УЛААНБУУДАЙГ УРАМШУУЛЖ ХАНАСАН БИШ ҮҮ

Дэлхийд улаанбуудайн үнэ өсөж эхэллээ. Америкийн тариаланчид баяртай байна. Учир нь тэд тонн улаанбуудайгаа 327.2 ам.доллараар худалдаж эхэллээ. Харин америкчууд дурамжхан байна. Тэдний байнгын хэрэглээ болсон бургер, донат, бялууны үнэ өсөх нь тодорхой болов. Харин Монголд тариаланчид ч, иргэд ч өөдрөг байна.

Тариаланчид улсад тушаасан тонн улаанбуудай тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал авахаар болсон бол дотоодын хэрэгцээнээс илүү гарсан ургац хураан авч буй нь ирэх онд гурилын үнэ өсөхгүй гэсэн сайн мэдээг дагуулж байгаа юм. Харин урамшуулал өгөх гэж буй Засгийн газар дурамжхан байна.

Төсвийн орлого нь буурч, бүсээ чангалахаас өөр сонголтгүй байтал тариаланчид тонн улаанбуудай тутамдаа 50 биш 100 мянган төгрөг авна хэмээн гүрийжээ. Засгийн газар ч энэ хүсэлтийг нь ёсоор болгож, нэмэлтээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт суулгаж, 2013 оны эхний улиралд багтаан олгохоор шийдэж, гарын үсэг зурцгаажээ.

ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ 15 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЧАА НЭМЛЭЭ

Ингэхэд улаанбуудайн урамшуулал гээчийг одоо боливол яасан юм бэ. Өнгөрсөн онд манай улс мөн л дотоодын хэрэгцээнээс ахиу ургац авч, гадагш экспортлох тухай ярьж эхэлсэн. Энэ онд 468 мянга буюу хэрэгцээнээсээ даруй 140 мянган тонноор илүү улаанбуудай хураан авах тооцоо гарсан байна. Газар тариалангийн салбар хөлөө олж эхэлсэн ажээ. Уг нь мөнөөх урамшууллыг “Атрын III аян”-ыг хэрэгжүүлж, газар тариалангийн салбарыг хөл дээр нь босгох гэж зохиосон. Бүр тодруулбал, гурил, улаанбуудайн хэрэгцээнийхээ тал орчим хувийг ОХУ-аас худалдан авдаг, импортоос хараат байдлыг зогсоох гэж, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийн тулд урамшуулал өгч эхэлсэн. Гэтэл “Атрын III аян”-ыг хэрэгжүүлэх хугацаа хоёр жилийн өмнө дууссан байтал урамшуулал олгож, толгойг нь илдэг нь л үлдэж хоцорчээ. Энэ оны төсөвт улаанбуудайн урамшуулалд зориулж 15 тэрбум төгрөг төсөвлөсөн байж. Гэтэл тонн тутамд нь 50 мянган төгрөгийн урамшуулал олгох байсныг 100 мянга болгож нэмснээс үүдэж, дахин 15 тэрбум, нийтдээ 30 тэрбум төгрөг тариаланчдад бэлэглэх нь. Бид тийм баян улс бишсэн.

ТАРИАЛАНЧИД БОЛ БИЗНЕСМЕН

Тариаланчид бол бизнесмен. Мөнгө олохын тулд тэд газар авч, хавар, зунжин өнөөхөө арчилсаар намар ургацаа хураан аваад худалдана. Гурил гээч нь хүний амьжиргааны хамгийн гол хүнс болохоор Засгийн газраас үүнийг иргэддээ хямд үнээр хүргэх, дотооддоо түүхий эдийг нь бүрэн хангахыг зорьж л тэднийг дэмжсэн. Хямдралтай үнээр шатахуун олгоно, техник хэрэгслээр хангана. Тариаланчид улаанбуудайгаа зарах гэж зовохгүй, төр бүгдийг нь худалдаад авчихна. Бүр дээрээс “бонус” мөнгө авахыг нь яана. Монголд байтугай дэлхийд ийм эрх, давруу бизнесменүүд байна уу. Монголын эдийн засаг уул уурхайн түүхий эдийн үнээс шууд хамааралтай байдаг. Нийт экспортын 50 орчим хувийг эзэлдэг нүүрсний үнэ унахад л улсын төсөвт хэрхэн нөлөөлж байгааг бид харж байна. Хаашаа ч эргэж мэдэх ойворгон төсөвтэй хэрнээ улаанбуудайн урамшуулал мэтэд 30 тэрбумаар нь мөнгө бэлэглэх шаардлагагүй л баймаар.

Энэ жилийн ургацын урьдчилсан тооцоогоор 468 мянган тн улаанбуудай хураан авч, 2013 оны тариалалтын үрэнд 47.3 мянга, улсын үрийн нөөцөд 8.3 мянга, тэжээлд 20 мянга, спиртийн үйлдвэрт долоон мянган тонныг зарцуулах юм байна. Ирэх онд улсын хэмжээнд 240 мянган тонн гурил хэрэглэх тооцоо байгаа бөгөөд үүнийг үйлдвэрлэхэд 328 мянган тн улаанбуудай шаардлагатай ажээ. Үүн дээр өдгөө Тариалан эрхлэлтийг дэмжих санд өнгөрсөн жилийнхээс үлдсэн 161 мянган тонн улаанбуудайн нөөц бий.

Гэтэл дээрх хэмжээгээр зарцуулсаар байтал 218.5 мянган тонн улаанбуудай үлдээд байгаа аж. Үүнийг БНХАУ болон Ойрхи Дорнодын зарим орон руу экспортлохоор төлөвлөжээ. “Үр тариа хомс байна хэмээн гадаадаас очиж буудай гуйдаг сайдтай байсан бол сайд нь очоод манайх танайд буудай экспортолмоор байна гэж хэлдэг болчихвол энэ дэвшил юм” хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ярьж байсан. Тэртээ тэргүй төсвийн орлого буурсан энэ үед “Одоо улаанбуудайн урамшуулал олгодгоо больё” гэчихвэл энэ ч бас дэвшил мөн билээ.

ДЭЛХИЙН УЛААНБУУДАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРЧЭЭ

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам энэ оны ургацын таамгаа бууруулснаас үүдэж улаанбуудайн үнэ сүүлийн долоо хоногийнхоо дээд түвшинд хүрч өссөн тухай “Bloomberg” мэдээлэв. Энэ онд дэлхий нийтээр 653.05 сая тонн улаанбуудай хураан авахаар тооцоолж байснаас даруй 3.5 хувиар бага үзүүлэлт болжээ. “Уг түүхий эдийн ургацын таамгаа ОХУ, Канад, Австрали зэрэг улс бууруулчихаад байна. Ирэх онд дэлхий нийтээр улаанбуудайн хомсдолд орж магадг үй нь” хэмээн “Central states commodities”-ийн шинжээч Жэйсон Бритт ярьжээ. АНУ л гэхэд оны эхэнд 315 сая бушель улаанбуудай хураан авна гэж тооцоолж байснаа өдгөө 220 сая болгож бууруулсан байна. Түүнчлэн уг түүхий эдийн арванхоёрдугаар сарын фьючерс ханш 8.86 (бушель нь) ам.доллар болж, 1.9 хувиар өсчээ. ОХУ ирэх онд 38, Канад 26.7, Австрали 23 сая тонн улаанбуудай хураан авахаар төлөвлөж буй юм байна.

Т.ЖИГҮҮР


URL:

Сэтгэгдэл бичих