“Смайл”, “Янзат” баарнууд насанд хүрээгүй хүүхдэд архиар үйлчлэв
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газрууд цаг хэтрүүлэн ажилладаг. Мөн насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг хэвээр байх юм. Хууль зөрчсөн энэ үйл ажиллагааг таслан зогсоохын тулд цагдаагийн албан хаагчид үдэш бүр эргүүлд гарч, шөнийн цэнгээний газруудыг хаалгадаг ажилтай болсон гэхэд хилсдэхгүй.
Тиймээс Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран есдүгээр сарын 26-наас энэ сарын 26-ныг хүртэл шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалт хийж эхэлсэн. Ингэхдээ насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн, цаг хэтрүүлэн ажилласан газруудыг илрүүлэн шалгалтын баг холбогдох арга хэмжээг авч эхэлжээ.
Ийнхүү шөнийн цэнгээний газруудад холбогдох албаныхны хяналт шалгалт хэрхэн явагддагийг өнгөрөгч баасан гаригт сурвалжиллаа. Олны хэлж заншсанаар шоуны өдөр болох баасан гаригийн шалгалтыг эхлүүлэхээр холбогдох албаны хүмүүс Нийслэлийн цагдаагийн газарт оройн 21.00 цагт цугларсан байв. Тэнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын зургаан байцаагч, дүүргүүдийн архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах болон хороодын хэсгийн байцаагч цагдаагийн 12 албан хаагч цугларчээ.
Энэ өдрийн шөнийн эргүүл шалгалтыг Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн Архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Цэрэнням ахлан удирдаж холбогдох үүрэг даалгаврыг өгсөнөөр шалгалтын баг шөнийн эргүүлдээ гарлаа. Цагдаагийн хошууч Л.Цэрэнням, цагдаагийн ахлагч Б.Эрдэнэбат нар зарим шөнийн цэнгээний газраас ажлаа эхлүүллээ.
Олны хөл хөдөлгөөн ихтэй газарт тооцогддог Сансарын тунелийг зорьсон юм. Тийш явах замд сааданд шил архи ил тавин ууж суусан гурван залуутай таарав. Цагдаагийн ахлагч Б.Эрдэнэбат дээрх залуустай уулзаж шаардлагаа тавилаа. Үүний хариуд тэд “Бид удахгүй тарлаа. Уучлаарай” хэмээн хээвнэг хэлээд ууж дуусаагүй шил архиа халааслаад тал тал тийшээ тарцгаав.
Бид ч цааш явсаар Сансарын тунельд байрлах “Янзат” шөнийн цэнгээний газарт очлоо. Хөгжим тачигнасан тус баарны үүдээр хөл хөдөлгөөн ихтэй харагдана. Энгийн хувцастай Б.Эрдэнэбат ахлагчтай хамт тус баар руу орлоо. Тэнд үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь 20-25 насныхан байгаа нь илт. Улмаар цагдаа гэдгээ мэдэгдэхгүй тандаж судалсаны эцэст “Янзат” баарнаас 21 нас хүрээгүй гурван үйлчлүүлэгчийг олж тогтоов.
Тэд эхэндээ өөрсдийгөө 22 настай хэмээн гүрийж байсан ч дараа нь 19 настай гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Харин цагдаагийн хошууч Л.Цэрэнням тус баарны зохион байгуулагч Х.Энхсүрэнд зохих ёсны хариуцлага тооцно гэдгийг албан ёсоор мэдэгдээд насанд хүрээгүй гурван хүүхдийг дагуулан Нийслэлийн цагдаагийн газар руу явав. Тухайн архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүүхдүүдийн хэн болох, хэдэн настайг нь тогтоон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм. Дээрх хүүхдүүдийн хувьд нэг нь “Сутай” дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан 19 настай Б гэгч байв.
Тэрээр өөрөөсөө ах гурван залуутай тус бааранд хоёр шил архи уужээ. Үлдсэн хоёр нь хөдөөнөөс орж ирсэн, айлд суудаг 19 настай эмэгтэй У, 20 настай Д нар байв. Тухайн хоёр хүүхэд үерхдэг бөгөөд тус бааранд шар айраг захиалан уужээ. “Янзат” баар ийнхүү насанд хүрээгүй гурван хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болов.
Тус газарт доод тал нь 150-200 мянган төгрөгийн торгуул оногдуулах юм байна. Уг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ шалгалтын хүрээнд насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн баар цэнгээний газруудын үйл ажиллагааг шууд зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргасан. Гэвч уг шийдвэр нь ийнхүү хуультай зөрчилдөж байгаа ажээ.
Түүнчлэн энэ өдөр насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн дөрвөн газрыг шалгалтын баг тогтоосон. Үүнд , Баянгол дүүрэгт байрлах “Тайган нуур” кафе, Сонгинохайрхан дүүргийн XIII хороонд байрлах “Арвин тэмүүлэл” ХХК-ийн “Орэнж” кафе, Хан-Уул дүүргийн II хороонд байрлах “Аз баясгалан” ХХК- ийн “Смайл” баар, Баянзүрх дүүргийн III хороонд байрлах “Янзат” баар.
Тэдэнд холбогдох албаны хүмүүс хууль ёсны хариуцлага хүлээлгэн эхний ээлжинд ердөө л 200 мянган төгрөгөөр торгох эрхтэй юм байна.
Түүнчлэн үйл ажиллагааг нь шууд зогсоогоогүй бөгөөд торгуулийн арга хэмжээг тухайн баарны эздэд танилцуулж холбогдох арга хэмжээ авахаар болов. Мөн шалгалтын баг цаг хэтрүүлэн ажиллаж байсан шөнийн цэнгээний хэд хэдэн газруудыг хаав, Тухайлбал, Баянгол дүүрэгт байрлах “Парадокс” баар, Баянгол дүүрэгт байрлах “Санкомичид” ХХК-ий бааруудыг хаав.
Дээрх газруудад захиргааны хариуцлага тооцохоор болов, Шөнийн цагаар архи худалддаг дэлгүүрүүд иргэдийн хөлд дарагджээ
Шалгалтын үеэр анхаарал татсан өөр нэг зүйл нь шөнийн цагаар хууль бусаар архи худалддаг дэлгүүрүүд байв. Тэд цагдаагийн албан хаагч, мэргэжлийн улсын байцаагчыг үл тоон иргэдэд архи, шар айраг худалддаг байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн XI хороонд байрлах “Шагай “ хүнсний дэлгүүр цонхоороо архи худалдаж байхыг холбогдох албаны хүмүүс нүдээрээ харав. Тус дэлгүүр шөнийн цагаар архи авах гэсэн иргэдийн хөлд дарагдсан байлаа. Архи гаргаж худалддаг цонхны дэргэд иргэд бөөгнөрөн зогсоно. Харамсалтай нь цагдаа болон улсын байцаагч нар энэ үед юу ч хийж чадсангүй. Хараад л өнгөрөв.
Тэд “Маргааш дэлгүүрийн эзэдтэй уулзаж хариуцлага тооцох болно’’ гэхээс өөр юу ч хэлсэнгүй. Мөн Баянзүрх дүүрэгт байрлах “Золбоо” дэлгүүрийн гадна олон хүн архи авахаар эгнэн зогсчээ. Гэвч бас л яаж ч чадсангүй. Учир нь цагдаа ирсэнийг мэдээд архи гаргаж худалддаг цонхоо хаагаад худалдагч нь нуугдсан байв. Мөн Баянзүрх дүүрэгт байрлах “Жулья” центрийн дэлгүүр ч ажиллаж байсан.
Гэвч хаалгаа тайлж өгөөгүй юм. Энэ мэт иргэдэд шөнийн цагаар хууль бусаар архи худалддаг дэлгүүрүүдийг иргэд андахгүй сайн мэддэг болж. Харин үйл ажиллагааг нь холбогдох албаны хүмүүс зогсоож чадахгүй л байна. Учир нь энэ мэт дэлгүүрийг нураах, эсвэл шөнийн цагаар байнга цагдаагийн албан хаагч сахиж суухгүй л бол архи худалдсаар байдаг аж.
Мөн ямар ч зөвшөөрөлгүй ажиллаж байсан хүнсний дэлгүүрүүд цөөнгүй байсныг илрүүлсэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн V хороонд байрлах “Хан хөхий”, “Бамбар” хүсний дэлгүүр ямар ч зөвшөөрөлгүй ажиллаж байсан юм. Мөн тус дүүргийн X хороонд байрлах “ Чулуут”, “Их монгол” дэлгүүрийн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Х.Чимгээ тогтоож, үйл ажиллагааг зогсоон лацадсан юм.
Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, борлуулдаг кафе, баар, хүнсний дэлгүүр ийнхүү хууль зөрчин ажиллаж байна. Тэдэнтэй тэмцдэг цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нарын хүч хүрэхгүй байгаа нь шалгалтын үеэр илт байв. Энэхүү хууль бус үйл ажиллагаа явуулж буй газруудад хатуухан гар хэрэгтэй байгааг ч харуулав. Энэ төрлийн ажлыг шуурхайлж зөрчил гаргасан газруудад арга хэмжээ авахгүй бол өсвөр үеийнхэн архичдын эгнээнд шилжихэд ойрхон байна.
Л.Алтанхишиг
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
URL: