Нийслэлийн хэмжээнд нийт 66 клиник сувиллаас зөрчил илрэв

Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран хувийн хэвшлийн клиник сувилалуудад хяналт, шалгалт хийжээ. Энэ талаар Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргалаас тодрууллаа.

-Хувийн хэвшлийн байгууллагуудад шалгалт хийсэн гэлээ. Хэчнээн клиник сувилалд шалгалт хийснээс хэдэд нь зөрчил илэрсэн бэ?

-Эрүүл мэндийн яамнаас хувийн хэвшлийн нийт 152 сувилалд шалгалт хийсэн. Үүнээс 66 байгууллагаас  зөрчил илэрлээ. Тухайлбал, тухайн байгууллага үйл ажиллагаа явуулах ямар ч зөвшөөрөлгүй, эсвэл тодорхой хаяг байдаггүй гэх мэт. Мөн зарим байгууллагын хувьд зөвшөөрөлтэй хэрнээ зургаан сарын турш үйл ажиллагаагаа явуулаагүй байсан юм. Эрүүл мэндийн яамнаас сувилал гэсэн зөвшөөрлөө авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй бол хаах хүртэл арга хэмжээ авна гэсэн хуулийн заалт байдаг.

-Цаашид дээрх гарсан зөрчлүүдийг арилгах үүднээс ямар арга хэмжээ авах вэ?

-Тухайн байгууллагын үйл ажиллагааг ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл түдгэлзүүлээд, алдаа, дутагдлаа зассан бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхийг нь олгоно. Хэрэв үгүй бол Эрүүл мэндийн сайдын зөвлөлөөр  хэлэлцүүлж үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч болох эсэхийг шийдэх юм. Энэ тал дээр бид сайн нягталж үзэж байна. Яагаад гэвэл үүний цаана бас хүний амьдрал байгаа шүү дээ.

-Ер нь сувилал гэлтгүй эмнэлгүүдэд эмч, сувилагчийн орон тоо бага байдаг гэдэг. Тэгсэн хэрнээ яагаад зөвшөөрөл олгоод байна вэ?

-Тухайн байгууллагаас тус­гай зөвшөөрлөө авахдаа эмч, сувилагчийнхаа талаар материал бүрдүүлээд ирдэг. Яг үйл ажиллагаа явуулахаараа орон тоо бага гээд гараад ирдэг. Үүн дээр илүү сайн хяналт шалгалт явуулах болно. Ер нь бол хязгаарлахдаа гол нь биш. Иргэдийн эрүүл мэнд хамгийн чухал асуудал юм.

-Зөвшөөрөлгүй гэхээс үүдээд эм тарианы чанарын асуудал бас гарч болно. Энэ тал дээр ямар байна вэ?

-Гадаадын улсуудаас орж ирж буй эм тариа бүгд улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Зарим сувиллуудын эм тариа хадгалах хугацаа дууссан, буруу нөхцөлд хадгалсан, булингартсан, мөн шаардлага хангахгүй гэсэн тохиолдол хэд хэд гарсан. Үүн дээр ч бид арга хэмжээ авах талаар ярьж байгаа.

Т.Болорцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих