Баян-Өлгийд баасан гарагийн 11 цаг. Хэн ч ажил дээрээ байхгүй…

Шинэ засаг арай гэж төвхнөж, эмх цэгцэндээ орж буй энэ үед орон нутагт жинхэнэ “тулаан” эхэлж байна. Сар гаруйн дараа эхлэх орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил гээд дарга сэтэртэй хүн бүр “тун завгүй” гэсэн статустай болчихож. Ажил хөөцөлдөж яваа хүн хоосон хаалга мөргөж, дарга нарыг хэдэн цагаар хүлээж суудаг тийм цаг ирснийг Баян-Өлгийд явахдаа өөрийн нүдээр харлаа. Төрийн албан хаагчдыг сонгуулийн ажилд дайчилж байгаа болохоор төлөвлөгөөт ажил нэлээн хойшилж байгаа бололтой. ИТХ-д нь ихэнхидээ МАН-ын хүмүүс байдаг тул АН хүчээ авч байгаа энэ үед ширүүхэн талцал өрнөж байгааг зарим хүн хэлж байлаа. За, энэ ч яахав. Сонгууль болгонд байдаг л үзэгдэл. Харин төрийг төлөөлж орон нутагт ажиллаж байгаа албан хаагчид дунд “баасан гараг” гэх үзэгдэл зуршил болсныг тун сонирхолтой хүний амнаас сонсч, бас харав.

Picture44

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраар ажил хөөцөлдөх гэж очлоо. Цайны цагаас өмнө амжих гэж гүйсээр 11.30 цагт очвол биднийг шалгаж, байцаах хүнд суртал байтугай тоох ч хүн алга. Хоёрдугаар давхрын 10 гаруй хаалгыг татаж үзэхэд бүгд цоожтой, гагцхүү Засаг дарга С.Хавал, Хууль зүйн хэлтсийн даргын өрөө л “open” байв. Засаг дарга сонгуулийн ажил гээд “тун их завгүй” статустайгаар дээгүүр, доогуур гүйж байгаа сурагтай. Уг нь завсарлагааны цаг 12.00. Аймгийн төрийн албан хаагчид цагаасаа 30 минутын өмнө завсарладаг гэдгийг мэдээгүй, хоосон хаалга мөргөсөндөө баахан бухимдаж байгаад үдээс хойш очихоор боллоо. Хотоос хоёр цаг гаруй нисч ирчихээд хоосон хаалга мөргөсөндөө бухимдсан бид засаг даргатай уулзахаар үүдэнд нь хэсэг хүлээсэн юм. Тэр зуур засаг даргын туслах гуч гаруй настай Самархан гэх залууд зорьсон хэргээ танилцуулангаа “Танайх яагаад цайны цагаас өмнө тардаг юм бэ? Хоёрдугаар давхрын өрөөнүүд бүгд цоожтой байна. Төрийн албан хаагчид байж ажлын цагаа баримталмаар юм” гэж хэлсэн нь тэр жижигхэн өрөөнд “гал” ноцоогоод орхилоо. Ноён Самархан “Гучхан минутын өмнө цайндаа гараа л биз. Ямар сүртэй юм. Өнөөдөр баасан гараг. Та нар ч гэсэн залуу хүмүүс ойлгох хэрэгтэй шүү. Маргааш нь амарна гээд хүмүүс тав дахь өдөр ерөнхийдөө амралтын байдалтай, ажлаасаа ч гэсэн гучин минутын өмнө тардаг тийм зүйл тогтсон байдаг. Намайг хар л даа. Би ч гэсэн зангиагаа тайлаад энгийн хувцастай явж байгаа биз?” гэж гайхуулах, өөрийгөө зөвтгөх зэрэгцүүлэн баахан тайлбар хэлэв. Цаашлаад биднийг “Залуу хүмүүс байж яасан их юманд санаа зовдог юм” гэх зэрэг сургаалийн үг айлдаад гаргалаа.

Уг нь Баян-Өлгийчүүд шашны ёс заншлаа дагаад баасан гарагт хотынхон шиг зугаацаж цэнгэдэггүй. Баасан гариг бол баар, цэнгээний газар ажилладаггүй, архи зардаггүй өдөр. Харин зарим нөхдүүд архигүй энэ өдрийг амралтын өдөр гэж ойлгодог болсон бололтой.

Энэ аймгийн Засаг даргын тамгын газарт 21 хүн ажилладаг. Нийт 100 гаруй төрийн албан хаагчид бий. Бүх албан хаагчид “баасан гараг” гэдэг зуршилгүй ч нийтээрээ амралтын байдалтай байдгийг засаг даргын туслах ноён Самархан хэлсэн билээ. Тэдний дундаж цалинг 400 мянган төгрөг гээд бидний төлсөн татварын мөнгө хэрхэн хий дэмий урсаж байгааг тандах бяцхан тооцоо хийе /Сард 4 баасан гараг тохиолддог, төрийн албан хаагчдын цагийн дундаж хөлс 2272 төгрөг гэж бодъё/.

Ойролцоогоор 100 хүн цайны цагаас 30 минутын өмнө, ажлын цаг дуусахаас 30 минутын өмнө гардаг гэвэл сард 908 800 /400 цаг/ төгрөг бидний татварын мөнгөнөөс хий дэмий үрэгдэж байна гэсэн үг. Энэ тоог жилээр үржүүлвэл  жилд 10 905 600 төгрөг гэсэн их тоо гарч байна. Баасан гарагийг хагас амралтын байдалтай үддэг нэг аймгийн үр дүнгүй зарцуулсан мөнгөөр өөр юу хийж болох вэ? Энэ байдал ужгирвал цаашдаа хэдэн зуун сая төгрөг бидний татвараас хий дэмий урссаар байх нь.

Баян-Өлгий аймагт цаг завгүй зарим хотынхны хувьд хорт зуршилд тооцогдох “баасан гараг”-т автаагүй хүн цөөнгүй байгаа нь мэдээж. Гэхдээ энгийн нэг албан хаагч биш засаг даргын орлогч нь өөрсдийгөө ийнхүү тодорхойлж орхилоо. Бусад 20 аймагт ч ийм дүр төрх байгаа юм биш биз?
Б.Баяр /24tsag.mn/


URL:

Сэтгэгдэл бичих