Их Монгол улсын хөгжлийг цаг ууртай холбон тайлбарлав
Гуравдугаар зуунд тохиосон ган Ромын эзэнт гүрний сүйрэлд нөлөөлсөн хэмээн эрдэмтэд эхлээд нотолж байлаа. Харин эсрэг үзэлтнүүд энэ бодлыг нь шүүмжилж “Бүх нийтийг хамраад буй дулаарлаар сүрдүүллээ” хэмээн үзсэн юм. Харин одоо Дундад Азийн тал хээрт XIII зуунд дулаахан, чийглэг байсан учир хэрцгий зангаараа харамсалтайгаар алдаршсан Чингэс хаан хүчирхэгжиж өөрийнхөө нөлөөг тарааж чадсан хэмээн «Science» сэтгүүл нотолж эхлэв.
Монголчуудын амьдрал бүхэлдээ гаршуулсан малаас ихээхэн хамааралтай байсан. Эзлэн түрэмгийлэх дайнд оролцож буй нэг дайчин дор хаяж 10 уналгын морь болон хоол хүнсэндээ хэрэглэх малаар нэмж өөрийгөө хангах ёстой байсан талаар бүлэг эрдэмтдийн нэг гишүүн болох Эми Хессл “Live Science” сайт дээр тайлбар байршуулжээ. Талд чийгшилт их болсон учир өвс ургамал ч сайн ургаж бүх төрлийн ан амьтныг тэжээлээр бүрэн хангаж чадсан гэнэ. XIII зууны дунд үеэс цаг агаар муудаж хуурайшилт ихтэй, хүйтэрч эхэлснээс хойш Монголын их эзэнт гүрэн задран унаж, түүний удирдагчид нь нийслэл хотоо тал хээрээс өнөөгийн Бээжин байрлаж буй газар руу шилжүүлжээ.
Тухайн үед Монголд өвс ургамал сайн ургаж байснаа гэнэт ургах нь багасч эхэлснээр түрэмгийлэл эхэлсэн хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна. Дээрх хоёр таамаг буюу нэг нь Монголтой, нөгөөх нь Ромын эзэнт гүрнүүдтэй холбоотой бөгөөд эрдэмтэд модны цагиргийг судалж ийм дүгнэлтийг хийж байгаа юм. Өргөн хүрээтэй модны цагираг нь тухайн үед өвс ургамал сайн ургах нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг харуулна, харин нарийсах бүрийд цаг уур муудаж эхэлсний гэрч болно. Хэрэв нэг жилийн цагиргийг түүхэн он тоололтой харьцуулах юм бол их сонин холбоосыг олж илрүүлэх юм байна.
Мэдээж хэрэг монголчууд ч тэр, ромчууд ч тэр цаг уурын өөрчлөлтөд ямар ч нөлөө үзүүлж байгаагүй. Тэд тэрхүү өөрчлөлтөд дасан зохицож байлаа. Гэсэн хэдий ч ийм тодорхойлолтыг дэвшүүлж буй эрдэмтэд сэтгэлээ барьж дийлсэнгүй бололтой сонин харьцуулалтыг хийж гүйцэтгэжээ. Ер нь түүхэн үйл явдлыг тайлбарлах нь тэр бүр оновчтой бус, хоорондоо зөрчилдсөн өнгө аястай байдаг нь нууц биш. Магадгүй Монголын их эзэнт гүрэн цэцэглэж, хүчирхэгжиж байсан нь өөр шалтгаантай ч байж болно.
Байгаль цаг уур болон хүн төрөлхтний соёл иргэншлийн хоорондын харилцаа холбоог судлах явдал идэвхжиж эхэлмэгц их энгийн мөртлөө гүн гүнзгий санааг энд онцлох хэрэгтэй болов уу. Байгаль цаг уурын өөрчлөлт нь хүний нийгэм хэрхэн амьдарч үйл ажиллагаа явуулж байгаад нөлөөлж болно. Байгаль цаг өөрчлөгдөхийн хэрээр дэд бүтцээ, амьдралын хэв маягаа эсвэл ямар нэгэн хөдөлгөөнөө хүртэл өөрчлөхөд хүрнэ. Зарим нэг талаар ийм байдал сайн тусч болох бөгөөд монголчуудад лав сайн нөлөөлсөн гэдэг тодорхой. Гэтэл ихэнх хүмүүст дулаарлын үр дүн сөргөөр нөлөөлж эхлэх бөгөөд тэд Чингэс хааны нөлөөнд автсан орнуудын ард түмэн шиг болох нь гарцаагүй. Гэхдээ л өнгөрсөн үетэй харьцуулахад хүмүүст өнөөдөр илүү боломж бий. Харин эдгээр боломж нь нэлээд хязгаарлагдмал гэдгийг бодох хэрэгтэй.
“The Washington Post” сониноос хөрвүүлэв
Т.БҮРЭН
URL: