“Үдийн цай”-г “үхлийн хор” болгочих вий дээ
Хэрэгжиж эхэлсэн цагаасаа л элдэв хардлага шүүмжлэл дагуулах болсон “Үдийн цай” хөтөлбөрийг тойрсон тойрсон хэл ам өнөөдрийг хүртэл тасарсангүй.
Тухайлбал, өнгөрөгч сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 1-5 дугаар ангийн 216 сурагч үдийн цайндаа хордсон тухай асуудал намжаагүй байхад хэдхэн хоногийн өмнө “Орчлон” дунд сургуулийн хүүхдүүд үдийн цайнаасаа хордож, эмнэлгийн тусламж авахад хүрсэн байна. Энэ удаад ч мөн хүүхдүүд будаанаас болж хордсоныг эх сурвалж хэлж буй юм.
Хоолны хордлого тоглоом биш. Гай нь таарвал хормын дотор ч үхэлд хүргэх аюултайг хэн хүнгүй мэднэ. Тэгэхээр мэргэжлийн төдийгүй холбогдох хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг хөндөж тавих цаг хэдийнэ болжээ. Үгүй бол оройтож мэдэхээр байна.
“Үдийн цай” хөтөлбөр сургуулийн удирдлагуудын бизнес болсон тухай сүүлийн хэдэн жилийн турш ярьж бичиж байгаа. Хөгцтэй, хогтой будаа, өттэй үзэм, хатсан боов жигнэмэг, иссэн тараг, сүү гээд аль л болохгүй бүтэхгүй хүнс хүүхдүүдэд өгсөн тухай нэг хэсэгтээ сүр дуулиан болдог. Гэвч асуудал тэгсхийгээд л намждаг. Гэтэл ЕБС-ийн бага ангийн сурагчид “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж эхэлснээс хойш халдварт шар өвчинд нэрвэгдэх нь илүү нэмэгдсэн байдаг.
Одоо бүр “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон, цаашлаад дунд, ахлах ангийн хүүхдүүдэд өгдөг болох тухай ярьж байна. Гэтэл бодит байдал дээр бараг ихэнх сургууль түүхий эдийн аюулгүй байдлын шаардлага хангасан дүгнэлт, баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг, сургуулийн удирдлага болон эмчийн зүгээс тавих дотоод хяналт хангалтгүй байдаг.
Энэ бүх орчин нөхцөлийг зайлшгүй бодолцох нь зүйтэй санагдана. Одоо хэрэглэж байгаа хүнсний зүйлээ хувийн хэвшил, зах зээлээс хангаж байгаа учир бүхэлд нь хяналт тавих боломжгүй гэх тайлбарыг Мэргэжлийн хяналтынхан хэлдэг. Уг нь тэдэнд сургуулийг зориулалтын шаардлага хангасан гал тогоотой болгох, шаардлага хангасан гал тогоотой болгох хүртэл халуун хоолоор үйлчлэх үйл ажиллагааг түр зогсоох, дотоодын хяналтыг сайжруулах, гуанзны ажилчдад хоолны хордлогот халдвараас сэргийлэх, хоолны технологийн талаар тусгай хөтөлбөр боловсруулан сургалт явуулж хэвших, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлт баталгаажилтгүй бүтээгдэхүүнийг “Үдийн цай” хөтөлбөрт хэрэглүүлэхгүй байх эрх нь ч, үүрэг нь ч бий. Тэр ч утгаараа Мэргэжлийн хяналт, холбогдох яам, агентлаг, сургуулийн удирдлага, сурагчдын эцэг эхтэй хамтраад хяналтаа сайжруулж, хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд сургах нөхцөлөөр хангах боломжтой.
Уг нь энэ хөтөлбөр сурагчдыг амьжиргааны түвшнээр ялгалгүй хоолтой ундтай байлгаж, өлсөж цанган хичээлээ ойлгохгүйн зовлонгоос салгасан гэх мэтээр эцэг эх, багш сурагчдад бүгдэд нь өгөөжтэй байгаа нь маргашгүй үнэн. Харамсалтай нь аливааг дүрэм журмынх нь дагуу хэрэгжүүлдэггүй манайхны зан “Үдийн цай”-г “үхлийн хор” болгочихвол яана хэмээн болгоомжлоход хүргээд байгаа нь нууц биш.
URL: