Entrepreneurial Saturday – Энтрепрюнэр Бямба гараг
Америкийн Монголчуудын дунд “Энтрепрюнэр Бямба гараг” хэмээх бизнес эрхлэгчид, мэргэжлийн хүмүүс, бизнес эрхлэхийг хүсэж буй хүмүүсээс эхлээд оюутан залуус, технологийн шийдэл хийгч, дизайнер, санхүүч бүгд нэг дор цуглаж 10 цагийн дотор баг болж хамтаараа шинэ бизнес санаа хөгжүүлэх нэгэн шинэлэг үйл ажиллагааг MACC (Америк дэх Монголчуудын худалдааны танхим) Лос Анжелес орчмын Монголчуудын холбооны хамтаар зохион байгуулах гэж байна.
Энтрепрюнэр Бямба семинар америкийн монгол энтрепрюнэрүүдийн уулзах, туршлага солих, танилын хүрээгээ өргөжүүлэх боломжийг бүрдүүлэхэд болон энтрепрюнэр сэтгэлгээг Америкийн монголчуудын дунд хөгжүүлэх, сайн энтрепрюнэр үүсэх санааг хайж илрүүлэх, хөхүүлэн дэмжих боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ. Бизнесийн, технологийн, дизайны чиглэлийн монгол мэргэжилтнүүд хэдэн арваар цуглах боломж бий бөгөөд оюутан залуус эндээс ирээдүйн амжилтын эхийг тавих боломж бий.
Өнөөгийн Америкийн Монголчуудын дунд өөрийн ажил хөдөлмөрөөр тодорхой амжилтад хүрч Америкийн бизнесийн ертөнцөд өөрийн мэргэжлээр тодорхой байр суурь хүрсэн Монгол энтрепрюнэрийн бодит туршлагын лекц яриагаар эхлэх энэ ажиллагаа оролцогчдоос ирээдүйтэй бизнес санаануудыг цуглуулна. Цугласан нийт санаанаас оролцогчдын олонхын саналаар тодорхой тооны саналыг сонгоно. Сонгогдсон санаа бүрээр семинарын оролцогчдоос сайн дураар өөрсдийн хүслээр нэгдэн баг үүсгэнэ. Санааг анхлан санаачилсан оролцогч багийг ахална. Баг тус бүр санааг боломж болгон хувиргах энтрепрюнэр үүсгэх даалгаврыг хийж уралдана.
Уралдааны явцад мэргэжлийн зөвлөгчид багуудад зөвлөгөө өгнө. Уралдааныг Америкийн Монголчуудын нэр бүхий Энтрепрюнэрүүд дүгнэж баг бүрээр зөвлөгөө өгөн ялагчийг шалгаруулна. Ялсан баг МАСС шагнал хүртэнэ.
Яагаад энд оролцох хэрэгтэй гэж?
МАСС байгуулагдсан цагаасаа Америкийн Монголчуудын дунд бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр зөвлөгөөн, хурал, семинар, лекц удаа дараа зохион байгуулж ирсэн. энэ удаа бид энтрепрюнэр сэтгэлгээг хөгжүүлэх энгийн гэхдээ өвөрмөц үйл явдал зохион байгуулна. Уг ажиллагаанд хүрэлцэн ирэх өчнөөн олон шалтгаан байхаас цөөн хэдийг дурдвал:
- Танилын хүрээ өргөжнө
Танилтай хүн талын чинээ гэж Монголчууд ярьдгийг өнөөгийн бизнесийн ертөнцөд сошиал хөрөнгө (social capital) хэмээн үнэлж байна. Америкийн Монголчуудын ажил хэрэгч шилдгүүд (do-ers) энд цуглана. Бид бодит жинхэнэ бэрхшээл асуудал ярилцаж, шийдэл гаргах зам олж, хэрэгжүүлэх боломжийг бий болгох цаашлаад урт удаан хугацааны итгэл, нөхөрлөл, хамтын ажиллагааны суурийг бий болгоно. Санхүүгийн болон үйл ажиллагааны хөрөнгө оруулагчидтай энд уулзаад зогсохгүй ажил хэрэгч холбоо хэлхээ бий болгох хүрээ үүсгэх бүрэн боломж бий.
- Мэдлэг нэмэгдэнэ
Энтрепрюнэр Бямба гараг бол тэр чигээрээ шинээр үүсгэн бий болгох цоо шинэ сургалт. Энэ бол шинэ мэдлэг олж авах, мэдлэгээ баяжуулан өргөжүүлэх шинэлэг, инновацлаг сургалт юм. Бид ихэнхдээ асуудал байгааг яриад, гаргаж ирээд хэн нэгнийг хүлээгээд гомдоллоод орхичихдог. Тэгвэл энд бид асуудлыг хэрхэн боломж болгон хувиргах улмаар яаж амжилттай энтрепрюнэр үүсгэж замын эхтэй суралцана, энтрепрюнэрийн стратеги, бизнес төлөвлөгөө гаргаж хэрхэн хэрэгжүүлэхгүй танилцах боломж бий.
- Бизнес үүсгэн байгуулагчидтай бодитоор танилцана
Америкийн Монгол энтрепрюнэрүүдийн болзоо гэж манай үйл ажиллагааг харж бас болно. Тоонот гэрт толгой холбож, тостой тогоогоо хуваалцах насны ханьтайгаа сайтар танилцан ойлголцох гэж, хэн хэнээ сайтар мэдэх гэж болзоо хийх нь амьдралд байх өргөн ойлголт бол бизнесийн хамтрагчаа хайж олон харилцан итгэлцэх үүдээ нээх энртепрюнэр болзоонд энэ удаа очих болно.
- Шинэ ойлголт, туршлагад суралцана
Өөрийнхөө хамгийн сайн ойлгодог, мэддэг, хийж чаддаг тэр хэсгээс алхам холдоод хорвоо дэлхийг нэг хараарай буюу та өөрийнхөө тухтай орчноос (comfort zone) гараад үз. Та өчнөөн олон шинэ ойлголттой танилцах, ойлгож мэдэх боломж гарна, манай үйл ажиллагаанд оролцсоноор бусдын чадвар туршлагаас суралцах бүрэн боломж гарна.
- Бодит бизнес үүсгэх боломж олдоно
Таны гаргасан санаа, танай багийн бүтээл жинхэнэ бодит бизнес болох бүрэн боломж бий. АНУ дахь жижиг бизнесийн судалгаанаас үзвэл, манайтай ижил төстэй уралдаан, үйл ажиллагаанаас үүссэн бизнесүүдийн 36% нь гурван сарын дараа хүчтэй болдог, оролцогчдын 80% багаараа гар нийлэн ажиллаж бизнес эрхэлдэг, хувь эзэмшдэг ажээ. Бид яагаад чадахгүй гэж? Бид тэдний дунд амьдарч, тэдэнтэй ижилхэн ажиллаж, ижилхэн сэтгэж, ижилхэн бүтээж байгаа шүү дээ .
- Бизнесийн жинхэнэ цаг хугацаа гэж юу болохыг чадварлаг мэргэшилтнүүдээр дамжуулан мэдэрнэ
Хэрэгтэй мөчид, хэрэгтэй газар байж, хэрэгтэй санаа гаргахыг ажил хөдөлмөрөөрөө, амьдралаараа мэдэрч харуулж байгаа Америкийн Монгол бизнес эрхлэгчид, мэргэжлийнхнээс амжилтын болон цаг хугацааны холбоог мэдрэх ойлгох боломж энд бүрдүүлж буй. 1.4 сая долларын хөрөнгө оруулалт татаж чадаад алдарт Силикон хөндийд бизнес үүсгэсэн, мэдээллийн технологийн чиглэлээр жижиг бизнес эхлүүлэн 10 гаран жил хөдөлмөрлөсөөр өөрийн оффисоо Чикаго хотын төвд нээж хуулийн, эрүүл мэндийн томоохон үйлчлүүлэгчидтэй болсон, жилийн хоёр сая гаран долларын эргэлттэй бизнес үүсгэн байгуулаад амжилттай ажиллаж байгаа чулууны бизнесийн эзэн, зургаан улсын их сургуульд мэргэжлийн лаборатори байгуулж судалгаа нь өргөжсөн, Fortune-50 топ компаниудад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай урт удаан хугацаанд ажилладаг гээд чадварлаг мэргэшилтнүүд Америкийн Монголчуудын дунд олон бөлгөө.
- Хэмнэлттэй
Манай үйл ажиллагааны дундаж үнэ ердөө $50-75 доллар. Өглөөний цай, үдийн хоол, ойр зуурын хүнсний зүйлс, ундаа ус, уух кофе үүнд багтана.
- Америкийн Монголчуудын хүрээг бэхжүүлнэ
Америк дахь монгол энтрепрюнэрүүдийн тоо, санхүүгийн чадвар өсөх тутам Америкийн Монголчуудын хүрээ бэхжих билээ. Биднийг өөр хэн ч дэмждэггүй, хэн ч гар сунган хармаан тэмтэрдэггүй, зөвхөн Монголчууд өөрсдөө АНУ дэх цөөн хэдэн монгол бизнесүүд хөдөлсөөр олон жилийг үзэж буй. Бидний ирээдүй, үр хүүхэд, монгол хэл, соёл, уламжлал, зан заншил, монгол сэтгэлгээг уламжлуулан хадгалахад Америкийн монголчуудын хүрээлэл бэхжих, бид биеэ биеэ ойлгох дэмжих, хамтран хөдөлмөрлөхөөс арга үгүй бөгөөд санхүүгийн хэрэгцээнд хамгийн түрүүнд монгол энтрепрюнэрүүд туслах бөлгөө.
—
МАСС (Америк дэх Монголуудын Худалдааны Танхим)
Америкт бизнес эрхэлдэг монголчуудыг дэмжих, олшруулах, тэдний бизнесийг өргөжүүлэх, хамгаалах, хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх болон Америкт мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж буй мэргэжилтнүүдийг холбон туршлага, мэдлэг солилцох гүүр болох, түүнчлэн АНУн бизнесүүдийг Монголд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ гарц, Монголын бизнесүүдийг АНУ зах зээлд ороход туслах зорилгоор 2007 онд байгуулагдан Илинной мужид ашгийн бус байгууллага статустай бүртгэгдсэн.
ЛАМХ (Лос Анжелес орчмын Монголчуудын Холбоо)
Лос Анжелос хот орчим амьдрах Монголчуудынхаа дунд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагааг дэмжих, ахуй амьдралын, нийтийн тулгамдсан асуудлыг шийдүүлэхэд тал бүрийн туслалцаа үзүүлэх, Монгол хүнээ дэмжиж сурталчлан таниулах, Монгол Улс, АНУ, бусад орны иргэд, гэр бүл, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Үндэстний түүх соёл, урлаг, ёс заншлийг сурталчлан таниулах, дэлгэрүүлэх, Эх орноо гэсэн үзэл сэтгэлгээ, үйл ажиллагааг дэмжин Монгол орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зэрэг өргөн үйл ажиллагаа явуулдаг 2005 онд байгуулагдан Калифорн мужид ашгийн бус байгууллага статусаар бүртгэгдсэн олон нийтийн байгууллага.
EPMAC (Emerging Professionals in Mongolian American Community)
EPMAC is a new division of the Mongolian American Chamber of Commerce. EPMAC targets professionals between the ages of 22-40 who want to become more involved in the Chamber’s activities, build their network, and develop their leadership skills.
URL: