Тусгаар тогтнолын туг шүлэгч

…Тэр өдөр өрөө дүүрэн баяр байсан сан. Энд тэндгүй тасарч унасан улаан дэлбээ, тэр бүгдийн дээгүүр гишгэж Пү-до хэмээн тэмүүлэх олны хайр хүндлэл. Тэр олны дунд тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа тэргүүтэй олон сайхан бүсгүй баяр хүргэж, ард нь анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Гадаад хэргийн эрхэмсэг сайд Ц.Гомбосүрэн тэргүүт олон сайн эр гар даллан баяр хүргэж байсан юм. Багшийн баяр бол ард түмний баяр байлаа.

Аавын мөнгөн хазаарын Найман цэнгийн товруун дээр Азын алаг мэлхийний Наян нэгэн шагайн дээр Алиахан саарлын унага Хөллөн тэнцэх нуга дээр Ангирын хоёр дэгдээхэй Хөвөн цэнгэх нууран дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би!… гэж омог бардамхан бичсэн нь домог болсон найрагчид Монгол Улсын төр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хайрласны учир өөрөө бус, өрөөл бусад нь баярлан гялайж, бахдан гийж буй нь энэ юм санж.
Хөдөлмөрийн баатар яруу найрагч өөрийн өргөөндөө морилон орж ирэхэд нь миний хань Л.Шүрэнцэцэг, найрагчийн охин Ц.Халиун, бэр П.Нямцэцэг, хүргэн Гончигсайхан нар идээ будаа засаж их л дотноор угтан авч билээ. Харин П.Эрдэнэбилэг бид хоёр өөрийнх нь унадаг “RAV-4” машинтай тоссон ч мань эрийг угтах “Lexus-470” олон байсан тул аль хэдүйн орд өргөөндөө ирчихсэн оволзон байж билээ.

Миний багшийн хамгийн гоё нь охид, хүүхдүүд нь,
-Гэртээ харья… гэж л дээ. Харин багш минь,
-Яалаа гэж их гэрээрээ ороод гарая гэсээр Монголын зохиолчдын эвлэлийн их орд өргөөндөө гийгүүлэн ирж, цэцэг барьсан чигтээ гурван давхарт 301-д буцаж орж ирэхдээ,
-За хүүхдүүдээ “Монголын нууц товчоо’’-гоо хөгжүүлнэ шүү… гээд нүд нь цог золбоо дүүрэн, цэцэг нь өвөр дүүрэн гарч одоход “301” тоот өрөөний шалан дээгүүр ганц нэгхэн улаан дэлбээ хийсэн алдан, алдан үлдэж билээ.
Миний багш…
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж минь захирч зандарч суусан ноён оргилдоо, загнаж аргадаж байсан захирлын өргөөндөө, зааж сургаж явсан багшийн өрөөндөө сүүлчийн удаа заларсан нь тэр юм санжээ. Цэцгийн улаан дэлбээ шалан дээр бус зүрхэн дээр унасан мэт одоо ч гэрэлтэж, гэгэлзэж, гэмшилзэж байдаг юм.
Хаврын нэгэн тунгалаг өглөө гэрийн харилцах утас тасхийн хангинажээ. Манайх 55519 гэдэг дугаартай байсан юм. Цочсон мэт ухасхийн босч, харилцуурыг аван чихэндээ нааж,
-Хэн бэ? гэж уцаарлангуй асуувал тэртээ алсад Заяатын Ядмаа наг наг
-Хөөе Төрөө… Багш та “Бид хоёрыг ирээч гэнэ… хэмээв. Энэ сацуу “Багш эмнэлэгт хэвтсэн… Би эргэж очоогүй” гэх гэмшил цахилгаан мэт цахилан тусаж,
-Тэгье тэгье…
-Заг тэгвэл хөө… Чи багштай ярь… хэмээн тулгав. Өөрөө өдчихөөд өндөг шиг дуугүй байдаг эр бол яруу найрагч, манай нутгийн гайхам шооч майхан суудалт мань Ядам мөнөөсөө мөн. Багшийн гар утас уруу залгалаа.
-Өө багш нь… Алзахгүй…
-Ядам гуай бид хоёр таныг эргэе л гэж…
Угийн нэрэлхүү хээнцэр эр энэ удаа ер “үгүй” гэсэнгүй, тэр байтугай,
-Төрөө, өөх мах нь алагласан үхрийн сайхан хавирга чанаад ир! гэдэг байна.
Улсын клиникийн хоёрдугаар эмнэлгийн тавин ортын 406 дугаар өрөөнд тавьж хүрэв. Мэдээж өөх нь шаргалтсан хоёр хавиргатай, бас зүгээр үгүй ганц шил юмтай харваж очлоо. Багш эрүүл саруул, гэгээн тунгалгаар тас тас инээн угтаж,
-Миний хоёр шавь… хэмээн зэргэлдээ хэвтэж буй өвгөнд гайхуулав.
Би буруу санаагүй бол УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан багшийн аав гэсэн шиг билээ. Сайхан буурай налайж байна. Харин багш минь, хөрш өвгөнд хишиг хүртээж шавьтай хүн шиг магнай тэнийн шавайгаа хантал. тас тас инээхэд эмнэлгийн орон дээр суухад газар хүрэхгүй хоёр хөл нь дүүжин даажинд суусан хүүхэд мэт савчиж байв. Тэгж тэгж багш минь,
-За би нэг хоолны толоон /талон/ тараах санаатай… Та хоёр үз… гээд гурав дөрвөн хуудас бичиг өгөв.
Дэлгэн үзэж барьж харвал “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсны гэгээн цайллагад урих хүмүүсийн нэрс” гэж байсан сан…

Даанч багш минь амжаагүй юм. 2012 оны гуравдугаар сарын 20-ны өглөө манай гэрийн утас цахиртан чарлаж,
-Пүрэвдорж гуай өнгөрчихлөө… гэсэн юм.
Даанч дээ, даанч… Энэ хорвоо гэх сацуу багшийн хорвоо дэлхийг шоолж байгаа юм шиг тас тас инээдэг нь санагдаж Алтан өлгийн наран энгэр хоймор залан тайтгартлаа нулимс эс дусаасан билээ.

 

Аав мэт хөтөлж явсан ачтан буурлынхаа хөшөөн дээр бид,
Эрээн уулаас уулс эхэлнэ Эргэн шанднаас ус эхэлнэ Энэ хоёроос би эхэлнэ Эх орон надаас эхэлнэ… гэж сийлэн үлдээж билээ.
Эхлэхийн сүлд болсон найргийн гэгээн багшаа би цагийн цагт санаж “Тусгаар тогтнол” шүлгийн эхний дөрвөн мөрийг цагийн цагт маани мэт шившиж явдаг юм. Намайгаа л хар цагаан хэл амнаас хамгаалж явдаг “Зүрхэн тарни” минь тэр билээ.
Цагийн цагт хар багшийгаа цагаан сүлд” мэт санаж явах нь тусгаар тогтнолын тугч шүлгийн гэгээ авай. Тандаа мөргөе.

Дамбын Төрбат
/Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч/


URL:

Сэтгэгдэл бичих