Эх орноосоо урвасан гэх тагнуулын дэд хурандаа В.Нямхандын хэргийг хэрэгсэхгүй болгох уу?
Эх орноосоо урвалаа, гадны тусгай албаныханд улсын нууц задруулж, их хэмжээний мөнгө авлаа гэх хэрэг жилд шил шилээ даран гарч, холбогдох хууль хяналтынханд шалгуулдаг ч шийдэгддэг хэрэг нь бараг цөөхөн дөө. Улсын нууц задруулсан хэргээр анх удаа УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайхан шийтгүүлсэн ч хяналтын шатны шүүхээс түүний ялыг хөнгөлж дөрвөн жил хорих ял оноосон. Тэрбээр хоригдож байх хугацаандаа зөрчил гаргаагүй сайн хүмүүжсэн гэдэг үндэслэлээр хугацаанаасаа өмнө суллагдаад бараг хоёр сар болох гэж байна. Харин эх орноосоо урвасан, улсын нууц задруулсан гэх хэргээр хоёр жилийн өмнөөс эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж эхэлсэн ТЕГ-ын дэд хурандаа В.Нямхандын хэрэг шийдэгдэхгүй өдий хүрлээ. Ямар учраас өдий болтол шалгагдсан хэрэг нэг талдаа шийдэгддэггүй нь их бүрхэг. В.Нямхандад холбогдох анхан шатны шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрсөн оны аравдугаар сард болсон ч шүүх бүрэлдэхүүнийг даргалагч Ё.Цогтзандан нэмж шалгах хэд хэдэн зүйл байна гэсэн шалтгаанаар ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст хавтаст хэргийг буцаасан гэдэг чухам дээрээ худлаа юм байна.
Хяналт тавьж буй прокурор нь хэргийг нэмж шалгах хүсэлтийг тавьсан болохоор яах аргагүй мөрдөн байцаалтад буцаасан болж таарав. Ингээд бүтэн нэг жил тус хэлтэст шалгагдсаны эцэст энэ долоо хоногт Нийслэлийн прокурорын орлогч дарга Ё.Сагсайгийн хяналтад шилжүүлсэн гэнэ. Угаасаа тэр анхаасаа энэ хэргийг хянасан юм. Тэрбээр Ц.Жаргалсайханы хэргийг хянаж, яллаж байсан хүн. Улсын нууц задруулсан гэх хүмүүсийг яллах сонирхолтой. Хан-Уул дүүргийн шүүхээс В.Нямхандад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх яриа ч үнэний ортой. Хэргийг нь хэрэгсэхгүй болгох сонирхол шүүгч, шүүгдэгч, өмгөөлөгч нарт байгаа ч үүнийг ганцхан хүн эсэргүүцэж байгаа нь Ё.Сагсай юм. Тэрбээр “Өдий урт хугацаанд шалгагдаж, үнэн мөнийг тогтоосон. Улсын нууц задруулж, их хэмжээний авлига авсан нь үнэн байхад яалаа гэж хэргийг хэрэгсэхгүй болгодог юм бэ? Хууль хэрэгжүүлэгч байгууллага тоглоом биш ээ. Удахгүй шүүхэд шилжүүлнэ. Болохгүй бол шүүхийн харьяаллыг нь өөрчилж өөр шүүхэд шилжүүлнэ” гэлээ. Прокурор бол В.Нямхандыг яллах сонирхолтой байгаагаа нуусангүй. Улс орныхоо эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь тогтоосон байхад аргагүй болов уу. Гэтэл шүүх хэрэгсэхгүй болгоно хэмээн хэргийг удаашруулж байж замхруулах гэсэн нэг оролдлого байхыг үгүйсгэхгүй.
Түүнд холбогдох хэргийг бүтэн хоёр жил гаруйн хугацаанд шалгахдаа хоёр ч удаа мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Хэргийг анх Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байсан бол хоёр удаагийн мөрдөн байцаалтаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1-ээр буюу “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, эх орноосоо урвасан, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжинэ” хэмээн буруутгаж, яллагдагчаар татаж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн шалгасан байна.
Нэг ёсондоо түүнийг зодооны хэргээр тагнуулын байгууллагаас халагдсаныхаа дараа тус газрын албан хаагчдын мөрддөг дотоод хууль, дүрмийг зөрчин хятадуудтай уулзан гадаад улс руу зорчсон гэнэ. Уг нь хуульд зааснаар тагнуулын ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш гурван жилийн дотор гадаад руу зорчихгүй байх ёстой, хэрэв зайлшгүй шаардлага гарвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илтгэх хуудас бичиж зөвшөөрөл авах ёстой юм байна. Харин В.Нямханд энэ хуулийг зөрчсөн учраас түүнийг буруутгах бас нэгэн үндэслэл болсон аж.
Тэрбээр хятадуудтай нэлээд ойр дотно байсныг нь тагнуулынхан зургаан сар мөрдөж, баримтжуулж авсан гэдэг. Монголд уул уурхайн чиглэлээр ажилладаг, хятад эзэнтэй компанийн хэд хэдэн хүнтэй хоёр жил гаруй хугацаанд харилцаа холбоотой ажилласныг тагнуулынхан илрүүлсэн. Тэр ч бүү хэл ашигт малтмалын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийнхөө найзуудад дамжуулж, 100 сая ам.долларын гэрээ хийхээр оролдсоныг нь тагнуулынхан илрүүлсэн гэх. Гэвч тэрбээр “Би ямар ч нууц мэдээлэл дамжуулаагүй. Ажилгүй болсон би хятадуудтай хамтарч бизнес хийх гэж байсан юм” хэмээн мэдүүлсэн байдаг. Харин ажлаасаа халагдсаны дараа тагнуулынхантай эргэж холбоо бариагүй бөгөөд хэд хэдэн удаа гадаад улс руу гарсан. Хятадуудтай уулздаг байсныг тагнуулынхан баримтжуулсан байдаг. Тэрбээр тагнуулд ажиллаж байхдаа Монголд ажиллаж амьдардаг хятад иргэдийг хариуцаж ажилладаг байжээ.
В.Нямхандыг хэрэгт холбогдоход нь гавьяат хуульч Т.Жанцан өмгөөлж байсан бөгөөд шүүгдэгч өөрийн хүсэлтээр өмгөөлөгчөө сольж эдүгээ Дотоод хэргийн дээд сургуулийн багш, өмгөөлөгч Х.Болдбаатар, Ц.Цэрэнжээ нар ажиллаж байна. Хэрэв шүүх В.Нямхандын хийсэн үйлдлийг гэм буруутай гэж үзвэл “Харийн” тагнуул хийсэн хэргээр олон жилийн ял сонсох хоёр дахь хүн болж таарч 16-25 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн заалттай ажээ.
Өдгөө 38 настай, хуульч мэргэжилтэй, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Дэд хурандаа 1997-2009 он хүртэл тагнуулын байгууллагад тусгай үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Б.Хурцыг тагнуулын байгууллагад ажиллаж байхдаа Сөрөх тагнуулын албаны орлогч даргаар томилж, Д.Энхбат агсныг Францаас баривчилж ирэх ажилд гар бие оролцсон гэдэг. Тухайн үед хүн хулгайлах эл ажиллагаанд таван хүн биечлэн оролцсоны нэг нь В.Нямханд аж.
Тэрбээр 2009 онд ТЕГ-ын дарга асан Р.Болдын шийдвэрээр Нийслэлийн тагнуулын газарт ажилд орсон. Гэвч ажилдаа ороод удаагүй байхдаа зодооны хэргээр ажлаасаа халагдсан. Хэргийг сөхвөл 2009 оны долоодугаар сард ТЕГ-ын ажилтан Ж нь хурандаа цолоор энгэрээ мялааж, баяраа ажлынхантайгаа “Саванна” ресторанд тэмдэглэжээ. Тэр үед архинд халамцсан эрчүүд хоорондоо маргалдаж, нэгнийхээ толгойг архины шилээр хага цохиж хүнд гэмтээсэн байна.
Харин энэ хэрэгт В.Нямханд ямар ч буруугүй, зодоон болоход салгах гэж оролдсон аж. Гэтэл тагнуулын даргын шийдвэр гарч түүнийг ажлаас нь халсанд гомдолтой байдаг юм. Харин зодуулсан Ж нь албан тушаал дэвшин, гадаадад ажиллаж амьдрахаар явжээ. В.Нямхандын тухайд хэрүүл зодоонд оролцоогүй, буруугүй гэдгээ удаа дараа нотлохыг оролдсон ч амжилт олоогүй гэнэ. Ийнхүү бүтэн жил ажилгүй явсан дэд хурандаа эцэстээ улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаж, шүүхийн хаалга татахад хүрчээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: