ХЯТАД УЛС ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ АВАРНА
Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг 0,2 хувиар бууруулжээ. Дэлхийн хямрал зөвхөн хөгжингүй орнуудыг төдийгүй хөгжиж буй орнуудыг ч хамарсан. Энэ хямралыг тойрч гарах аргагүй байсан бөгөөд одоо дэлхий дахины анхаарал Хятадад төвлөрнө гэж эдийн засагчид ярьж байна.
ОУВС-гийн тооцоолсноор, дэлхийн эдийн засаг энэ онд 3,3 хувиар өснө. Дэлхийн эдийн засаг сэргэсээр байна, гэхдээ тооцоолж байснаас удаан байна гэж тус сангийн тэргүүн Кристин Лагард Токиод болж буй ОУВС, Дэлхийн банкны жил тутмын хуралдааны дараа болсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
“Зарим улсын өр дайны үеийнхээс ч өндөр байна” гэж ОУВС-гийн тэргүүн ярьсан байна. Тухайлбал, АНУ-ын улсын өр ДНБ-ий 111 хувь, Италийнх 127 хувь, Японых 245 хувьтай тэнцэж байгаа аж. ОХУ-ын улсын өр ДНБ-ий 9,9 хувьтай тэнцэж байгаа нь БРИК-ийн орнууд дотроо хамгийн бага үзүүлэлт болж байна.
Хөгжиж буй бараг бүх орны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг эдийн засагчид бууруулжээ. Зөвхөн Өмнөд Африкийнх хэвээр буюу 2,6 хувьтай байх аж. Харин Хятадын эдийн засаг энэ онд 7,8, ирэх жил 8,2 хувиар өснө.
Дэлхийн эдийн засгийн зүтгүүр хүч болж байсан Хятадын эдийн засгийн өсөлт дахин хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэхгүй гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа ч дэлхийн эдийн засаг хямралаас гарах эсэх нь Хятадаас шалтгаална гэж үзэж байна. Хятадын асар олон хүн амыг олонхи компаниуд боломжит хэрэглэгчид гэж үзэж байгаа ажээ. Тухайлбал, Apple корпораци iPhone гар утасныхаа борлуулалтын амжилтыг юуны түрүүнд Хятадаас шалтгаална гэж тооцоолж байна.
З.Амгалан
URL: