Дөнгөтийн Цоодол: Харамчийнхан

“Уран үгсийн чуулган”-д уншигдах яруу найргаас …

Төв аймгийн Бүрэн суманд төржээ.  Бага дунд сургууль,   ЗХУ-д  М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгссөн.

1960-аад оны үеэс уран бүтээлээ эхэлж ”Саруул талын ногоо”, ”Алаглан харагдах уулс”, ”Тогоруун цуваа”, ”Алганы хээ”, ”Уянгалан дуулагч мод”, ”Он жил”, ”Миний өв хөрөнгө”,  ”Миний муу сайн найз нар”, ”Зүүн уулын цэцэг” зэрэг ном хэвлүүлжээ.

 

Найрагчийн “дуулиуд тэр чигээрээ драмын зөрчил, амьдралаар тоглож гүйцсэн адармаа ээдрээ, ургаж товойсон сэтгэлд хоногшим дүрүүд байдаг.  Шүлэгт дүр бүтээнэ гэдэг бол ховор үзэгдэл” гэж  судлаачид дүгнэн  бичжээ.   Д.Цоодол абугайн  дуулийн баатрууд “Дутуу Санжаа”, ”Тэмээ Самдан”, “Торгон Янжин”, “Хадаг Дэнжид”, “Уужуу Дондогийн дууль”, ”Элчин Самбуу”, “Буруу Довдон”, “Ороо Эрэнцэн” гээд нэрнээсээ аваад л тод томруун дүрүүд нүдний өмнө амьдаараа босож ирдэг.

 

Тэрээр Оросын зохиолч А.Чехов, К.Паустовский болон Америк , Япон, Энэтхэг, Дани, Унгар, Молдов, Гүржийн уран зохиолоос монгол хэлээр орчуулжээ.

“Болор цом” яруу найргийн тэмцээний тэргүүн шагналыг гурвантаа хүртсэний дээр Монголын уран зохиолд дуулийн төрлийг хөгжүүлж, олон шилдэг бүтээл туурвисны учир Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зутгэлтэн эрхэм алдар цолыг хүртсэн билээ.

 

Түүний  сор болсон уран бүтээлийн нэг “Харамчийнхан” дуулийг та бүхэнд  хүргэе.

 

***

 

Харамчийнхан

 

Айхавтар гар чангатай

Ах дүү хоёр байлаа

Адлаж хүмүүс тэднийг

Харамчийнхан гэдэг байлаа.

Сансар, Эмгэдийн бэлээр хонь нь бүрхэж

Сарваа цуцахын хөндийгээр адуу нь багтаж ядаж

Үе дамжсан баян харамчийнханы хот айл

Үүл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа.

Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор,

Гэр нь бүрээс сайтай өвөлжлөө гэвэл худлаа.

Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй

Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно.

Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй,

Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй.

Хониндоо барагтай л бол гар хүрэхгүй

Зээр, гөрөөсхөн эргүүлж

Холоос гийчин ирвэл

Хоормог тарагхан дөхүүлцгээнэ.

Ганц хайрцаг шүдэнз айл нь гуйхад

Гал гаргадаггүй өдөр өө гээд халгаалгүй буцаачихна

Хавийн улс амьтан хөх инээдээ барж

Харамч муугийн үлгэр үгийн хачир болгоно.

Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр

Тэртээ жил гэнэтхэн дайн гарлаа.

Халхын гол руу агт туух юм болж

Хамаг л дөмөг гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээлээ.

Харамчийнхан ер яадаг л бол  гар тэнийхгүй дээ гэж

Харамлцгаасан улс гайхаж гүйцсэн юм.

Суналзсан уургаа барьсаар мань харамчийнхан

Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирцгээлээ.

Буруу зөвгүй номхон, аль хурдан хурцыгаа

Бузар дайсныг намнах баатарын хүлэг болог гэж өгцгөөлөө.

Агт хөдлөөд хэдхэн хонотол

Ах дүү хоёр харамч хоёулаа цэрэгт мордсон юм.

Хошуу нутагтаа алдартай  харамч эцэг нь

Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм

Цурамхийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ харамласангүй

Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй.

Цуг явна гэж тэвдүүлсэн хүү нь ааваа харамласангүй.

Цуутай харамчийнхан юугаа ч харамласангүй.

Бүрээн дуунаар нөхдөө давших цагт

Бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг юм

Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо гэж

Суман салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм

Унахын учиргүй

Уул шиг хоёр сайхан хархүү

Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм.

Хамгийн хүнд мөчид эх орон танаасаа

Харамчийнхан амиа бас харамласангүй


URL:

Сэтгэгдэл бичих