Х.Баттулга “Чингис хаан” машиныг бүтээх бол Г.Батхүү Эко-г бүтээнэ
УИХ-ын гишүүн Х.Баттулгын мөрөөдөл нь “Чингис хаан” хэмээх нэртэй люкс ангиллын машин. Тэрбээр цахим ертөнцийн найз нартайгаа мөрөөдлийнхөө тухай хуваалцаж, Facebook-ээр санал солилцсон юм.
“Чингис хаан”-ы анхны хувилбар ийм байж болно хэмээгээд логоны хамт цомогтоо багтаажээ. Тэрбээр мөрөөдлөө биелүүлэхийн тулд “Тоёота” компанид саналаа хүргүүлээд байгаа юм билээ. Машины логоны санаагаа Оросын найруулагч С.Бодровын “Монгол” киноноос олсон гэсэн. Хоёр гартаа сэлэм бариад довтолж байгаа баатрыг энэ лого төлөөлж буй юм.
Гэвч түүнтэй өрсөлдөх нэгэн бас байнаа. Монголын тэргүүн баячуудын нэг Г.Батхүү автын инженер мэргэжилтэй. УИХ-ын дэд даргаар ажиллаж, их хуралд сууж, төрд зүтгэж явсан энэ эрхэм бизнест ч гэсэн тун одтой нэгэн. Тэрбээр АПУ компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч, бас Шунхлай шатахуун түгээх станцууд ч түүний мэдэлд байдаг. Хөрөнгө бэл ихтэй, бас техник сэтгэлгээ сайтай энэ эр Монголд цоо шинэ бизнесийн эх суурийг тавихаар ажиллаж байна.
Тэрбээр Авто машин, мотоциклийн спортын холбооны тэргүүнээр 12 дахь жилдээ ажиллаж байгаа. Саяхан Г.Батхүү дарга цахилгаанаар ажилладаг суудлын авто машин хийж туршжээ. Энгийн залгуурт найман цаг залгаж цэнэглэхэд хот дотор бүтэн өдөр явах хүчин чадалтай энэ авто машины загвар гадаадын хөрөнгө оруулагч нарын ч анхаарлыг татаж байгаа сурагтай. Г.Батхүүгийн энэ цахилгаан машиныг олноор нь үйлдвэрлэх талаар туршилт хийж , байгаль экологид ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй унаа гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрч байгаа аж. Тэр ч бүү хэл Японы машин үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллахаар болсон тухай ч дуулдаж байна.
URL: