Төрөлх хэл бичиг ба сэтгэлгээний чадавхи

Монгол хүний төрөлх хэл, бичгийн соёл бол үндэстний аюулгүй байдлын нэг гол чухал асуудал бөгөөд монгол хүний сэтгэлгээний далайц, ур чадавхи ямар байхыг шийдвэрлэх гол тулгуур үндэс нь юм. Төрөлх хэл, бичгээ сайн сураагүй, мэдэхгүй хүн гадаад хэлийг сайн сурах боломжгүй ба учир нь төрөлх хэлний дутуу дулимаг байдлаас шалтгаалан сэтгэлгээний ур чадвар нь сайн хөгжөөгүй байдаг учир гадаад хэлийг сайн ойлгож ухамсарлаж сайн сурч цаашид хэрэглэж чаддаггүй. Харин хамгийн наад захын хар яриаг нь тоть шиг цээжилж сармагчин шиг дуурайж л хэвшдэг…

Ямар ч хэлэнд өдөр тутмын хар ярианы ба шинжлэх ухаан мэдлэгийн мөн утга уран зохиолын хэл гэх мэт хэлбэрүүд байдаг. Гадаад хэл сурахын гол утга учир нь энэ хэлээр дамжуулж гадаадын мэдлэгийн сангаас шүүн тунгааж өөрийн мэдлэг, боловсролыг баяжуулах явдал билээ… Иймд гадаад хэл сурах нь өөрөө зорилго биш бөгөөд харин сурсан гадаад хэлээрээ дамжуулж хүн төрөлхтний хуримтлуулсан их мэдлэгийн сангаас Эх орондоо, Ард түмэндээ мөн өөртөө хэрэгтэй эрдэм мэдлэгийг сурч энэ мэдлэг ур чадвараа төрөлх Эх орон, Ард түмэн, Хүн та өөртөө зориулах явдал билээ. Аливаа хүний сэтгэлгээ, мэдлэг боловсролын суурь үндэс нь хэзээд төрөлх хэл бичгийн соёл, сэтгэлгээний далайц ур чадвар байдаг.

Хүн төрөлх хэлээрээ л бодож сэтгэж байж сэтгэлгээний чадавхи нь хөгждөг. Иймээс хүний төрөлх хэл нь хир хөгжсөн байна, төдийчинээн сайн боддог сэтгэдэг. Чухамдаа ийм учраас эхлээд бодож сэтгэдэг төрөлх унаган хэлний чадавхийг хөгжүүлэх нь сэтгэлгээний ур чадавхи хөгжихийн үндэс суурь нь юм. Мөн сайн зөв ном байнга уншиж тэндээс олсон мэдээллүүдийг хэлхэн бодож дэнсэлж үзэж амьдралын бодит аж байдалтайгаа эргэцүүлэн бодож байж л сая Оюун Ухаант Хүн болж энэ Амьдралын чин үнэн мөн үрүү ойртож байдаг…
Харамсалтай нь, сүүлийн 20-иод жилд зориуд гэж хэлж болохоор харийн явуулгын үр дүнд манай соёл, боловсролын тусгаар тогтнол алдагдаж түүний нэг ноцтой илрэл нь өнөөдөр манайд олон залуус маань зөв бичиж чадахаа больж бас ном уншихаа бараг больжээ. Иймээс тэдний маань мэдлэгийн далайц өргөн бус, сэтгэх хязгаар нь хумигдаж сэтгэлгээний ур чадавхи нь улам мохож байна. Мөн монгол хэл, монгол бичгийн хувьд бүрэн “маргиналжиж” – саармагжиж эхлээд байна! Латин үсгээр дүрэмгүй, хэллэгээрээ, сонсогдсноороо сараачдаг залуус улам их болсоор байна!

ЭНЭ БАЙДЛЫГ НЭН ДАРУЙ ЗАСАХГҮЙ БОЛ ХУВЬ ХҮНИЙ ХУВЬД АМЬДРАЛЫН ЭМГЭНЭЛ, УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙН УНАЛТ СҮЙРЭЛ НҮҮРЛЭЖ БАЙНА!!!

 

 

Одоо насандаа нэг ч ном бүтэн уншиж дуусгаагүй залуус улам их болсоор байна. Номыг өөр юу ч, ТВ ч, гар утас ч, интернэт ч орлож чадахгүй гэдгийг аль эрт олон янзын судалгаануудаар, олон хүмүүс амьдралаараа баталсан байдаг.  Хүн гагцхүү ном уншиж байж л тэндээс олж авч байгаа мэдээллүүдийг хооронд нь холбож сэтгэн бодож байж л сая оюун ухаан нь задарч хөгждөг, сэтгэлгээний чадавхи нь улам өндөр болдог.

Анх монгол хэлээр Аав, ээж гэж анхынхаа үгсийг хэлж ухаан орсон монгол хүний хувьд унаган төрөлх хэл нь монгол хэл, амьдрал соёлын орчин нь монгол юм. Зарим нэг гэнэн “санагдаж байгаагаараа бурдаг” хүмүүсийн ярьдгаар хоёр унаган хэл гэж байдаггүй, байх ч боломжгүй юм… Харин төрөлх хэлээ сайн сурсан, эзэмшсэн хүн аливаа хэлийг богино хугацаанд үр дүнтэй сурч хэрэглэж чаддаг билээ….

 

ТӨРӨЛХ ХЭЛ СОЁЛОО ХАЙРЛАЦГААЯ. МОНГОЛ ХЭЛ БИЧГЭЭ ХАМГААЛЦГААЯ.


МОНГОЛ ХЭЛ СОЁЛЫН ДАРХЛАА БОЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ!

 

                                                                                                

                                                                                              Х. Болорболд 2012.10. 06


URL:

Сэтгэгдэл бичих