Америкийн энэтхэг бүсгүйн бэлдсэн Монгол эмэгтэйчүүдийн тухай радио нэвтрүүлэг
Харь холын Монгол улсын тал нутагт ганцаар зорчсон энэтхэг бүсгүйд харин ч харийн гэх сэтгэгдэл төрөөгүй гэдэг. Учир нь хаа газар эмэгтэй хүн гэдэг ялгаагүй, дотоод сэтгэлийн өвөрмөц холбоо байдаг ажээ. Монголд элэгтэй энэтхэг бүсгүй Шебана манай эмэгтэйчүүдтэй ойр дотно нөхөрлөж, тэдний тухай тун сонирхолтой баримтат радио нэвтрүүлэг бэлдсэнээ АНУ-ын радио сувгуудаар цацаж байна.
Хорин хоёрхон минутын нэвтрүүлэгт нь ёстой л Монголын эмэгтэйчүүдийн бүхий л төлөөлөл багтаа юу гэлтэй. Монголын цөөн эмэгтэй уяачдын нэг Хэнтий аймгийн харьяат Мөнхцэцэг, Улаанбаатар хотын хип хоп сонирхдог охин Оника, Зүүн аймгийн малчин бүсгүй Мөнжгөө, баруун хязгаарын дууны багш, казак бүсгүй Жайнаа, Улаанбаатарын хэлний багш Амгалан нарыг Шебана сурвалжилжээ.
Нэвтрүүлгийг доорх линкээр орон сонсоно уу? Чимээ, шуугиан, дуу, яриа, орчуулга, тайлбар зэргээ тун сайн найруулсан, үнэхээр чанартай бүтээл болсон байна.
“ON THE MOVE IN MONGOLIA”
http://www.prx.org/pieces/81286-on-the-move-in-mongolia
эсвэл
http://nomadicencounters.blogspot.com/2012/07/on-move-in-mongolia-radio-documentary.html
Одоогоос таван жилийн өмнө үүнийг бичээч миний бие, тухайн үеийн Элчин сайдын яамны Консулын газрын дарга Гончигийн Ганболд гуайн хамт Шебана Коэлхотой танилцан, ярилцлага хийж байсан билээ. Ганболд гуай бид хоёр “Хөөрөг зөрүүлэх мөч” гэж булан хөтөлдөг байлаа л даа. Ганболд гуай одоо Их Британид консулаар ирээд буй. Шебанагийн нэвтрүүлгийг та бүхний сонорт хүргэхийн ялдар бас тэр ярилцлагыг толилуулах нь зүйтэй хэмээн бодов.
М. Саруул-Эрдэнэ
@SaruulerdeneM
www.dayarmongol.com
Монголд очих боломжийг Танд олгосон Фулбрайтын нэрэмжит тэтгэлгээс ярилцлагаа эхэлбэл ямар вэ? Манай уншигчдад энэ тэтгэлгийг товчхон танилцуулна уу ?
Фулбрайт бол АНУ-ын Конгрессын Сенатын танхимд олон жил улиран сонгогдсон өндөр нэр хүндтэй улс төрч байсан билээ. Түүний нэрэмжит тэтгэлэг бол АНУ болон дэлхийн бусад орны ард түмнийг өөр хооронд нь танилцуулах, харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжих үндсэн зорилготой, их дээд сургуулийн оюутнууд, эрдэмтэн судлаачдын хүрээнд хэрэгждэг гэхчлэн дотроо нэлээд хэдэн хэсэгтэй хөтөлбөр. Уг тэтгэлэгт хамрагдахыг хүссэн хүн хийх ажлынхаа зорилго чиглэл, ач холбогдол, хэрэгжих боломж нөхцлийг тодорхой дурдсан өргөдөл бичих шаардлагатай, ямар нэг улсыг онцлох буюу ялгаварлаж үздэггүй. Нөгөө талаар тэтгэлэгт хамрагдсан оюутан болон судлаач эргэж ирээд үзэж харсан, сурч мэдсэн зүйлээ олон нийтэд хүргэх ганцхан болзолтой. Тэр хэрээр гадаадын улс оронд ард иргэд нь хэрхэн ажиллаж, амьдардаг талаарх үнэн бодит мэдээллийг Америкийн олон нийтэд хүргэх зорилготой юм.
