Дэлхийн дулаарал 15 жилийн өмнө зогсчээ
Дэлхийн дулаарал бүр 15 жилийн өмнө зогссон бөгөөд чухам тэгэхэд жилийн дундаж температурын өсөлт зогссон гэж Их Британийн Ус цаг уурын агентлагаас бэлтгэсэн илтгэлд дурджээ.
Цаг уурын 3000 станцын хэмжилтийг үндэслэн өнгөрсөн долоо хоногт нийтлэгдэж дуулиан тарьсан мэдээлэлд нотолсноор, 1997 оны эхнээс 2012 оны наймдугаар сар хүртэл хугацаанд жилийн дундаж температур нэг түвшинд байсан бол 1980-1996 онд уг үзүүлэлт тасралтгүй өссөөр ирсэн байна. Үүнээс өмнө 40 орчим жилийн турш температур тогтвортой бөгөөд бүр буурч байсныг илтгэлд тэмдэглэжээ.
Сүүлийн 15 жилийн хугацаанд зөвхөн 2010 онд л ер бусын их дулаарсан байна. Харин 2011 он болон 2012 оны эхний найман сар гэхэд л хамаагүй сэрүүсч, үүний нөлөөгөөр дулаарах хандлага зогссон гэж “The Daily Mail” сонинд бичжээ.
Британийн цаг уурчдын мэдээлэл нь ирээдүйд дулаарлыг урьдчилсан таамаглахад ашигласан компьютерийн загвар “их алдаатайг” нотолж байна гэж АНУ-ын Жоржи муж улсын Технологийн дээд сургуулийн профессор, уур амьсгал судлаач Жудит Карри тайлбарлав.
“Уур амьсгалын загвар маш нарийн бөгөөд төгс боловсронгуй биш, бүрэн дүүрэн ч биш. Далайн усны температурын урт хугацааны мөчлөгүүд болон нарны идэвхжил зэрэг жирийн хүчин зүйлүүдийг хүлэмжийн хийн нөлөө газар авч байгаа эсэхийг харуулсан загвар гаргаж авахад ашигласан байдаг” гэж Карри мэдэгджээ.
Энэ илтгэлд эргэлзэж байгаа судлаач ч байна. Зүүн Английн их сургуулийн уур амьсгал судлаач Фил Жонсын тэмдэглэснээр, ийм дүгнэлт хийхэд 15 эсвэл 16 жилийн судалгаа хэтэрхий богинохон ажээ. Гэхдээ Жонс, түүний хамтрагчид далайн температурын өөрчлөлтийн урт хугацааны мөчлөгүүд, нарны идэвхжил гэсэн хүчин зүйлүүдийг нөлөө гэдгийг хараахан ойлгоогүй байгаагаа хүлээн зөвшөөрөөд, ирэх 10 жилд өмнөх 20 жилийнхээс илүү дулаарна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
Жонс нарын судлаачдын таамгийг Арктикийн мөсний тухай сүүлийн үеийн мэдээллүүд нотолж байгаа аж. Одоо энэ мөсний хэмжээ 4,10 сая хавтгай дөрвөлжин километр байна. Харин 2007 оны есдүгээр сард энэ үзүүлэлт 4,17 сая хавтгай дөрвөлжин километр байжээ. Тийнхүү Арктикийн мөсөн бүрхүүлийн талбайн хэмжээ багассан төдийгүй сүүлийн 30 жилд л гэхэд мөсний түвшин 13 хувиар буураад байна.
Бас Арктикийн уур амьсгалын ажиглалтын шинэ мэдээллүүд нь манай гараг урьд нь тооцоолж байснаас илүү хүчтэй халдаг болсныг нотолж байгаа аж. 1998-2010 онд Хойд мөсөн далайн температур 0,11 хэмээр дулаарсан нь таамаглаж байснаас 0,04 хэмээр илүү байна. Ер нь 1850 оноос хойш дэлхийн агаар мандал барагцаалбал 0,75 хэмээр халж, хамгийн дулаан 10 жил сүүлийн жилүүдэд бүртгэгджээ.
З.Амгалан
URL: