Өвөрхангайчууд: Г.Батхүү, Д.Зоригт нарыг нутагтаа нэг ч алхуулахгүй, хөөнө

Өвөрхангай аймагт болсон шударга үнэний төлөөх цуглаан.
Арвайхээр хот. 2012.10.18
    Өвөрхангай аймгийн сонгогчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал өнгөрсөн долоо хоногт хамгийн анхаарал татлаа. Өвөр хангайчуудын 400 гаруй төлөөлөл нийслэлд ирж, 2012 оны УИХ-ын сонгуулиар өгсөн саналаа баталгаажуулахын төлөө Төрийн ордны гадна жагссан бол ордон дотор Монгол Ардын Намын гишүүд суулт зарласан билээ. Уг үйл явдалтай зэрэгцэн Өвөрхангай аймгийн иргэд шударга үнэний төлөө дуу хоолойгоо нэгтгэж, Арвайхээр сумын төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан юм. Жагсаалд 600 гаруй иргэн оролцсоны дийлэнх нь залуучууд байлаа.
    Хөрөнгө мөнгөтэй баячуудад саналаа луйвардуулсан өвөрхангайчууд Монгол Ардын Намаас нэр дэвшиж үнэмлэхүй ялалт байгуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын ялалтыг хүлээн зөвшөөрөхийг эрх баригчдаас хүссэн. Энэхүү зорилгын дор нэгдсэн жагсагчид “Ялсан нь ялтан, ялагдсан нь гишүүн болох нь”, “Г.Батхүү Д.Зоригт нарт ичих булчирхай гэж байна уу”, “Ерөнхийлөгч ард түмнийхээ саналаар тоглож байна” гэх мэт хурц үгтэй уриа лоозон барьжээ. Жагсаал эхэлмэгц үгээ хэлж гомдлоо тайлах гэж цугларсан ард иргэдтэйгээ аймгийн Засаг дарга Б.Тогтохсүрэн санал бодлоо солилцлоо.
    Энэ үеэр жагсагчид Засаг даргыг ч үг хэлүүлэхгүй, микрофоноо булаацалдаж байр сууриа илэрхийлэх гэж яарч байсан нь сонгох эрхээ алдсан иргэдийн бухимдал ямар хэмжээнд хүрснийг илэрхийлэх мэт. Засаг дарга Б.Тогтохсүрэн “Бид 2012 оны сонгуульд оролцож, түүнээс гарсан үр дүндээ сэтгэл хангалуун байсан. Харамсалтай нь бидний саналыг хууль, шүүхийн байгууллагаар далайлган булааж авчихаад байна. Тэр ч бүү хэл Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр өрөөг нь хүртэл бэлтгэчихсэн юм билээ. Бид өгсөн саналынхаа төлөө тэмцэхгүй байхын аргагүй ээ. Энэхүү тэмцлийг зөвхөн би болон манай намын нөхөд хүсч байгаа юм биш.
    Ард түмэн, сонгогчид хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй, эсэргүүцэн тэмцэхийг биднээс шаардаж байна” гэлээ. Ийнхүү Засаг дарга үгээ хэлж дуусмагц жагсагчид үргэлжлүүлэн санал бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, нутгийн нэгэн иргэн “Хүн мөнгөтэй, эрх мэдэлтэй байж болно. Гэхдээ ард түмнийхээ саналыг худалдаж авч хэзээ ч болдоггүй юм” хэмээн Г.Батхүү, Д.Зоригт нарт хандан хэлсэн. Түүнчлэн “Г.Батхүү, Д.Зоригт нар биднийг базаад хаясан цааснаас дорд үзэж байна. Нутгийн хөвгүүд маань ийм арчаагүй байдал гаргаж, мөнгөөр дээрэлхэж, шүүхийн байгууллагыг халаасандаа хийж байгаад харамсч байна” гээд Г.Батхүү Д.Зоригт нарыг нутгийн олноосоо ичих хэрэгтэйг сануулсан юм.
    Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний нөхдийн харцаар хөдлөх болсон СЕХ, УИХ Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүн болговол тэднийг Өвөрхангай аймгийн нутагт хүлээж авахгүй, нэг ч алхуулахгүй хөөнө гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шүүх, хяналтын байгууллагын удирдлагыг бүхлээр нь өөрчилчихлөө. Ингэхдээ бүхнийг таалалдаа нийцүүлэн өөрчилж, ард түмнээрээ тоглож байна хэмээн бухимдах хүн цөөнгүй байв. Ийнхүү саналаа хэлж буй иргэдийн дунд суусан нэгэн ахмад настан “Би 60 наслахдаа ийм бузар булай, хууль бус зүйл үзээгүй. Амьд явахад хүн юм юм л үздэг юм байна. Арай ч дээ гэмээр л зүйл болж байна шүү дээ. Бөх барилдаад унахдаа тахимаа өгдөг заншилтай.
    Жудагтай ахмад бөх дүүгээ үнсээд танхимаа өгдөг шүү дээ. Энэ үйл явдалтай адилхан Г.Батхүү Д.Зоригт нар ялагдсанаа хүлээн зөвшөөрч танхимаа өгөх л хэрэгтэй. Бид харгис капиталист нийгэмд амьдарч байгаа мэт аймшигтай санагдаж байна. Иргэд хэнд итгэж саналаа өгч, сонгуульд оролцох юм бэ. Сонгуульд оролцсон ч үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй байна шүү дээ. Энэ бүх луйврыг засаг барьж байгаа хэдхэн л хүн хийж байгаа. Тэдний нэг нь З.Энхболд. Түүнийг ямар хор хутгаж байгааг бид бүхэн мэдэж байна. Энэ маргаантай асуудал ч мөн адил түүний л найруулсан хор” хэмээн шүд зуун хэлэв.
    Иргэдийн тэмцлээс харахад Ардчилсан намынхан болон энэ нутгийнхны итгэлийг өвөртлөн УИХ-ын гишүүнээр сонгогдож явсан З.Энхболд, Ч.Содномцэрэн нар өвөрхангайчуудын нүүрийг дахин хэзээ ч харахааргүй байдалд оржээ. Ямар ч гэсэн нутагтаа хөл тавихад тэднийг нааш гэж хүлээж авах хүн бараг байхгүйтэй адил байна. Улаанбаатарт хотод очиж шударга ёсыг тогтоохын төлөө үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг аймаг, сум дын цагдаагийн байгууллагын ажилтнууд бүртгэж мэдээлэл цуглуулж эхэлжээ. Энэ нь иргэдийг бас л айдаст автуулж буй. Тэр ч бүү хэл өнгөрсөн сонгуулиар Монгол Ардын Намаас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт итгэж санал өгснийхөө төлөө одоо хүртэл цагдаагийн байгууллагад 70-80 хүн шалгагдаж байгаа гэнэ.
    Тэдний 10 гаруйд нь эрүү үүсгэчихсэн яваа аж. Энэ мэтчилэн өвөрхангайчууд Г.Батхүү, Д.Зоригт нарт саналаа дээ рэмдүүлж, өөрсдийн хүсэл зоригоор саналаа өгснийхөө төлөө эрүү- гийн хэрэгт татагдаж байгаа нь харамсалтай. Ийнхүү жагсагчид бүтэн дөрвөн цагийн турш санал бодлоо илэрхийллээ. Учир нь тэдний саналыг базаад хаясан цааснаас дорд үзэж буй Г.Батхүү, Д.Зоригт нарт голдоо ортол гомдсоных биз ээ. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн жагсагчид Өвөрхангай аймгийн сум дундын шүүгч, “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” Х.Отгонжаргалтай нүүр тулан уулзахаар явцгаалаа. Тэрбээр хөрөнгө мөнгөтэй хүний талд үйлчилж, Өвөрхангай аймгийн ард иргэдийн сонголтыг уландаа гишгэж, хэдэн халтар төгрөгийн төлөө хар амиа ч өгөхөөс буцахгүй хэмээх цолыг ард иргэдээс хүртээд байгаа аж.
    Жагсагчид Х.Отгонжаргал шүүгчтэй уулзахаар шүүх рүү орох гэсэн боловч түүнийг байхгүй хэмээн ажилчид нь халгаасангүй. Тэр ч бүү хэл шүүхийн гадна олон цагдаа ирж, аль хэдийнэ хамгаалалтад авчээ. Тиймээс жагсаалыг удирдаж буй Арвайхээр сумын Засаг дарга н.Ишдорж Х.Отгонжаргал шүүгчийг өрөөндөө ажиллаж байгаа эсэхийг тодруулахаар дотогшоо орсон юм. Үүдэнд сууж буй нэгэн ажилтан Х.Отгонжаргал шүүгчийг байгаа гэж ам алдсан ч н.Нямдорж гэгч шүүгч түүнийг байхгүй ээ хэмээн буди луулав. н.Нямдорж “Шүүгч гар га сан шийдвэрээ олон нийтэд тайлбарлах ёсгүй. Жагсагчидтай уулзах ч шаардлагагүй” гэж хэлсэн нь жагсагчдын дургүйцлийг ихэд хүргэв.
    Шүүхийн гадна Х.Отгонжаргал шүүгчтэй уулзахаар хүлээж буй жагсагчид түүнийг “Өөрийнхөө төлөө бидний саналыг худалдчихлаа. Бид ний саналыг уландаа гишгэдэг шүүгчид ажлаасаа огцрох хэрэгтэй” хэмээн дуу нийлүүлэн хашгирцгааж байв. Ингэхдээ тэд заавал Х.Отгонжаргал шүүгчтэй уулзаж байж эндээс явна гэсэн нь цагдаа нарыг сандаргаад авсан. Гэсэн хэдий ч жагсагчид яаж ч гуйж тайлбарлаад Х.Отгонжаргал шүүгчтэй биечлэн уулзаж чадсангүй. “Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” гэж нэрлэгдээд байгаа шүүгч Х.Отгонжаргал үнэнч шударга ажиллаж шийдвэр гаргасан юм бол түүнд сүүлээ хавчин зугтах шаардлага байхгүй билээ. Сонголтоо баталгаажуулахын тулд нутгийнхаа төв талбайд цугларсан ард иргэдийн тайван жагсаал энд хүрээд өндөрлөсөн юм. Гэхдээ энэ нь сүүлийнх биш гэдгийг жагсагчид сануулж байлаа. Тус аймгийн сонгогчдын эрх ашгийг үл ойшоосон хууль бус шийдвэр, үйл явдлууд цаашид үргэлжилбэл тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ өвөрхангайчууд илэрхийлж байна.
Д.МЯГМАРСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих