Түүхий эд биш эцсийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргая
Монгол Улс үйлдвэржилтийн шинэ эрин үеийн түүчээнд явж буй билээ. Тиймээс үйлдвэржилтийн талаарх бодлого, үйл хэргийг эрчимжүүлэх шаардлагатай тулгараад байгаа билээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр ҮХААЯ, Үйлдвэр эрхлэгчдийн мэргэжлийн холбоод хамтран “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” улсын хэмжээний зөвлөгөөнийг бямба гаригт Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөлгөөнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Х.Баттулга болон яам, агентлагийн төлөөлөл болон үлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл болсон 800 гаруй хүн оролцлоо. Уг арга хэмжээнд үйлдвэржилтийн шинэ эрин үе эхэлж буйг тунхаглан Монгол Улс эдийн засгийн хувьд түүхий эдийн үнээс хараат байхаа болих цаг ирснийг зарласан юм. Арьс шир, ноос ноолуур, зэс, төмөр, нүүрс зэрэг түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн дотоодын эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг үйлдвэржсэн улс болохыг Шинэчлэлийн Засгийн газар зорьсон аж. Энэ зорилтыг ажил хэрэг болгохоор үйлдвэрлэлийн салбарынхан хамтран зүтгэхээр нэгэн дор цугласан нь энэ байв. Түүнчлэн зөвлөлгөөнөөр шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануурт үйлдвэр технологийн парктай болох талаар болон хөдөө аж ахуйн бирж байгуулах асуудлыг хэлэлцсэн юм.
Зөвлөлгөөний үеэр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн зээл 12 хувийн хүүтэй байсныг долоо болгож, гурван жилийн хугацаатай байсныг таван жил болгон сунгаснаар үйлдвэрлэгчдэд боломж улам бүр нээгдэж байгааг ярьж байв. Шинэчлэлийн Засгийн газар өмнөх Засгийн газруудынхаа эхлүүлсэн сайн сайхан зүйлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд үйлдвэрлэгчдэд амласан. Тэрбээр “Цемент, арматур төмөр зэрэг барилгын гол нэр төрлийн материалын үнэ нэмэгдсэнээс орон сууцны ханш тэнгэрт хадаж байна. Эдгээр материалыг манай улс импортоор авдаг. Үүнийг болиулна. Цемент, арматурын үйлдвэрийг Монголдоо хөгжүүлнэ. Мөн үүний хажуугаар барууны хялбар технологийг судална. Барилга гэхээр л тоосго өрж, шавар зуурдаг нь хоцрогдсон зүйл. Тиймээс хялбар аргаар хямд төсөр барилга барих технологийг Монголдоо нэвтрүүлнэ. Энэ талаар судалж байгаа” гэсэн юм.
Бэлтгэсэн арьс, ширний 20 хувийг л эцсийн бүтээгдэхүүн болгодог
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан
-Манай улс жилд хэдий хэмжээний арьс, шир бэлтгэдэг вэ?
-1989 онд таван сая орчим ширхэг малын арьс бэлтгэдэг байсан нь өнөөдрийн байдлаар 12 сая болж өссөн.
-Нийт бэлтгэсэн арьс ширнийхээ хэдийг нь дотооддоо эцсийн бүтээгдэхүүн болгож чаддаг вэ?
-20 орчим хувиар эцсийн бүтээгдэхүүн хийж байна. Үлдсэн 80 хувийг хагас боловсруулах, эсвэл түүхийгээр нь Хятадын худалдаачдад алдаж байна.
-Түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож чадахгүй байгаа нь улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх юм биш үү. Энэ байдлаас хэзээ гарах вэ?
-1989 оны үед бэлтгэсэн малын бүх арьсаар 100 хувь эцсийн бүтээгдэхүүн хийдэг байсан. Тиймээс бид арьс ширний салбарыг сэргээх төсөл боловсруулсан. Уг төсөл хэрэгжвэл 2020 он гэхэд бэлтгэсэн арьс ширээ 100 хувь ашиглах боломжтой болно. Түүн дотроо 2016 он хүртэл нийт арьс ширнийхээ 80 хувийг эцсийн бүтээгдэхүүн хийе гэсэн зорилт тавин ажиллаж байна.
Хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн эхлэлийг ирэх онд тавина
ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал
-Үйлдвэржилтийн эрин үе эхэллээ хэмээн тунхаглаж байна. Үйлдвэржилтийг дэмжсэн ямар ажлыг салбарын яамнаас зохион байгуулах вэ?
-ҮХААЯ-наас ирэх онд арьс ширний үйлдвэрүүдэд нэлээд том өөрчлөлт хийх зорилготой ажиллаж байна. Энэ хүрээнд 200 тэрбумын бонд гаргах асуудал өргөн баригдсан байгаа. Дархан болон Улаанбаатарт шинэ цэвэрлэх байгууламж барьж, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг тэнд төвлөрүүлэх зорилго тавьж байна.
-Хүнсний үйлдвэрлэлд чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Ирэх жил Хятадын хөнгөлөлттэй зээлээр мах болон хуурай сүүний үйлдвэрүүдийг барьж эхэлнэ. Мөн гурилын элеватор хэд хэдэн газарт барина. Улаан буудай хадгалах хүчин чадлыг 75 мянган тонноор нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Ер нь хөнгөн үйлдвэр, хүнд, хүнсний үйлдвэрүүдийн хөгжлийн эхний алхам ирэх жил тавигдана гэж ойлгож болно.
М.Уянга
udriin shuudan
URL: