Цаст Цамбагаравын нутгийг 34 жил ашиглах Дарьтын уурхай дахь хятадуудын вант улс

Домборын эгшигтэй, Алтай таван Богдтой, бүргэдийн домогтой баруун аймаг Баян-Өлгийд 24tsag.mn-ий сурвалжлагч 24 цаг саатав. Жилийн дөрвөн улиралдаа хөл тасардаггүй жуулчид шиг биш харин цаст Цамбагаравын нутгийг ухан төнхөж буй уурхайгаас нутгаа, малаа, хүнээ харамласан малчны хүсэлтээр очлоо. Бидэнд Баян-Өлгийн Ногоон нуур сумын Ховд багийн Дулаан хар гэдэг газар зуун хувь Хятадын хөрөнгө оруулалттай “Юүшэнгминг” гэх компани монголчуудын эрхийг зөрчиж, дураараа дургиж буй гэсэн мэдээлэл ирсэн юм. Энэ компани 34 жилийн буюу 2036 он хүртэл энэ нутгийн 546 га газрыг ашиглах лиценз авчээ. Зөвхөн Оюутолгой гэж “бухын доодохыг” харж суутал бидний газар шороог 30 түүнээс дээш жил ашиглах зөвшөөрлийг 200 гаруй компани авсан байх юм. Тэдний нэг нь зөвшөөрөлгүй арав гаруй хятад ажилчид авчирсныг нь энэ зун Монголын тал албадан буцаасан “Юүшэнгминг” компани.

Дархан эрхтэй “Юүшэнгминг”

Баян-Өлгий аймгийн төвөөс машинаар хоёр цаг орчим яваад хүрэх уурхайг Дарьтын уурхай гэдэг. Хятадууд хайгуул явуулаад долоон жил болсон бөгөөд энэ дөрөвдүгээр сараас ашиглалтын лиценз болгож олборлолтын бэлтгэл ажлаа хийж эхэлжээ. Тэд цайр, хар тугалга авахаар ажиллаж байгаа. Өмнө нь  6 дугаар сард энэ уурхайд ажиллаж байсан найман ажилтан тэсэлгээ хийж байгаад хордсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан билээ. Тухайн үед тэсэлгээ хийсний дараа агааржуулалгүй ажилчдыг уурхайд оруулсан гэж мэргэжлийн хяналтын газрынхан хаасан юм. Үүнээс хойш бичиг баримт дутуу гэх мэт шалтгаанаар  6 дугаар сард хоёр,  9 дүгээр сард нэг гээд уг уурхай энэ жил нийт дөрвөн удаа хаагдаж, бас нээгдсэн байна. Заримдаа уурхайг хаагаад долоо хоног хүрэхгүй буцаагаад л нээчихдэг “зуршил”-тай. Баян-Өлгий аймагт 22 компанид ашиглалтын лиценз олгосон байдагаас  “Юүшэнгминг” компани ганцаараа үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өмнө нь уурхайд “Мeнтую” гэдэг компани хайгуул хийж байсан бөгөөд “Юүшэнгминг”-ийнхэн хоёр жилийн өмнө иржээ. Сумын ажилгүй иргэдийг тэжээж байгаа гэж зарим албаны хүмүүс тэднийг өмөөрч байх юм.

уурхай
 Дарьтын уурхай. 546 га. 34 жилийн лиценз.

Биднийг очиход хятад том дарга нар нь хотоос мэргэжлийн хяналтынхан ирсэн тул орчуулагч нараа дагуулаад аймгийн төв яваад зөрсөн байлаа. Харин уурхайн дарга гэх нахилзсан хятад биднийг хятад ажилчдын намхан шавар тагзанд урив. Тэд монголоор нэг ч үг мэдэхгүй гэх бөгөөд мөн англиар ч ярьдаггүй гэнэ. \Сүүлд аймгийн засаг дарга С.Хавал “Тэд чинь англи байтугай монголоор ч сайн ойлгоно. Худлаа мэдэн будилж, янз үздэг юм” хэмээн ихэд бухимдангуй хэлсэн билээ/.

уурхай
  Уурхайд хоёр ам , дөрвөн мөргөцөгт тэсэлгээ хийдэг.

Удаан хүлээлгэсний эцэст нэг дүлэгнэсэн харцтай өвөр монгол залуу ирж бидэнд хэлмэрчлэв. Бид аж ахуйн нэгж, тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хуулийн биелэлтэнд хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, хохирлыг барагдуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг тул уурхайн үйл ажиллагаагаа танилцуулна уу гэж олон дахин тайлбарласны эцэст ажилчидтай уулзах болсон юм. “Юүншэнгминг” компани хятадуудаас гадна Ногоон нуур сумын удирдлагуудтай гэрээ байгуулж орон нутгийн иргэдийг ажилд авдаг. Засаг даргын Тамгын газраас энд нийт 150 хүн ажилладаг гэсэн. Харин тус уурхайн Хөдөлмөр, аюулгүй байдлын ажилтан 32 хятад, 39 монгол нийт 70 гаруй хүн ажиллаж байгаа гэлээ. Өнгөрсөн зун бичиг баримтгүй хууль бусаар амьдарч байсан хэдэн хятадыг албадан гаргасан. Үлдсэн хэд нь харин Ногоон нуур сумын төвд өдөр болгон хэд хэдээрээ хэлхэлдэн ирж, очдог гэв.

Аагтай казах эрчүүд “жижгэрсэн” нь

Биднийг ирсэн сургаар монгол ажилчдын байрладаг хүчтэйхэн салхинд нурчихмаар жижиг гэрт 30 гаруй казах эрчүүд цуглав.
Тэд эхэндээ цалин хөлс бага байдаг тухай ганц хоёр үг дуугарч, голдуу хот орны тухай асууж байв. Харин гэрийн баруун хаяанд зогсож байсан өвөр монгол  хэлмэрчийг гарсны дараа илт дуу шуу ороод ирлээ. Цалин хөлс, ээлжгүй хар цай гээд сэтгэл дундуур байдаг асуудлаа тэд ам уралдан ярьж гарав.
Өмнө нь энд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм мөрддөггүй гэж сонсож байсан тул тэр талаар юм олж сонсох санаатай “Та хэдийг ажлаа хийж байх үед хамгийн их сэтгэл зовоодог асуудал юу байна?” гэж асуулаа. Харин тэдгээр эрчүүд бие биерүүгээ харж минут орчим дуугүй суусны дараа нэг нь “Дарамт. Дарга нарын дарамт” гэв. Ийм хариулт хүлээж байгаагүй сэтгүүлч би ч зог тусаж лавлахад монгол ажилчдыг хятад, монгол нийлсэн дарга нар нь ихэд дарамталдаг гэнэ. Хятадууд гагнуурчин, өрөмчин зэрэг ажил хийдэг бол монголчууд дандаа малтлага, өрмийн машинист, отвальчин зэрэг доогуур зиндааны ажил хийнэ. Яг л Энэтхэгийн кастын систем шиг монголчууд нэг ажилд ороод л дээшээ зэрэг ахидаггүй. Нэг нь бие муутай, бусдыгаа бодвол настай тул уурхайн дотор биш гадна ажиллах хүсэлт удаа дараа тавьжээ. Үүнийхээ хариуд “Ажиллаж чадахгүй бол гар” гэсэн хариу сонссон байна. Мөн хөдөлмөр аюулгүй байдлын ажилтныг дарамталж “Наад хүнээ уурхайн доор ажиллуулж чадахгүй бол өөрөө ч гэсэн халагд” гэсэн лүндэн буулгасан аж. Энэ бүхнийг тэд наргиан мэт хөгжилтэй ярьж байсан ч төрсөн нутагтаа байгаа монгол хүний хувьд эмгэнэлтэй санагдаж байлаа. Бидний яриа ч халж ажилчид ямар эрхтэй, тэдний эрхийг уурхайн эзэд хэрхэн зөрчиж байгаа талаар ширүүхэн ярилцаж байх үед биднийг ажилчидтай уулзуулсан монгол мэргэжилтэн дарга нар залгаж байна гэсээр утас авчирч өгөв. Өөрсдийгөө монгол талын захирал гэж танилцуулсан гурван ч хүн ээлж дараалан утасдлаа. “Та нар наанаа юу хийгээд байгаа ямар учиртай хүмүүс вэ?” “Байгууллагын нууц болохоор уурхайтай танилцуулж чадахгүй”, “Хэрэв явахгүй бол албадан гаргана шүү” гэх зэргээр  утсаар сүрдүүллээ. Чухам хэн гэдэг, ямар албан тушаалтай хүн гэдгээ нэг нь ч хэлсэнгүй баахан хэл амаар доромжлов. Ажилчид тав, зургаан дарга нар байдаг ч нэрийг нь сайн мэдэхгүй гэцгээв. Бид ч уурхайд орох боломжгүй болсон тул уулзалтаа дуусгаж машин руугаа алхлаа. Тэд “Бид сум, аймгийн дарга нарт байнга асуудлаа тавьдаг. Шийдэж өгнө гэж хэлээд л усанд хаясан чулуу шиг алга болчихдог. Та хэд тэгэхгүй юм байгаа биз?” гэж итгэж найдсан байдалтай үдэв. Харин дөч орчим настай хижээл эр, 20 орчим настай залуу хүү хоёр сандарсан байртай араас гүйн ирж “Нэр усаа хэлж бичүүл, тэгэхгүй бол бид чинь бүртгэсэнгүй гээд хэцүүднэ” гээд нэр бичиж аваад үлдэв. Тэндхийн байдлыг ажвал бидэнд дарга нарыгаа “матсан” хэргээр цөөнгүй хүн жавтий хүртэх бололтой.

уурхай
 Энгийн иргэд, урилгагүй зочинд хаалттай уурхайн хаалга.

Ингэж бид хятадуудын жижигхэн “вант улс” тогтож, ид хаваараа гайхуулдаг казах эрчүүд “жижгэрсэн” Баян-Өлгийн Дарьтын уурхайд очив. Харин “Юүшэнгминг” компаний нэг ч удирдлагаас компанийх нь тухай ганц ч үг сонссонгүй. Баян-Өлгийн аймгийн төв дээр Калымат гэх төлөөлөгч нь оффист суудаг гэх бөгөөд компанийхаа талаар танилцуулга мэдээлэл өгөөч гэхэд “Та нарт өгөх шаардлагагүй, байгууллагын нууц” гэж эрс татгалзсан билээ. Хэрэв эмзэг асуудалгүй байсан бол ингэж их сандарч, мэдээллээ нуухгүй байсан биз гэх хар өөрийн эрхгүй төрж байв. Гэхдээ бид ганзага хоосон буцаагүй юм. Тэдний Монгол улсын хууль зөрчиж буй цөөнгүй баримтыг олж харлаа. Аймгийн засаг дарга С.Хавалд 24tsag.mn хүсэлт тавьсны дагуу мөнгөөрөө даллан даварч байгаа хятадуудын уурхайд мэргэжилтнүүд шалгалт хийхээр болсон юм. Энэ удаа “Юүшэнгминг” компанийг холбогдох байгууллагууд анхааралдаа авахыг сануулаад дараагийн цувралдаа яагаад ийнхүү нэхэл хатуу загнах болсон шалтгаанаа дэлгэнэ.
уурхай

 

Жич: Монгол улсад 30 жилээс дээш хугацаатай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан 200 гаруй компани байдаг гэсэн албан тоо байна.

Б.Баяр /24tsag.mn/


URL:

Сэтгэгдэл бичих