Үйл явцыг яаравчлуулбал улстөрийн тогтворгүй байдал үүснэ

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгийн тойрогт нэр дэвшигчдийн маргаан үргэлжилсээр байна. Маргаантай гэгдэж буй дөрвөн нэр дэвшигчийн асуудлаас болж АН болон МАН өөр өөрсдийгөө “өмгөөлж” байгаа.  УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Ц.Цолмонтой ярилцаж байр суурийг нь сонирхлоо.

-Улстөрд нэлээд ширүүн тэмцэл өрнөж эхлэх нь. Томхон намуудын асуудлыг “Шударга ёс” бүлгийнхэн хэрхэн хүлээж авч байгаа бол?

-Миний хувьд Өвөр­хангайн асуудал шүүхээр бүрэн шийдэгдээгүй байсан юм байна гэсэн ойлголттой л байна. Анхнаасаа шүүхэд очсон асуудлыг тэнд нь эцэслэн шийдвэрлэхийг нь хүлээх ёстой гэж бодож байгаа.

“Шударга ёс” эвслийн бүлгээс өөрсдийн байр суу­рийг илэрхийлэх ёстой. Одоо­гоор зарим ги­шүүн маань ордонд орж ирж чадахгүй байгаа учраас бүлэг хуралдах ирц хүрэхгүй байна.

-МАН-ын зүгээс шүүх эрх мэдэл нэг намын гарт орчихлоо. Тиймээс асуудлыг хүчээр шийдэж байна гэсэн  мэдээллийг өгч байгаа. Үүнийг та юу гэж бодож байна?

-Сүүлийн үед Монголын шүүхийг ойлгохоо болиод байгаа. Шат шатны шүүхээс өөр өөр шийдвэр гаргадаг болсон.Хэрвээ буруу шийд­вэр гаргаад дээд шатны шүүхээс нь залруулж байгаа бол тухайн шийдвэр гаргасан шүүгчтэй хариуцлага тооцдог болох ёстой. Тэгэхгүй бол шүүгч нар гэж эдийн засгийн болон албан тушаалын ямар ч хариуцлага хүлээдэггүй бүлэг хүмүүс гарч ирээд байна. Олон асуудал тэдгээр бүлэг хүмүүсийн тоглоом болж байгаа нь харагдаж байна.

Хариуцлагын тогтолцоог өндөржүүлсэн системд нэвт­рүүлсэн цагт шат шатандаа зөв шийдвэр гаргах байх гэсэн бодолтой байдаг.

-Шүүхийн шинэчлэл гэж яриад байгаа. Одоогийн үүссэн нөхцөл байдлаас харахад шүүх шинэчлэгдэж чадаж байна уу?

-Хуулийн дагуу зөв шийдвэр гаргахыг л шинэч­лэл гэнэ шүү дээ.

Мөн сонгуультай хол­боотой асуудлыг шүүхээр шийдвэрлэх нь буруу гэ­сэн байр суурьтай байгаа. Сонгуулийг зохион бай­гуул­сан хороо л шийдэх ёстой. Тухайлбал, сая сон­гуулийн хороо нэг шийдвэр гаргачихсан байхад шүүхээс өөр шийдвэр гаргалаа. Энэ хоёр гишүүн биш нөгөө хоёр нь ялсан гэж байна. Тийм бол тэр сонгуулийн хорооны гишүүдийг шүүхийн ха­риуцлагад татах ёстой.

Энэ мэтчилэн шүүхийн шийдвэрүүд ойлгомжгүй, хагас дутуу гараад байна. Монголд дэг журам, шударга ёс тогтооё гэвэл буруу шийд­вэр гаргаад байгаа хэсгийн шийдвэрийг өөрчлөх бус шууд шийдэх хэрэгтэй.

-Өвөрхангайн мар­гаан  шүүхээр эцэслэн ший­дэг­дээгүй  байхад асуудлыг хү­чээр шийдээд байна уу, үгүй юу?

-Сонгуулийн ерөнхий хороо шийдвэр гаргаснаас хойш шүүхийн асуудлыг дахин задалж, хөндөхөөр санаархаж байна гэж би ойлгосон. Олон түмний нэг хэсгийг хамарсан бу­жиг­наан, эсэргүүцлийн цуглаан эхэлчихлээ. Тиймээс Сон­гуулийн ерөнхий хороо ч шийдвэрээ дахин авч үзэх байх. Ер нь энэ бол ингэж яарч шийдэх зүйл биш шүү дээ. Зөв шийд­вэрээр л үймээнийг газар авахуулахгүй шийдэх ёстой. Маргалдаж буй хоёр намын удирдлагууд, УИХ-ын дарга нар л зохицуулах байх гэж найдаж байгаа.

-Та яарах асуудал биш гэж байна. Гэхдээ ажлын бус цагаар УИХ-ын даргад Г.Батхүү,  Д.Зоригт нарын нэрийг өргөн мэдүүлж бай­гаа нь СЕХ-ныхон хэр яарч байгаагийн илрэл биш үү?

-Яарч байгаагийн тодор­хой учрыг сайн хэлж мэ­дэхгүй байна.

-МАН, МАХН нэгдчихвэл АН-ынхан  зөвхөн ИЗНН-тай хамтрах бэлтгэлээ хан­гаж, маргаантай тойргийн суудлыг хүчээр авах гээд байгаа юм биш үү ?

-“Шударга ёс” эвслийн зүгээс АН-тай байгуулсан эвслээ тараая, больё гэдэг асуудал тавиагүй. Тараах гээд байгаа нь  хувь хүмүүсийн таамаглал. Үндсэндээ тарж, бутрах тухай асуудал га­раагүй учраас АН-ынхан яарсан эсэхэд хариу хэлэх боломжгүй.

-МАН, МАХН-ын удирд­лагуудын дунд уулзалт бо­лох нь олширсон. Нэг дэх асуудал хэлэлцэгдэж байгаа гэсэн таамаг олон нийтийн дунд байгаа. Таны хувьд хоёр нам нэгдэнэ гэдэгт ямар байр суурьтай байгаа вэ?

-Хоёр байгууллагын нэгд­­лийн асуудал цаг хуга­цаа шаардах ажил. Яг Өвөр­хангайн тойрогтой хол­богдуулан АН-ын зүгээс үйл явцыг яаравчлуулбал улстөрийн тогтвортой бай­далд сөрөг нөлөө үзүүлэх байх гэж таамаглаж байна.

-Өнөөдрийн /өчигдрийн/ үйл явцыг ажигласан за­рим хүн ардчиллыг бий болгосон гэж цээжээ дэл­дэгсэд 22 жилийн дараа өөрсдийн гараар боомилж, булшиллаа гэж байна. Мон­голд ардчилал, шударга ёс  гэж байна уу. Та юу гэж бодож байна?

-Ардчиллыг булшиллаа гэж шууд хэлэх хэцүү. Яагаад гэвэл, ардчилал өөрөө өөрийгөө хамгаалдаг арга механизмтай шалгарсан  тогтолцоо. Тиймээс тодорхой хүмүүс алдаа гаргаж байгаа бол засч, залруулах бололцоо бий.

Энэ асуудлаар улстөрийн томоохон хүчнүүд гэж нэр­лэгддэг хоёр намын удирд­лагууд янз бүрийн төвшинд ярьж, хэлэлцээд Монгол төрийн эрх ашгийн үүднээс зөв зохистой зохи­цуулах бо­лолцоо зөндөө бий. Харин улстөрчдийн зориг зүрх ямар байгааг би хэлж мэдэхгүй.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих