Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөж магадгүй

УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт буюу 10 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг СЕХ-ны шийдвэрээр УИХ-д сонгогдсонд тооцож тангараг өргүүлэхээр болсон билээ. Энэ дагуу өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлж магадгүй байна. УИХ-ын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах албанаас гишүүдийн тангараг өргөхөд зориулсан цагаан эсгий олбог, төрийн далбаа, тангаргийг бичигт гарын үсэг зурах ширээ зэргийг бэлэн болгожээ.

Өвөрхангайн тойргоос УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд болох Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын хууль зөрчсөн үйлдлийг өдгөө шүүхийн шатанд хянаж буй. МАН-ын удирдлага, гишүүдийн зүгээс СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж, өчигдөр орой УИХ-ын даргын зөвлөлийн хуралд дайран орж, АН-ын нэр дэвшигчдийн тангараг өргөх асуудлыг хойшлуулах хүсэлт тавьсан билээ. Гэхдээ энэ асуудлыг УИХ-ын дарга ганцаараа шийдэхгүй, тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанд учир байдлаа ярилцахыг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн юм. Тиймээс өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Өвөрхангайн тойргийн асуудлыг хэлэлцэх бололтой.

МАН-ын зүгээс СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэн Төрийн ордныг тойрон гороолж, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Т.МАША

URL:

Сэтгэгдэл бичих