Яагаад чухам Монголд аялахыг хүссэн юм бол?
Намайг Коэлхо Шибана гэдэг, ээж маань католик, аав лалын шашин шүтдэг. Би Энэтхэгийн Мумбай хотод төрсөн, намайг 11 настайд манайх АНУ-д шилжиж ирсэн юм. Их сургуульд Английн утга зохиол, франц хэл судалсан, одоо Нью-Жерсид амьдардаг, Нью- Йоркийн телевиз, радиод продюссерээр ажилласан, Нью-Йоркт олноор амьдардаг Өмнөд Азийнхны тухай, “Empire State Building” барилгын тухай, бэйсболын залуу тамирчны тухай баримтат кинонууд хийсэн. Хэвлэлд богино өгүүлэл бичдэг үндсэн ажилтай. Киноны ажлаас ондоо, тэгээд ч сонирхолтой санагддаг учраас би энэ ажилдаа дуртай.
За бас аялах дуртай, урьд нь дэлхийн олон оронд тухайлбал, Өмнөд Америкийн Аргентин, Боливи, Мексикт очиж байсан. Тэдгээр аяллынхаа тухай замын тэмдэглэлүүд бичсэнээ хэвлэлд нийтлүүлсэн. Үзэсгэлэнт сайхан байгальтай Монгол орны хүн ард нь юунаас ч илүү миний сонирхлыг татсан учраас Фулбрайтын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан. Тэнд очиж байгалийн сайхныг үзэж сонирхох төдийгүй, нэлээд хугацаагаар амьдарч хүмүүс хэрхэн ажиллаж амьдардгийг өөрийн биеэр үзэж танилцахсан гэж бодсон. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, эртний түүхтэй энэ ард түмэн өнөөгийн шинэ цаг үед хэрхэн дасан зохицож өөрчлөгдөж байна вэ гэдэг нь миний хувьд сонирхолтой санагдсан. Тэгэхээр сайхан байгальтай, эртний түүхтэй, ардчиллыг сонгон шинэ арга хэлбэрээр нийгмийн амьдралаа зохион байгуулж байгаа нүүдэлчин ард түмнийг таньж мэдэх хүсэл надад байсан гэж хэлж болно.
Би өөрөө Мумбэй хотод төрсөн, энэтхэг хүн. Энэтхэгийн түүхэнд Моголын эзэнт улс, Моголын хаадууд томхон үүрэг гүйцэтгэсэн тухай сургуульд байхдаа бишгүй уншсан. Монголын түүхийг өгүүлсэн ном зохиол перс хэлэнд олон бий. Тэдгээрийг үзэж судалж байхад могол гэдэг бол перс хэлээр Монгол гэсэн үг, Моголын хаад өнөөгийн Монгол нутгаас гаралтай гэж өгүүлсэн байдаг нь энэ оронд очиж үзэхс эн гэдэг далдын нэгэн хүслийг тун эртнээс надад төрүүлсэн.
Түүхээс уншиж, үзэхсэн гэж мөрөөдсөн Монгол оронд очоод Танд ямар сэтгэгдэл төрсэн талаар ярина уу?
Үнэнийг хэлэхэд очихоосоо өмнө Монгол орныг нэг л их зах хязгааргүй үргэлжилсэн тал нутаг, орчин үеийн хот суурин үгүй, онгон зэлүүд газар гэж төсөөлж явсан. Улаанбаатарт очоод огт өөр газар орон байхыг хараад үнэхээр гайхсан. Өвлийн сүүлчээр, хоёрдугаар сард явж очиход их цас унасан байсан. Монгол бүсгүйчүүд хэчнээн гоё харагдсан гэхэв, хальтиргаа гулгаатай, цастай гудамжаар өндөр өсгийтэй гуталтай монгол хүүхнүүд тов тов алхахыг хараад гайхаж, бас бахархсан. Цаг агаарын хүйтэн, цас мөс ч бүсгүйчүүдийн гоо сайханд саад болдоггүй юм байна гэдгийг тэгж мэдэрсэн (Инээв).
Улаанбаатар хот хэчнээн ч олон залуустай юм, тэдний цуглардаг диско клубууд нь ямар тансаг юм гэхчлэн миний анхны гэнэн төсөөллөөс эрс ялгаатай өчнөөн олон зүйлтэй таарч байсан. Улаанбаатар хот хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаа нь нүдэнд илхэн харагдсан. Гоё ганган хувцастай эрэгтэй эмэгтэй тэр олон залуусын дунд нэг их зузаан хувцас, аян замын “Timberland” загварын гутал өмсч эндээс очсон бидний хэдэн америкчууд харин ч хөдөөрхүү хэдэн улс харагдсан байх. Миний хувьд даруйхан дэлгүүрээр орж хөнгөн нимгэн хувцас авч өмссөнөө бодохоор одоо хэр нь инээдтэй санагддаг.
Онгон зэлүүд гэж бодож очсон Монголд дэгжин залуус, орчин үеийн хот байжээ. Тэгэхээр, ямар зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэж, мөн алин нь уламжлан хадгалагдаж байгаа нь ажиглагдав ?
Үнэнийг хэлэхэд би хэлж мэдэхгүй байна. Миний зорилго бол ямар нэгэн зөвлөгөө заавар хэлж, дүгнэлт өгөх биш харин нутгийн хүмүүс хэрхэн аж төрж амьдардгийг өөрийн биеэр үзэж танилцахад байсан. Миний бодоход хаа газрын хүмүүс аз жаргалтай амьдрахыг эрмэлздэг. Тийм ч учраас өөрсдийн зөв гэж бодсон хэлбэрээр, тодруулж хэлбэл эцэг өвгөдийнхөө уламжилж ирсэн байдлаар, эсвэл тэрхүү уламжлалыг өөрчлөх байдлаар ажил амьдралаа зохион байгуулахыг хүсдэг. Тэгэхээр ажил амьдралаа яагаад чухам тэгэж эсвэл ингэж зохион байгуулав гэдгийг ойлгож мэдээгүй хэр нь хүнд зөвлөгөө өгнө гэж байж таарахгүй.
Монголчууд олон жилийн уламжлалт хэлбэрээ хадгалж ирсэн, цаашид үүнийгээ хадгалах болов уу, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвд Мөнжгөө, Жагаа гэдэг залуу хосынд би хэсэг хугацаагаар амьдарсан. Хавар мал төллөх үеэр тэд их ажилтай байдаг юм билээ. Тэднийх 12 настай Отгоо, 8 настай Бөмбүүлээ гэдэг хоёр хүүтэй. Отгоо Баян-Адарга сумын дунд сургуульд сурдаг, Бөмбүүлээ мөдхөн сургуульд орох юм билээ. Тэд хүүхдүүддээ сайн боловсрол олгохыг хичээдэг, тийм ч учраас суурин газар бараадна, Багануур луу нүүнэ дээ гэж ярьсан. Хүүхэд багачуудынхаа сургууль боловсролын төлөө ахуй амьдралаа зохицуулах явдал энэ мэтчилэн элбэг юм билээ. Ойрд холбоо бариагүй болохоор тэднийг нүүсэн эсэхийг мэдэхгүй байна.
Төв газарт очихоор хийх ажил олдохгүй бэрхшээл бас байдаг. Тэгэхээр юуг уламжлан хадгалах, юуг шинэчилж өөрчлөхийг хэлж би мэдэхгүй. Газар болгонд, айл бүрд өөр өөр л байх болов уу. Гэхдээ хамгийн гол нь хүмүүс өөрсдөө юу чухал байна гэдгийг тунгаан бодоод хүүхдийн боловсрол бидний амьдралын үнэ цэнэ гэж үзвэл түүнд зориулан амьдралаа өөрчлөн, бүр өөр танихгүй газар хүртэл нүүхээр шийдвэрлэж чадаж байна гэдэг маш зоригтой, бас чухал юм, төр засаг нь харин иймэрхүү эрсдэлийг дэмжих хэрэгтэй гэдгийг л хэлж чадахаар байна.
АНУ-д эргэж ирээд Монголд очсон тухайгаа ярихад тань хүмүүс Монголын талаар хэр мэдэж, хэрхэн хүлээн авч байх юм дээ? Тэдэнд Монголыг таниулж сурталчлах талаар хэрхэн ажиллавал зүйтэй вэ?
Фулбрайтын тэтгэлэгт хамрагдсаны хувьд эргэж ирээд нэлээд хэдэн газарт Монголын тухай ярьж сонирхуулсан. Хүмүүс Монгол улс хаана оршдог, биеэ даасан улс мөн үү эсвэл хэн нэгний нөлөөнд байдаг уу? гэх зэргээр асуух нь тааралддаг. Миний бодоход эртний их түүхтэй, үлэмж шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа орон, гайхалтай найрсаг зочломтгой ард түмэн. Ондоо хаана ч замын хүн эзгүй айлд орж цай чанаж уугаад мордохгүй шүү дээ. Гэрийн эзэд явуулын хэнийг боловч тохитой тухтай амрааж, хооллож ундлаад явуулдаг.
Монголчуудын ихэнх нь хот суурин газарт амьдардаг болж байна. Хөдөө нутаг, хот суурин Монголын амьдралын хоёр өнгө болсон байна. Америкчуудын нэлээд хэсэг нь Монгол орныг уудам тал, эртний түүхтэй газар хэмээн төсөөлдөг. Тэрчлэн түргэн хотжиж, хөгжин дэгжиж байгаа суурин газруудыг харахад мөн хүчтэй сэтгэгдэл төрдөг. Хүмүүст ерөнхий зүйлийг ярих биш тодорхой айл өрх, хүний жишээн дээр ярьж өгвөл илүү өгөөжтэй байдаг. Миний хувьд америкчуудад Монгол орны чухам ийм тийм айлууд дугуй цагаан гэртээ (tent гэж буруу нэрлэдэг шүү) ингэж амьдардаг, тэр гэдэг хүн ийм ааш зантай, ийм ажил хийдэг гэж үзэж харснаа л ярьдаг. Харин миний бодоход гээд яривал буруу болчихно. Нүүдлийн мал аж ахуй, малчдын амьдрал, хотынхны амьдрал, ядуурал, баян ядуугийн ялгаа, эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг америкчууд бас их сонирхдог.
Таны уулзаж учирсан хүмүүс шинийг мэдэх, эрмэлзэхийн хувьд ямар санагдав ?
Улаанбаатарт өөр нэгэн айлд хэсэг хугацаагаар сууж, гэрийн эзэгтэйг өөрийнхөө монгол ээж гэж нэрлэсэн. Тэдний охин 13 настай, сургуульд заалгасан гэхэд англи хэлээр сайн ярьдаг сүрхий охин бий. Тэр гэрийн даалгавар хийх төдийгөөр хязгаарлахгүй дуу дуулж, Диснейн хүүхэлдэйн кинонуудыг үзэж телевиз радиогоор поп оддын дуулахыг сонирхон сонссоор англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэн юм билээ.
Тэрчлэн хөдөө орон нутгийн эмэгтэй удирдагчид (хувь хүний тухай биш харин тэдний ажил үйлсийн тухай)-ын талаар нэгэн радио нэвтрүүлэг бэлтгэсэн маань сонсогчдын сонирхлыг татсан. Миний найз Ундаръяа гэдэг бүсгүй бий, “Monfem network” төрийн бус байгууллага ажиллуулдаг тэр найз маань эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн статус, жендерийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн талаарх буруу ташаа төсөөлөл, феминизмийн сэдэв сүүлийн үед идэвхтэй яригддаг болсон талаар нэг биш удаа надад ярьсан. Түүний ярианаас үзэхэд Монголд одоо ихээхэн сонирхолтой цаг үе иржээ гэж ойлгогддог. Улирал бүр өөрийн өвөрмөц өнгө төрхтэй.
Би эхлээд Улаанбаатарт нэг сар болоод, хавар Хэнтий аймагт мянгат малчин Чимэд гуайнд очиж дээр өгүүлсэн Мөнжгөө, Жагаагийнд хэсэг амьдарсан. Тэдний Болороо гэдэг, англиар ярьдаг, 22 настай охиноос гадна Цолмон, түүний ах Баяраа, Багаа, Оргил гэхчлэн олон хүнтэй дотно танилцсан. Дараа нь Хөвсгөлд мөн Баян-Өлгийд очсон. Улаанбаатарт ганц сар болоод анх Хэнтийд очсоныг хэлэх үү, юм болгон сонин. Ялангуяа очихдоо замын турш “ 69” дотор монгол дуу сонсоод их шар талын дундуур зурайх зам намайг хаана хүргэх бол гэж бодоод явахад гайхалтай байсан. Дуучин Жавхлангийн … Ээ миний хайрт харцны тань сайханд согтоно… гэдэг дууг аялах дуртай. Хүн бүхэн дуулдаг нь надад Энэтхэгийг санагдуулсан. Монгол орны янз бүрийн өнцөг буланд хүмүүс жилийн дөрвөн улиралд хэрхэн аж төрдөг тухай тэдний дуу, дүрс бичлэг бүхий хоёр ч нэвтрүүлгийг Амеикийн радиод бэлтгэж өгсөн.
Монгол залуус хэр санагдав?
Миний үеийн 30 –аад насны бүсгүйчүүд сайн хүн олж суухад амаргүй болсон гэж ярьж байна билээ. Чухам яагаад тэр вэ? гэдгийг тэднээр яриулбал дээр байх л даа. Ялангуяа залуучуудын дунд гэрбүл салалт их байх шиг санагдсан. Монголын эмэгтэйчүүдийн талаар нэвтрүүлэг бэлтгэвэл тэдний хувьд ямар сэдэв хамгийн чухал байдгийг асуухад өрх толгойлсон, ганц бие эмэгтэйчүүд олон байгааг хүмүүс хэлсэн. Үүнийг сайн эсвэл муу гэж хэлэхгүй. Ямар боловч энэ цаг үед байдал ийм л байна. Зарим хүн хэрхэн үнэлэхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ олонх нь байдал ийм байгааг хүлээн зөвшөөрч, түүнд нэг их зовж шаналаад байдаггүйг л хэлэх байна. Газар сайгүй, түүний дотор АНУ-д хурц асуудал гэгддэг гэр бүлийн хүчирхийлэл тэрбүр ил яригддаггүй боловч байдгийг уулзсан хүмүүс ярьсан.
Дараагийн нэг асуудал бол эмэгтэйчүүдийн тэгш эрх, тэдний өмнө хэчнээн их боломж байдгийг төдийлөн хөндөж ярихгүй байх шиг санагдсан. Миний монгол ээж Норов гэдэг инженер хүн бий. Түүнийг залуу байхад одоогийнх шиг олон боломж байдагүй байсан гэж надад ярьсан. Тийм болохоор би Монголын нийгэм өөрчлөгдөн шинэчлэгдэх шатандаа явна гэж ойлгосон. Хот суурин газруудад залуу хүмүүс их байгаа нь асар их эрч хүч байгааг мэдрүүлсэн. Нөхцөл байдлыг сайн ойлгохын тулд тэнд удаан хугацаагаар суух шаардлагатай, Улаанбаатарт ганцхан сарыг өнгөрүүлсэн учраас ерөнхий зүйл ярьж, дүгнэлт хэлэхээс зайлсхийж, үзсэн харснаа ярихыг хичээдэг.
Америкчууд тухайлбал, та Монголоос ирсэнийхээ дараа Монголын тухай мэдээллийг хаанаас авдаг вэ?
“UB Post” зэрэг сонин үздэгийг эс тооцвол англи хэл дээр хэвлэгддэг сонин сэтгүүл ховор. Зүүн Ази, түүний дотор Монголын судлалаар ажилладаг танхимуудтай их сургууль цөөн. Зөвхөн монголчууд биш өөр олон газрын эрдэмтэд Монголыг судалдаг. Тэдний судалгааны ажлууд энд тэнд тарамдсан байдалтай байж байгаад хэсэг хугацааны дараа олдохоо больдог. Тийм учраас Америкийн Монгол Судлалын Төвийн захиралтай уулзаж юуны түрүүнд Монголын холбогдолтой мэдээллийн нэгдсэн санг үүсгэн бий болгох талаар ярилцсан.
Монголын талаар мэдээллийг хэрхэн бүрдүүлж, хүмүүс хүргэх вэ?
Тэдгээр судалгааны ажлыг нэгэн газарт төвлөрүүлж хадгалах төдийгүй, олон хүн ашиглах бололцоотойг бодож on line болгохоос гадна “хүссэн хүн өөрийн блог эсвэл сайтыг нээж бичиж туурвисан ном бүтээлээ байршуулдаг “Digital Library” байгуулбал тустай гэдгийг Америкийн Монгол Судлалын Төвийн захиралтай ярилцсан. Монголын дүр төрхийг хэрхэн харуулах тухайд биш харин Монголын тухай жуулчны өнгө аястай мэдээллээс эхлээд нэлээд хугацаа зарцуулсан, нарийн мэргэжлийн судалгааны бүтээлүүдийг ч хүссэн хүн нэг дороос олоод үзчихдэг болгох тухай ярьж байгаа хэрэг. Бид өөрсдийн үзэж харсныг үнэн зөв ярих, хүмүүс тэрхүү ярианаас өөрсдийн ойлголт, төсөөллийг авдаг байх нь зөв гэж ойлгодог. Мэдээллийн ийм санг хэрхэн үүсгэх хаана байлгах талаар надад зарим санаа бий.
Тухайлбал хүмүүст лекц яриа хийж эсвэл өөр арга хэмжээний явцад Монголыг танилцуулж болно. Тэр тухайгаа 2-3 сарын өмнөөс сурталчилж болно. Дуу хөгжим, яруу найраг, урлаг, угсаатны зүй судалдаг, Азийг судалдаг судалгааны болон төрийн бус байгууллагуудад тэдний сонирхсон сэдвийн дагуу яриа хийх, сонин сэтгүүлд өгүүлэл бичих, хандив цуглуулах, танай Монгол Соёлын Төвийг танилцуулахаас эхлээд сурталчилгааны ажил ч зохиож болно. Мэдээллийн хуудас гаргаж сонирхох хүмүүс байгууллагуудад хүргэхээс эхлээд жуулчны аялал зохиох, музейтэй хамтарч сургуулийн сурагчдад Монголын тухай яриа хийж өгч болно. Хүмүүс Монголыг нүүдэлчин ард түмэн, хязгааргүй уудам нутгаар төсөөлдөг. Зарим хүн баруунд Монголын дүр төрхийг гудамжны хүүхдүүд, ядуурал төлөөлдөг боллоо гэлцдэг. Үнэндээ тэр талаар олж сонссон хүн энд цөөн байдаг. Ямар сайндаа хот байдгийг ч мэдэхгүй байхав. Хаа газрын хүмүүст нийтлэг үнэт зүйл байдаг. Хувь хүмүүст тохиолддог сонирхолтой үйл явдлууд цаг хугацаа, газар орны хувьд өөр боловч ерөнхийдөө ижил шүү дээ. Тэдгээрийг тодорхой хувь хүн айл өрхийн амьдрал дээр харуулах, үзэж харснаа үнэн бодитой өгүүлэхэд гол нь оршдог. Тэрчлэн өндөр настан, амжилттай бизнесмэн, гэрийн эзэгтэй, төрийн албан хаагч, хөгшин залуу монгол хүмүүсийн өөр өөр дүр төрхийг илтгэсэн хөрөг нийтлэлүүд эсвэл газар газрын хүмүүс Монголыг хэрхэн “нээж” буй нь үзэгчид, уншигчдын сонирхлыг татах болно.
Та Баян-Өлгийн очиж Талархлын баярыг Даулдабайнд угтсан тухайгаа дурссан. Тэнд хэрхэн очив?
Миний монгол хэлний багш Ажин гэдэг казах бүсгүй хамаатнуудтайгаа ярьж өгсөнөөр би тэндэхийн Агануур (Цагааннуур) суманд очсон. Даулдабай гуайнхныг тэсгим өвлийн хүйтнээр Шиньжанаас нүүж ирэх зам зуурт хээр төрсөн Хуанган гэдэг хүү хожим том болж Улаанбаатарт очоод гэрлэж охинтой болсон нь мөнөөх Ажин гэдэг миний багш юм билээ. Тиймээс, Хуанган ( Жаргал ) гуай найздаа захиад намайг, өөрөөр хэлбэл охины шавийг зочлуулсан хэрэг л дээ. Сонирхолтой түүх шүү.
Монголд дахин очих уу? эсвэл ондоо газарт аялахаар төлөвлөж байна уу?
Хэлж мэдэхгүй байна. Явж үзэх нэг хэрэг, Монголд олон хүнтэй уулзаж, нийдээ 50 шахам цагийн бичлэг, маш олон тооны гэрэл зураг, ихээхэн тэмдэглэл хийж ирсэн. Тэгэхээр үзэж харсан зүйлээ хүмүүст хүргэх нь чухал. Энэ ажилдаа нэлээд цаг зориулна гэж бодож байна. өгүүлэл бичихээс гадна боловсролын чиглэлийн вэб хуудас нээж, өгүүлэл, дуу, хөгжмийн бүтээлүүдийг байршуулах олон арга бий. Хүссэн хүн тэдгээрийг үнэ төлбөргүй авч ашиглах боломжтой байх болно. Мөн DVD гаргах, Америкийн болон бусад орны, түүний дотор Монголын радиод баримтат нэвтрүүлэг бэлтгэж өгөх бодол байна. Олон хүнтэй уулзаж ярилцлага хийсэн. Нэлээд нь монгол хэлээр бичигдсэн болохоор материал хангалттай байгаа.
Мөн гэрэл зураг үзүүлж дуу сонсгох боломжтой multimedia үзэсгэлэн гаргах санаа бас байна. Жишээ нь хавар Хэнтий аймагт очоод авсан хоёр бүсгүйн гэрэл зургийг харахад тэдний малаа хариулах, үхрээ саах чимээ, дуулах, хөгжим тоглох болон хоорондоо ярилцахыг мөн сонсч кино үзсэн мэт болно. Киног сууж үздэг бол multimedia үзмэрийг хараад сонсоод өмнүүр нь яваад өнгөрдөг учир богино хугацаанд нэг дороос олон талын мэдээлэл авч болно. Үзэсгэлэн хэнд сонирхогдох вэ? хаана гаргавал дээр вэ? гэдгийг бодож байгаад байр танхим, санхүүжилтээ хайж олно, бэлтгэлээ хангана, вэб хуудасны загвараа ч бэлтгэнэ, радио нэвтрүүлгийн талаар Америкийн хоёр радиотой ярьсан. Аль хөтөлбөрт нь оруулах, хэдийд нэвтрүүлэх зэргийг ярьж тохироход багагүй хугацаа орохоор байгаа. Хэрэв яриад тохирохгүй бол online -аар дамжуулна. Энэ мэт надад олон санаа, материал, хүсэл байна. Тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа бичээд Та нарт ирүүлье. Хаана үзэсгэлэн гаргавал зохистой, ямар радиод хандвал дээр гэхчлэн Та нөхөд ч гэсэн саналаа хэлбэл би талархана.
За танд их баярлалаа.
Жич: Шибанагийн Монголоос бичиж ирсэн олон цагийн сонирхолтой бичлэгээс жишээ болгон Тэмээний тухай материалыг энэхүү линкээс сонирхоно уу?
http://nomadicencounters.blogspot.com/2008/06/camels-gobi.html
URL: