Нарны гүүрэн дээр 15 машин мөргөлджээ
“100 жилийн баталгаатай, замын ачааллыг гучин хувь бууруулна” гэж рекламдсан Нарны гүүр ашиглалтанд ороод удаагүй байна. Япончууд үнэгүй барьж өгсөн гүүр ашиглалтанд ормогц л хотын түгжрээ арилж, машинаараа салхи татуулан “ниснэ” гэж төсөөлж байсан хүн цөөнгүй. Гэтэл шилдэг технолгиор, 100 жилийн баталгаатай барьсан гэх Нарны гүүрний чанарыг анхны сэвсгэр цас шалгаж, дүн тавьж орхилоо.
Өнгөрсөн бямба гаригийн орой 22.00-01.00 хооронд Нарны гүүрэнд дээр 16 тээврийн хэрэгсэл өөр хоорондоо мөргөлдсөн хэрэг гарлаа. Гүүрний хоёр уулзварт олон машин ийнхүү өөр хоорондоо мөргөлдөж, шөнийн 01.00 цагт замын түгжрэл үүсгэв. Тэр ч бүү хэл, зам машин нь даатгалын компаниа дуудсан бөгөөд дуудлагаар ирсэн даатгалын машин ч бас мөргөлджээ. Хоёр уулзвар дээр найм, наймаараа мөргөлдсөн нь инээдтэй ч юм шиг. Эхний хоёр машин мөргөлдөж, маргаанаа эцэслэн шийдээгүй байхад араас олон машинууд тоормозлосоор хүч түрэн гулган орж ирж байсан. Мөргөлдсөн машинуудаас жолооч нар толгойгоо барьсаар гарч ирээд өөрсдөө гулгаж, золтой л бэртээгүй.
Магадгүй зарим нэгэн нь зуны дугуйтай явж байгаа учраас ийнхүү осол гарсан хэмээн ярьж байгаа тэр дунд өвлийн дугуйтай ч тээврийн хэрэгсэл байсан юм. Гэтэл яагаад ийнхүү олон машин өөр хоорондоо мөргөлдөв, зөвхөн Нарны гүүр яагаад халтиргаатай байв гэдэг асуулт урган гарч ирж байна. Үүнийг зарим нь зуны дугуйгаа хийгээгүй, сагсуурч яваад л ийм байдал үүслээ хэмээн амандаа халаглаж байсан юм. Гэтэл машинаасаа буугаад алхах гэтэл зам тэр чигээрээ мөс гулгуур болсон байлаа. Явган хүн явах боломжгүй зам дээр машин яаж явах билээ дээ. Харин бусад зам дээр Нарны нүүр шиг мөсөн гулгуур болтлоо халтиргаа үүсээгүй байлаа.
Уг нь Нарны гүүрийг барих технологи болон ашиглагдсан техникүүд нь Япон улсдаа хамгийн сүүлийн үеийн технологид тооцогддог хэмээн инженер нь ярьж байсан. Гүүрний дам нуруу нь гэхэд л сүүлийн үеийн хамгийн сайн чанарын ган төм¬рөөр хийгдсэн. Түүн дээр нь 24 см зузаан бетон мөн 10 см зузаан асфалт давхарласан. Харин Монголын цаг уурыг япончууд төдийлөн тооцоогүй бололтой. Нарны гүүр ийм осол гарахаар халтиргаатай байгаа нь ган хийцийн металлтай холбоотой гэнэ. Учир нь ямар металл өвлийн улиралд хүйтэн байдаг. Иймд шинэхэн орсон цас хайлах боломжгүйгээр ийнхүү мөсөн гулгуур болсон байх гэж жолооч нар дүгнэж байна. Хэрвээ бусад зам дээр бол доороо төмөргүй, шороотой учир мөс тогтдоггүй аж.
Энэ байдлаараа энэ гүүр халтиргаа гулгаа нь арилахгүй байвал жолооч нар өвлийн цагт сонгох зорчих нь юу л бол. Замын ачааллыг 30 хувь бууруулах нь битгий хэл зөвхөн дулааны улиралд ашиглах боломжтой болвол яах вэ? Ийнхүү монголчуудад үнэгүй хийж өгсөн Нарны зам нь анхны шалгалтдаа бүдэрлээ.
24tsag.mn
URL: