Амьдрал буцалсан нийслэл

Дэлхийн хотууд засаг захиргааныхаа бүтэц, зохион байгуулалтыг хүн амын нягтрал, суурьшил, газар нутгийн онцлог, хот байгуулалтын түүхэн уламжлалдаа тулгуурлан тодорхойлсоор ирсэн түүхтэй. Манай орны хувьд 1921 оноос өмнө нийслэл хүрээний хэргийг эрхэлсэн засаг захиргааны байгууллага гэж байсангүй. Тухайн үед Хүрээ нь сум хийдийн уламжлалт зохион байгуулалттай, лам нарын 30 хороо байсан нь Эрдэнэ Шанзавын яаманд, бусад иргэд Түшээт хааны, Түшээт вангийн, Дайчин бэйсийн, Засагт хааны, Амбан хааны, Цэцэн вангийн, Сайн ноён хааны зэрэг 23 хороонд, манж болон хятадын иргэд Манж сайдын газарт харьяалагдаж байжээ. 1921-1924 онд Нийслэлийн хүрээний засаг захиргааны хэргийг Дотоод яам эрхэлж байв. 1923 оны 10 дугаар сарын 13-нд хуралдсан Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал хотын захиргаа байгуулах асуудал хэлэлцэж, Засгийн газраас томилогдсон комисс “хотын түр захиргааны дүрэм” боловсруулан 1924 оны гуравдугаар сарын долооны өдөр Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн батлуулжээ. 1924 оны 10 дугаар сард хуралдсан БНМАУ-ын Анхдугаар Их Хурал Нийслэл хүрээг Монгол Улсын нийслэлээр зарлан тунхаглаж “Улаанбаатар” гэж нэрлэн хотын түр захиргааг жинхэнэ захиргаа болгосон түүхтэй. Улаанбаатар засаг захиргааны үндсэн нэгж болохоос өмнө хотын үндсэн иргэн гэж байсангүй.

Эзэн ноёндоо бараа болж энд тэндээс ирсэн албат, сүм хийдэд шавилан суугаа үр хүүхдээ бараадсан эсвэл амьдралын эрхээр хүрээ бараадсан хэрмэл иргэд л амьдардаг байв. 1925 оны дөрөвдүгээр сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал хотын харьяат гэж хэнийг хэлэх тухай хэлэлцээд “…хотод үргэлж суух бөгөөд хөдөө салбар гэр оронгүйг нь хотын жинхэнэ харьяат болговол зохих тул ялган салгаж явуулахыг гүйцэтгэхээр тогтов” гэжээ.1927 оны байдлаар Улаанбаатар хотын жинхэнэ харьяат ардын үнэмлэхтэй 510 өрхийн 1497, түр үнэмлэхтэй 4321 өрхийн 11533 иргэн оршин сууж байсан мэдээ бий.*1925-1940 оны хооронд хотын захиргааны үйл ажиллагаа төлөвшиж, иргэдийн идэвх санаачилга өрнөсөн жилүүд байлаа.

Улаанбаатар хот 1928 онд зургаан хороо, 133 хоринтой байсан бол 1948 он гэхэд хороо 10, хорин 141 болжээ.Үндсэн хуулийн дагуу хороог Засаг захиргааны үндсэн нэгж болгосонтой холбогдуулан 1959 онд хоринг татан буулгаж, 114 хороо болгон эмхэлж, 1962 онд Уурхайчдын хороог Налайх хот болгов. Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил үйлс урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй өрнөж, аж үйлдвэр, төмөр зам, худалдаа үйлчилгээ, нийгэм соёлын байгууллага олон арваараа байгуулагдах болсноор хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжин суурьших их нүүдлийн эхлэл тавигдаж эхэлсэн юм. Хотжих үйл явцын эрчимжилтийг харгалзан БНМАУ -ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын Засаг захиргааны бүтцийг хөгжлийн хандлагад нийцүүлэн райончлохоор шийдвэрлэж Сүхбаатар, Октябрь, Найрамдал, Ажилчин гэсэн дөрвөн районд хувааж, Налайх хотыг район эрхтэйгээр Улаанбаатарт харьяалуулав.

1973 онд Гачуурт хороог Төв аймгаас хотын гүйцэтгэх захиргаанд шилжүүлж, 1979 онд Багануурын район, 1983 онд Туул хороо байгуулагдав. Монгол Улсын Үндсэн хууль болон “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын 1992 оны есдүгээр сарын 69 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын Засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж Сүхбаатар, Октябрийн раойныг тус бүр хоёр хувааж Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Найрамдлын районыг Баянзүрх, Ажилчны районыг Хан-Уул дүүрэг гэж өөрчлөн зохион байгуулсан билээ. Ийнхүү 1639-1651 онд “Өргөө”, 1651-1706 онд “Номын хүрээ”, 1706-1911 онд “Их хүрээ”, 1911-1924 онд “Нийслэл Хүрээ” хэмээн олноо өргөмжлөгдөж, 1924 оноос “Улаанбаатар” гэж дэлхий ертөнцөд зарлагдсан Монгол Улсын гал голомт өнөөдөр есөн дүүрэг, 152 хороо, 1090 хэсэгтэй, 1161785 хүн амтай болж дэлхийн том хотуудын жишгээр хөгжин дэвжиж байна.

Нийслэлийн шинэ түүхийн Засаг захиргааны өөрчлөлт, өсөлт хөгжилт манай орны хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой. Бидний хувьд орчин цагийн хот байгуулалтын голдрилд өнгөрсөн зууны тавиад оноос орсон гэж түүхчид ярьцгаадаг. Улаанбаатарын үүслийн шав тавигдаж байсан зургаан жарны тэртээх 1639 онд дэлхийн суутай хотуудын нэг Нью-Йоркийн шан татагдаж байсан гэдэг. Үүнээс ургуулан бодвол өөрийн гэсэн онцлог, өнгө төрх, шийдэл бүхий хот байгуулах үйл хэрэгт үе үеийн ур ухаант архитекторууд, ажилсаг хичээнгүй барилгачид, ашдын сайхны төлөөх өөдрөг сэтгэлтнүүдийн оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Хот байгуулалтын хөгжил өргөжихийн хэрээр хүн амын нягтрал жам ёсоор ихсэж тэдний ахуй амьдрал, ажил хөдөлмөрийн орчин нөхцөлд нийцсэн шийдлийг олох, засаг захиргааны зөв бүтэц бүхий зохион байгуулалтад оруулах асуудал үе үеийн удирдлагуудын ухаан зарж, ужиг тайлах шалгуурын хэмжүүр болдог аж.

Тэр тусмаа нүүдлийн соёл иргэншилтэй ард түмний үр удмыг суурьшмал амьдралд зохицуулан нийгэмшүүлнэ гэдэг санааны зоргоор биеллээ олдоггүй, ихээхэн цаг хугацаа шаардсан уйгагүй хөдөлмөрийн үр дүнгээр хэмжигддэг гэдгийг нийслэлчүүдийн түүх гэрчилдэг.Тархай бутархай, тавлаг амьдралын хэв маягаас төвлөрөл суурьшлын дэг ёсонд шилжинэ гэдэг сэтгэл зүйн төдийгүй нийтийн соёлын хүрээнд ч ихээхэн бэрхшээл учруулдгийг нийслэлийнхний өдөр тутмын ахуй амьдралын дүр зураг харуулсаар байна. Хамгийн гол асуудал юунаас эхлэх ёстой вэ? гэвэл “нэгдсэн зохион байгуулалт”-аас гэж хариулж болох байх. Бие биенээсээ хамааралтай иргэдийн нэгдмэл зохион байгуулалттай хэв маягийг хотын амьдрал гэж хэлж болно. Чи хэн нэгний эрх ашгийг хөндвөл чиний эрх ашиг бас хөндөгдөнө гэдэг зарчим хотод үйлчилдэг.

Энэ бүхнийг зохицуулахад хотын засаг захиргааны бүтцийн байгууллагууд, ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлага, үүрэх ачаа жил ирэх тусам нэмэгдсээр байгааг дээр дурдсан тоо баримтууд гэрчилнэ. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, иргэдийг хот нийтийн амьдралд ухамсартай, идэвх санаачилгатай оролцуулах, нийслэлийн иргэний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор хороодод хэсгийн ахлагчдыг томилон ажиллуулж байна. Энэ зохион байгуулалт 1960-аад оноос гудамжны ахлагч, аравтын дарга, орцын ахлагч, байрны дарга, хэсгийн ахлагч гэсэн сонгуультны хэлбэрээр хэрэгжиж байв. Харин хороо засаг захиргааны анхан шатны нэгж байхаар хуульчлагдсан явдал хэсгийн ахлагч нарын ажил, үүргийн хуваарь тодорхой болж, албажуулах нөхцөл бүрдсэн юм. Тэдэнд 1998 оноос улиралд 5000 төгрөгийн, 2000 оноос 15000 төгрөгийн урамшуулал олгодог байв. Хэсгийн ахлагчдын ажлын ачаалал, хүлээх хариуцлага, засаг захиргааны үндсэн нэгжийн үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6/33 дугаар тогтоолоор тэдэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх урамшууллыг 2007 оны нэгдүгээр сараас эхлэн улирал тутамд, 2009 оны 4/24 дүгээр тогтоолоор 2010 оны нэг үгээр сараас эхлэн cap тутамд 50000 төгрөг, 2010 оны 6/47 дугаар тогтоолоор cap тутамд 108000 төгрөгийн урамшуулал олгож байхаар шийдвэрлэсэн юм.

Энэ бүхэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009-2012 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан “Хороо хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд дорвитой ахиц гаргах шийдэл боллоо. Хэсгийн ахлагчдыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын урган төлжих үржил шимт хөрсийг арчлан тордож, үйл ажиллагааны арвин ургацын цэцэрлэгч хэлж болно.Мэдээж тэдний ажил хүндрэл бэрхшээлтэй, айл өрхүүдээр хэрэн бэдэрч, амьтан хүний аяыг олно гэдэг амаргүй даваа.Тэд нийслэлийн хэмжээнд нийтээр дагах хэм хэмжээг мөрдүүлж, иргэний үүргийн биелэлтийг хангуулах, хяналт тавих, иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх.нийслэлийн хөгжилд оруулах иргэдийн хувь нэмрийг идэвхжүүлэх, тэднийг хороо, дүүрэг, цаашлаад хотын төр, захиргааны байгууллагатай холбож байх бүтээлч сэтгэлгээний бөхийшгүй гүүр болох учиртай. Өнөөдрийн байдлаар нэг хэсгийн ахлагчид ноогдох өрхийн тоо төвийн дүүргүүдэд 300 орчим, хүний тоо 1200, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт 200 орчим өрх, 800 гаруй иргэн ноогдож байна.

Үүнийг хотын хэмжээнд дунджилвал нэг хэсгийн ахлагчид 263 өрх, 1066 иргэн ноогдож байгаа юм./Энэ нь томоохон сумын төвийн айл өрх, хүн амын тоотой дүйцэж байна/ Хотын хөгжлийг дагасан хүн амын механик өсөлт, хүн амын өсөлтөөс үүдэлтэй газар нутгийн тэлэлт зэрэг нь засаг захиргааны бүтцийг боловсронгуй болгох төдийгүй олон сөрөг үр дагавар үүсгэж, шил шилээ дарсан шийдвэрлэх асуудлын хөндүүр сэдэв хэвээр байна. Өнөөгийн нийслэлийн удирдлагууд амьдрал буцалсан хотод алхам тутамд учирдаг тулгамдсан асуудлуудыг хэтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн ул суурьтай шийдвэрлэхийг зорьж байгаа нь төр, засгийн дэмжлэг, иргэдийн талархал хүлээж байна.

Б.Болорчимэг


URL:

Сэтгэгдэл бичих