Р.Амаржаргал: Засгийн газрын бонд үр ашиггүй зүйлд зарцуулбал өрийн сүлжээ болно

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай төсвийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Шинэчлэлийн Засгийн газар төсвийн төслийн анхны хэ­лэлцүүлгээ өндөрлүүллээ. Төсвийн танилцуулгыг хийх үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ удаагийн төсвийн төс­лийг үхэн хатан хамгаалахгүй. Гэхдээ хамтарч ажиллая” гэж хэл­сэн. Үүнийг та эдийн засагч гишүүний хувьд ямар өнц­гөөс харж байна вэ?

-Энэ  удаагийн төсвөөс шинэчлэлийн үнэр огт үнэртэхгүй бай­на. Шинэ Засгийн газраас хүмүүс маш их зүйл хүлээж бай­сан боловч харамсалтай нь түүнийг нь биелүүлж чадсангүй. Үүний­гээ шинэ Засгийн газрын тэргүүн нь өөрөө хүлээн зөвшөөрсөн байх. Учир нь төсвийн танилцуулга хийх явцдаа төсвөө хаацайлж, хамгаа­лахгүйгээ мэдэгдээд та нар өөрсдөө мэд гэсэн. Энэ мэдэг­дэл олон хүнийг цочролд орууллаа гэж би хувьдаа дүгнэж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд нь төсвөө би хамгаалахгүй, мэдэхгүй та нар өөрсдөө хэлэлц гэж байгаа нь хариуцлагын тухай асуудлыг хэнтэй яаж ярих нь ойлгомжгүй болчихож байгаа юм. Гэтэл энэ мэдэгдлээ хийснийхээ дараа нь “Би хариуцлагын тухай онцгой анхаарч байгаа шүү” гэсэн нь ард түмнээрээ даажигнаад байгаа юм уу, яагаад байгаа юм. Миний хувьд иймэрхүү л ойлголттой байна даа.
-Энэ удаад орон нутагт төсвийг захиран зарцуулах эр­­хийг нь олголоо. Хууль эрхзүйн орчин ямар байх бол?

-Энэ удаад биш л дээ. Тодруул­бал, 2011 оноос эхлээд төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тодорхой өөрч­лөл­түү­дийг оруулсны үр дүнд энэ өөрч­лөлтүүд гарсан. Тиймээс ч ирэх оны төсөв шинэ агуулгаар томъёологдож батлагдах гэж байна. Энэ бол шинэ зүйл биш аль гурван жилийн өмнөөс яригдаж байсан асуудал 2013 оны төсөвт биеллээ олж байгаа хэрэг.

 
-Эдийн засагч гишүүнийхээ хувьд энэ удаагийн төсөвт  яагаад гар дүрээгүй юм бэ. Нөгөө­тэйгүүр томилгоон дунд үлдсэн учраас таныг намдаа тунир­­хаж байгаа хэмээн дүгнэж байна?

-Би энэ асуултад юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Үгүй гэж хэлж чадахгүй нь. Гэхдээ тийм ээ гээд өөрийгөө зөвтгөөд байлтай биш дээ. Тиймэрхүү юманд тунирхаж, гомдоллож явдаг нас хэдийнэ өнгөрсөн. Яах вэ, одоогоос 20 жилийн өмнө байсан бол шаралхаад жаахан юм дуугарах л байсан байх. Харин одоо бол тиймэрхүү зүйлийг тоохоо больсон. Төсвийг боловс­руу­лахдаа намайг татаж оруул­цуулаагүй. Оролцуулах ч ёс­гүй байх. Учир нь төсөв боловсруулах  үүрэгтэй Засгийн газар, яам нь байхад тэдгээр хүмүүс үүргээ сайн биелүүлэх ёстой байсан байх.

 
-Шинэчлэлийн гэх нэрийн дор танай Засгийн газар яг ямар шинэчлэл хийх гээд байгаа нь ойлгомжгүй бай­саар өдийг хүрлээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг болтол?

-Шинэчлэлийн гэх нэрийн дор яг юу нь шинэчлэгдэх гээд байгаа нь ойлгомжгүй байна. Уг нь АН энэ удаад  харьцангуй шинэ маягаар хөтөлбөрөө боловс­руулж сонгуульд өрсөлд­сөн. Харин урьд өмнө нь эдийн засгаа яаж хөгжүүлэх талаар барилга, хөдөө аж ахуй, зам тээврийг дандаа хөгжүүлнэ гэж ярьдаг байсан юм. Гэхдээ яг юу нь хөгжөөд байгаа нь нүдэнд харагддаггүй байсан.

Эрхэтгүй л нэг нь хөгжүүлж, нөгөө нь хөгжсөн байх. Харин энэ удаад АН-ынхан бүгдээрээ ингэж хийс­вэр зүйл ярихаа болъё гэж тохиролцоод хүн дээрээ төвлөрсөн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Тодруулбал, АН ажилтай, орлоготой монгол хүн бол бидний зорилго гэж тодорхойлсон шүү дээ. Иргэнээ яаж ажилтай, орлоготой болгох гээд байгаагаа 2013 оны төсөвт тусгасан  байх учиртай.

Гэтэл ажил­­­тай, орлоготой монгол хүн болгох зүйл төсвөөс харагд­сангүй. Өөрөөр хэлбэл, АН-ын тамгатай цоо шинэ зүйл энэ удаагийн төсвөөс юу ч олж харсангүй. Ялангуяа хүнээ яаж ажилтай, орлоготой болгох юм бэ гэдэг нь харагдсангүй. Үүнийгээ яаж хийх ёстой байсан юм бэ гэхээр ажиллах хүчний балансыг ажиллах хүчний зах зээлд жилд хэдэн хүн орж, гарч байна.

Түүний хүйсийн бүтэц ямар байна. Хэд нь эрэгтэй, эмэгтэй, нутаг дэвсгэрийн хувьд ямар байгаа бол. Зөвхөн ажиллах хүч гэдэг өнцгөөс нь авч үзээд ерөнхий динамик нь ийм байна, ерөнхий хандлага нь ийм гээд гаргах ёстой байхгүй юу. Өнөөдөр ажиллах хүчний зах зээлийн хамгийн эмзэг сэдэв бол баруун бүс нутаг. Тэгвэл баруун бүсийн хөдөлмөрийн зах зээлийг зохицуулсан ийм, ийм зүйлийг хийхээр төлөв­лөлөө гээд тэр нь төсөв дээр уншигдаж байвал үнэхээр юм хийхээр оролдож байгаа юм байна гэж харагдана.

Гэтэл ийм зүйлийг олж харсангүй. Хамгийн энгийн жишээ хэлэхэд иргэний аюулгүй амьдрах ямар ч нөхцөл алга. Гудамж, талбай гэрэл­түүлэггүй амьд явах ямар ч баталгаагүй л байгаа биз дээ. Харанхуй гудамжаар явж байхад чинь нэг нөхөр хажуугаас чинь цүнхийг чинь булаана, аягүй бол эмэгтэй хүн байвал хүчиндээд хаячихна. Гэтэл дараа нь эрх баригчид улс орон яагаад хөгжихгүй байна аа, ямар заваан, балиар юм бэ гэдэг байхгүй юу.

Яаж хөгжих юм бэ. Харанхуй юм чинь. Хамгийн наад захын жишээ нь тэр гэрэлтүүлгийн мөнгө чинь төсвийн хаана нь байгаа юм. Хот төлөвлөлт дотор хаана нь явж байна гэхээр байхгүй. Тийм зүйлээ хийгээгүй байж ард иргэдээ аюулгүй орчинд амьдруулна гээд олон юм яриад сууж байгаа юм. Ер нь одоогийн байдлаар Х.Тэмүүжин сайд эмнэл­­­гийн барилгыг оффис болгох эсэхийг л хараад сууж байна.

Энэ нь тэдний хувьд гол асуудал болчихоод байна. Ер нь сүүлийн 10 гаруй жилийн турш манай парламентад нэг л зүйл ажиглагдаж байгаа юм. Тодруулбал, чимхлүүр зүйлийг барьж авч ажилладаггүй. Цээж­ний бангаар сэлсэн хүмүүс. Тийм хүмүүстэй маргах хэцүү, маргахгүй байх хэцүү л байна. Зүй нь гэрэлтүүлгийн төвшинд хүрч задлан шинжилгээ хийгээд түүн дээрээ тулгуурлаад нэгт­гэж дүгнээд төсөвтөө оруулах ёстой.

 
-Төсвийн алдагдлаа нөхө­хийн тулд Засгийн газар анх удаа бонд гаргах гэж байна. Энэ нь үнэхээр Ц.Нямдорж гишүүний хэлсэн шиг өрийн сүлжээ болно гэж үү?

-Болно. Буруу зүйлд ашиг­лавал өрийн сүлжээ болно. Гэхдээ зөв зүйлд зарцуулбал өрийн сүлжээ биш хөгжлийн бас нэгэн хөшүүрэг юм. Манай Засгийн газарт нэг л санхүүгийн эх үүсвэр байна. Юм  л бол бонд гаргана гэдэг. Тэгвэл бондоос өөр санхүүгийн эх үүсвэр байж болдоггүй юм уу. Гаргах гээд байгаа таван миллъярд ам.долларын бонд  гэдэг чинь өнөөдөр бараг Монгол Улсын төсөвтэйгээ  тэнцэх хэмжээний мөнгө. Ямар хүүтэй гаргах гэж байгаа, юунд зориулагдах гэж байгаа нь ойлгомжтой л доо.

 
-Газрын тосны татвараас төсвийн тодорхой хувийг бүр­­дүүлэхээр боллоо?

-Бүрдэх ёстой.Урьд өмнө нь газрын тосноос татвар авдаг л байсан шүү дээ. Харин энэ удаад  газрын тосны салбарт бүтээг­­дэхүүн хуваах гэрээний дагуу өгчихсөн байсан тодорхой хөн­гө­лөлтүүдийг болиулж бай­гаа юм.

 
-Нийгмийн баялгийг хуваа­рилах хамгийн оновчтой хэл­­­­­­­­бэр нь хүүхдийн мөнгө мөн үү?

-Мөн. Нийгмийн баялгийг хуваа­­рилах хамгийн том хуваа­рилалт нь хүүхдийн мөнгө. Хэдийгээр нийгмийн баялгийг хуваарилдаг маш олон янзын арга бий. Гэхдээ хамгийн оновч­­той хувилбар нь хүүхдийн мөнгө.

Х.Өнөржаргал

Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих