хувьчлал г.м нэрийн дор луйварддаг байсан/ улам бүр багасаж /ихэнхи нь луйварчдын гарт орсон учир/ тэд өөр арга замыг хайх болсоноор энэ л үед урьд нь бараг хэн ч тоодоггүй, бизнес гэж хардаггүй байсан Монгол орны хөрсөн доорхи нөөц нь тогтоогдсон болон тогтоогдоогүй асар их баялгийн үүцийн талаархи мэдээлэл ил тод болж түүнийг эзэмших эрх мэдлийн төлөөх дараагийн асар их далайцтай тэмцлийн шинэ үе эхэллээ. За мөн энэ үед одоо газрын хэмээн нэрлэгдэх болсон газрын бизнес, ашигт малтмалын орд газруудын хайгуулын болон ашиглалтын лицензийн бизнес хүчээ аван цэцэглэн хөгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотой энэхүү лиценз, эрхийн бичгүүдийг бий болгодог, худалддаг, эзэмшдэг, эргээд хүчингүй болгодог, луйварддаг бүх л бүтэн авилга, хээл хахууль, луйврын тогтолцоо бий болон хөгжиж эхлэв. Энэ л үеэс сонгуулийг жинхэнэ утгаар нь хөрөнгө мөнгө, асар өргөн далайцтай хар PR ашиглан шууд бусаар болон шууд луйвардах арга хэлбэрт суралцаж /зарим нь гадаадад, түүн дотроо АНУ-д ихээр явж сонгууль луйвардах, хувьсгал экспортлох арга ажиллагаа, хар технологид суралцсан/ түүнийхээ үр дүнг ч удаа дараагийн сонгуулиудад амжилттай ашиглан бүхэл бүтэн сонгуулийн луйврын тогтолцоо арга, хэлбэрүүд бий болон нэвтэрчээ. Түүний ч үр дүнд 2008 оны 07-р сарын 01-ний харамсмаар, гашуун үйл явдал болж Монголын төр ард түмнийхээ өөдөөс зэвсэг хэрэглэн цус асгаруулсан билээ.
2008-оноос хойш:
Дээр дурдсан эрх мэдэл, эд хөрөнгө баялгын төлөөх бүлэглэлүүдийн тэмцэлдээн улам бүр хүчээ аван хөгжиж, үүнд нь Монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнолыг гартаа оруулах бүр арга ядахдаа Монгол орны хөрсөн доорхи асар их баялгыг эзэмших, Монголын ард түмнийг улс төр, эдийн засаг, нийгмийн байгуулал тогтолцооных нь хувьд өөрийн хараат байдалд оруулах зорилготой гадаадын улс орнуудын янз бүрийн хүсэл сонирхолыг төлөөлсөн ил далд янз бүрийн институци, байгууллага, хувь хүн, үндэстэн дамнасан корпорациудын ил далд хүсэл сонирхол, лобби, цэвэр бохир мөнгөөр дэмжүүлсэн ашиг сонирхол шууд болон шууд бусаар ил тод оролцон, хутгалдан нөлөөлж эхэлсэн үе болоод байна. Мөн сонгуульд ямар үнээр ч хамаагүй ялах, ямар ч аргаар хамаагүй эрх мэдэлд хүрэх, Монголын баялгыг эзэмшин цөлмөх энэ тэмцэлдээн нь намуудыг биелэшгүй шахам амлалтыг өгч, ингэснээрээ өөрсдийгөө ямар ч гарцгүй болгон буланд шахаж, одоо ичсэн нүүрэндээ дээрхи амлалтаа биелүүлсэн нэр зүүхийн тулд Монголын эдийн засгийг эргэлт буцалтгүйгээр сүйрүүлэх, бусдын өр зээлийн дарамтанд оруулан хараат болгох, байгалийн асар их баялгаа гадныханд зүгээр л эзэмшүүлэх, /гэхдээ энэ завсар өөрсдийгөө бол мартаагүй шүү/, экологийн хувьд сүйрэлд оруулах тэр л замын эхлэл дээр авчирч тавьчихаад байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байна. Мөн өнгөрсөн энэ 30 орчим жилийн хамгийн том бөгөөд бөгөөд хамгийн гүн гүнзгий алдаа бол бүх шатандаа нүүрлэсэн хариуцлагагүйн зуд юм даа. Монгол хүн, албан тушаалтан, байгууллага бүр бүхэл бүтэн институцууд нь санамсаргүй болон санаатай, үйлдэхүйн болон эс үйлдэхүйн алдаа, дутагдал гаргаж шууд болон шууд бус луйвар, гэмт үйлдэл гаргаж болдог түүнийхээ хариуцлагаас эрх, мэдэл, эд хөрөнгө, авилга, хахууль, бүр аргаа ядахад танил тал, төрөл төрөгсдийн тусламж дэмжлэгээр мултардаг болжээ. Хамгийн харамсалтай нь үүнийгээ бүгд мэддэг, хардаг хэн хэнийхээ нүдэн дээр хийдэг, ингэж хариуцлагаас мултрах нь зүгээр л дэлгүүрт ороод худалдаа хийхтэй адил нийгмийн бараг хүлээн зөвшөөрөгдсөн харилцаа болон тогтоод байна. Алдаатай эндэгдэлтэй нийгмийн бүх л төрлийн алдаа дутагдлын жинхэнэ эзэнд нь / тэр нь хэн ч бай хамаагүй/ хуулийн дагуу, ёс суртахууны дагуу хариуцлагыг жинхэнэ ёсоор нь шударгаар тооцож чаддаг тэр л нийгмийг бид хамтран бий болгосон цагт Монгол улс жинхэнэ хөгжлийнхөө шатанд гарна даа хэмээн би харж, хүсэн хүлээж сууна даа. Нийгэм тогтолцоо нь шударга, хамгийн гол нь хариуцлагатай байгаа үедээ л жинхэнэ нийгэм болон тогтох болно.

Гэхдээ өнгөрсөн энэ хугацаанд ард түмний минь бүтээсэн, бий болгосон хөгжил дэвшил сайн сайхан зүйл маш их байгаа нь ойлгомжтой, түүнийг би харж, бахархаж бишэрч явдаг иргэн хүн, гэхдээ л бид одоо л энэ ямар ч утгаа алдсан улс төрийн болон олон намын тогтолцоо, нийгэмд үүсэн бий болсон энэхүү гажуудал, гаж үзэгдлүүдийг даван гарч Монголын ардчиллыг эргэн зөв голдрил, шугаманд нь оруулах, Монгол орныхоо баялгийг зөв зүйтэй ашиглах, баялгийг Монгол хүн бүрт ашигтай байх хувилбараар эдийн засгийн зөв эргэлтэнд оруулсанаар Монгол эх орноо дэлхийн хэмжээний баян, чинээлэг, төр ёс, хууль эрхыг эрхэмлэн дээдэлсэн УЛС шиг УЛС болгохын төлөө хүн бүр өөрийн өчүүхэн эрх ашгийг умартан нийт олонхоороо эвлэлдэн нэгдэж хөдлөх цаг нь болсон юм шиг байна.

Банзрагч

Эх сурвалж www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих