Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр

Монгол өвөг дээдсийн минь ийм нэгэн үг байдагсан. Маргааш, нөгөөдөр бол монгол орон сайхан болох нь ээ. Уул уурхай гэдэг ерөнхий нэрийн дор тэр Оюутолгой, Тавантолгойн ордууд чинь биднийг бараг л засаг төртэй, төргүй байсан ч тэжээгээд аваад явчих юм байна.
Тавантолгойгоос Зүүнбаян, тэгээд Чойбалсан, бүр алсдаа далай хүртэл төмөр зам тавих юм байна. Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор бариад хамгийн багаар бодоход 300 мянган ажлын байр бий болно гэнэ. Өнөөдөр манай улс нийтдээ 200 гаруй мянган хүн ажилгүй гэдэг тоо байдаг ч үнэн хэрэгтээ цагаа болохоор ихэнх нь худалдаа наймаа, өөр ямар нэг ажил эрхлээд тодорхой орлоготой байгаа. Та ажилгүй хүн байна яваад Сайншандад ган хайлуулах үйлдвэрт ажилд ор гэхээр тэд чинь “Үгүй би энд ийм ч жижиг дэлгүүртэй. Түүгээрээ амь зуулгаа болгоод байдаг юм. Тэгэж тэр говьд чинь очиж гүрвэл болохоо больё” л гэнэ л дээ.
Нийслэлийн агаарын бохирдол утааг бууруулах хамгийн зөв арга бол дагуул хотууд Зуунмод, Багануур, Багахангайг Улаанбаатараас хэдэн хувь илүү хот болгоод нийслэлийн хамаг хүн л тийшээ яваад алга болох юм байх.
Хятадуудын хэлсэн гэдэг “Сайхан хоолны нэр хэлваа. Би савхадъя” гэдэг шиг сонсоход сайхан л байна.
Энэ бүхэн бол чухамдаа маргаашийн өөх. Гэтэл өнөөдөр бидэнд юу байгаа билээ. Уушиг л байна уу.
Монгол Улсын Засгийн газар мөнгөний бодлогодоо имфляцийг нэг оронтой тоонд барина гээд хэлчихсэн. Энгийн математикаар бодоход 9 юм болов уу. 9.1 байвал хэдэн оронтой тоо ч болох юм. Гэтэл оны эхний хоёр сарын статистик мэдээгээр 11 хувьтай гарсан харагдана. Ер нь ч “Эх орны хишиг” нэрийн дор энэ их бэлэн мөнгө, халамж тараахаа болихгүй бол имфляц чинь гүйцэгдэхгүй шүү гээд Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд удаа дараа мэдэгдээд байсан л даа. Даан ч манайхан тоохгүй л байснаас биш. Тэр байтугай тэд, мэргэжлийн зарим хүмүүс оны сүүлчээр имфляц 30 хувиас давж мэднэ гэж анхааруулж байгаа.
Ер нь амьдрал ямар байгаа билээ. Бараа бүтээгэдхүүний үнэ өдрөөс өдөрт өсч өлөн зэлмүүн ард иргэд сар бүрийн “Эх орны хишиг” -ээ хүлээн, баяраас баярт дамжин гоёлын хувцас өмсч, ард түмэндээ бараагаа харуулан хийморийг нь сэргээн “Уул уурхай биднийг, тэжээнэ. Монголын сайхан ирээдүй ойрхон байна. Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлнэ” гэж ярих дарга нараа горьдлогын нүдээр харан хоног өнгөрүүлж байгаа бус уу. Энэ онд ДНБ 10, 6.1 хувь өснө гэж дарга нар сайхан ярина. Гэхдээ хэдэн хувь өссөнөөрөө биш тэр нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна гэдэг нь чухал баймаар.
Тэр жил ямаан сүрэг нэг их өсч ДНБ бараг 13 хувиар өссөн. Өнөөдрийн МАХН гээд шуугиулж яваа Н.Энхбаяр Засгийн газрын тэргүүн байхдаа “Бид өндөр хөгжилтэй орнуудыг гүйцэж түрүүллээ” гээд баахан рекламдсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Багабанди УИХ-ын чуулганы хуралдаан дээр ямаа өсөхөд Засгийн газар ямар үүрэгтэй байсан юм бэ. Тэр өссөн эдийн засаг чинь ард түмэнд яаж наалдав гэсэн утгаар хатуухан үг хэлж байсан санагдана.
Үнэхээр манай өнөөдрийн хамтарсан Засгийн газар, дарга нарын минь улс орон өөгүй дардан замаар, эрчимтэй хөгжиж байгаа гэдэг ярианы цаана ард иргэд минь яажшуухан амьдарч байгаа бол гэсэн сэтгэл даанч алга.
Оюутнуудад сургалтын төлбөрт нь зориулж 500 мянган төгрөгийг гуравдугаар сарын 1 гэхэд олгоод эхэлнэ л гэсэн, Таван толгойн хувьцааг тараана л гэсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх үү яах вэ л гэсэн өнөө болтол нэгийг нь ч шийдчихэж чадаагүй л яваа. Миний бодоход МАН, эрх баригчид намын баяр гээд тэмдэглээд байсныг бодоход гурван сарын нэгэн нь өнгөрсөн баймаар.
Арай томоос нь хэлбэл 10 жилийн өмнө Сэлэнгийн Алтанбулаг, Дорноговийн Замын-Үүд, Баян-Өлгийн Цагааннуурт чөлөөт бүс байгуулчихвал л монголчуудын амьдрал суга дээшилнэ гэж ярьсан. Өнөөдөр Алтанбулагт гайгүй  сайхан хашаа, контор, Цагаануурт бол хуучин хэдэн агуулах бий. Замын-Үүдэд бол бүр юу ч байхгүй. Олонхи хүн нь нийслэлд албан өрөөнд суудаг эдний захиргааны  хүмүүсээс өөр хэний ч амьдралд хуруун чинээ  нэмэр болоогүй л байна. Харин энэ 10 жилд зарцуулсан хөрөнгө бол чамгүй. Энэ жил гэхэд л эдгээр чөлөөт бүсийг хөгжүүлэхэд 9 тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа. Байхгүй юмыг хөгжүүлнэ ч гэж юу байдаг юм.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулна гэж утаагүй зуух, түргэн шаталттай зуух, утаагүй түлш гэж хэчнээн ярив. Юу ч шийдээгүй, агаарын чанарын албаны мэдээгээр утаа улам ихсээд, агаар улам л бохирдоод өвөл гадаа явахад хоолой хорсдог байсан бол одоо манангийн гэрэл барихгүй бол юм харагдахаа болилоо. Зарцуулсан хөрөнгө нь бол мөн л тоймгүй.
Ингээд бодохоор тэр хүнд аж үйлдвэрийн цогцолбор, олон уурхай, дагуул хотууд хэзээ бий болох юм бол.  Магадгүй 3000 он ч юм уу, 4011 онд бий болж мэднэ. Гэхдээ үлгэрийн тэр сайхан зүйл бодит зүйл болохоос наана өнөөдөр бол монголчуудад чухамдаа уушиг ч болтугай хэрэгтэй л байгаа юмсан.
Хөдөө гадаа явдаг дарга нар өнөөдрийн амьдралын тухай ярьдаг, хүмүүс ч энэ л тухай л асууж ярилцдаг байсан бол одоо дарга нар ч энд тэнд уулзалт хийхээрээ энэ л сайхан үлгэрээ яриад байдаг. Хүмүүс ч түүнд нь хууртаж сатаараад Оюутолгой, Таванттолгойн тухай асууж байгаад амар сайхандаа болох нь тэр. Сая УИХ-ын намрын уулган завсарлаад төрийн түшээд ихэнхи нь хөдөө орон нутагт явж цагаан сараар очоогүй сум орон нутагтаа очиж баахан дайлуулав даа. Тэдний ярьж байгаа нь бас л “Оюутолгой, Тавантолгой. Сайншандын цогцолбор. Төмөр зам” .
Тоть бол хүний хэл сурдаг ганц амьтан ч байж мэднэ. Гэхдээ заагаад өгчихсөн хэдэн үгийг л хэлээд байхаас биш цаашаа өөрөө хөгжихгүй. Тэгээд ч үг л хэлэхээс биш ямар хоол хийгээд өгдөг биш дээ.

Сэтгүүл Өлзийбаяр


URL:

Сэтгэгдэл бичих