Үлгэрт итгэх монголчууд
Яг ийм нэртэй нийтлэлийг жилийн өмнө бичиж байсан юм. Харин өнөөдөр үргэлжлүүлж бичмээр санагдлаа.
Үлгэр их олон янз. Ихэмсэг баян хүн ядуу гуйлгачин болж байгаа тухай, залхуу тэнэгдүү эр заль мэх гаргаад алдар нэртэй болж байгаа тухай, хэн нэгэнд хүлэг морь нь, загасны уурга нь, атгасан шагай нь тус болж, сайн сайхан амьдралд хүргэж байгаа гээд тоймгүй олон “загвартай”.
Гэхдээ үлгэрт баян тарган, ихэс дээдэс язгууртан хүнийг ихэнхдээ муу муухай, тэнэг мангарын “үлгэр жишээ” болгох нь элбэг. Энэ нь эртнээс нааш хүн байх уг чанартай нь холбоотой бололтой. Ерөөс хүн нийгэмшин амьдрах болсон үеэс ажил хөдөлмөрөөс хойш сууж, амар хялбар аргаар амьдарчих сонирхолтой хүмүүс олон байсан байх.
Гэхдээ үлгэрт баян тарган, ихэс дээдэс язгууртан хүнийг ихэнхдээ муу муухай, тэнэг мангарын “үлгэр жишээ” болгох нь элбэг.
Энэ нь эртнээс нааш хүн байх уг чанартай нь холбоотой бололтой. Ерөөс хүн нийгэмшин амьдрах болсон үеэс ажил хөдөлмөрөөс хойш сууж, амар хялбар аргаар амьдарчих сонирхолтой хүн олон байсан байх. Тийм хүмүүсийн хувьд хөдөлмөр хийж, эд баялагтай болж байгаа хүмүүстэй эртнээс өстэй. Ингээд л эртний өст язгууртнуудад зориулан тэднийг тэнэг мангарын туйл, эргүү зүүлгийн загвар гээд л үлгэр зохиож ярин, түүндээ бага ч болов итгэн өөрсдийн бухимдлаа тайлж байсан болов уу.
Улс орон бүр өөрийн гэсэн үлгэртэй. Зарим улс оронд энгийн тариачин амсхийх чөлөөгүй ажиллаж байж амжилтад хүрсэн тухай гардаг байхад манай монголчуудын хувьд арай өөр амар хялбар аргаар амжилтад хүрсэн тухай өгүүлдэг. Ийм жишээг “Бушхүүгийн үлгэр”-ээс харж болно. Энэ үлгэрт, Лусын хаан гөрөөсний дүрд хувилан явсан охиных нь амийг аварсан Бушхүүд бэлэг болгосон шагай нь түүнийг эхнэр, өргөө гэр, адуу малтай болгодог. Орчин үеийн хэллэгээр бол Лусын хааны бэлгийн шагайг Бушхүү дэрлэж унтаад л гүйцээ, өглөө нь бүх юм “ОК” гэсэн үг. Харамсалтай нь энэ бүхэн үлгэр.
Бүр харамсалтай нь үлгэрт итгэх монголчууд олон байгаа явдал юм. Өнөөдөр ч гэсэн хонжворт сугалаанд, утасны хонжвортой нэгжид, лам, зурхайчийн өгсөн тарни шившлэгт зүйлд битүүхэндээ итгэн хэдэн хүн дэрлэж унтах нь холгүй байгаа бол. Тэдний хүсэн хүлээсэн үр нь гэнэт баяжиж, байшин, машинтай болох, алдар нэрийн оргилд хүрэх, идэх хоол өмсөж зүүхээр дутахааргүй болох тухай.
Өдгөө барууны соёлжсон улс орнуудад сугалаат худалдааны менежмент үеэ өнгөрөөсөн, бараг хэрэглэдэггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, сугалаатай худалдаанд худалдан авагчид итгэхгүй гэсэн үг. Харин манайд бол тэс өөр. Байр орон сууц, унаа машины сугалаатай худалдаа ар араасаа цуварна. Бие биеэ давах гэсэн учир утгагүй сугалаат уралдаанууд ар араасаа үргэлжилнэ. Нийтлэлч Анхаагийн бичсэнээр удахгүй байр, машин, эхнэр амласан хонжворт сугалаат худалдаа зарлаж магадгүй болчихоод байна.
Ерөөс хүмүүсийн үлгэрт итгэх нэг чухал шинж бол ямар хялбар аргаар баяжих. Ажил хөдөлмөр эрхэлж, өөрийн биеэ зовоолгүй баяжих ямар арга байна вэ. Энэ бол үлгэрт итгэх хүмүүсийн үндсэн сонирхол. Мэдээж эрэлт байгаа газар нийлүүлэлт байдаг зах зээлийн зарчмын дагуу иргэдийн эрэлтэд нийцсэн нийлүүлэлтүүд байх.
Тэдний нэгийг Саран авхай гэнэ. Мань хүнд академич, зурхайч, шинжлэх ухааны доктор, бясалгагч, зөн билэгтэн, энерги аура тэнцвэржүүлэгч гээд олон цол гуншин байдаг юм билээ.
Гэхдээ тэрбээр бусдад “амархан мөнгөтэй болох аргыг заагч” гэдгээрээ алдартай. Ноднин өдийд “UB палас”-ын их танхимд 2-3 өдөр дараалан уншсан түүний “Яаж мөнгөтэй болох вэ” лекцийг сонсохоор очсон монголчууд пиг дүүрэн байсан. Лекцийн агуулга хүмүүст их таалагдсан гэнэ. Учир нь хүн мөнгөтэй болохын тулд ажил хийхээс илүүтэй түрийвчиндээ мөнгөө зөв авч явах ёстой л гэнэ. Тарни шившлэг унших хэрэгтэй л гэнэ, дороо тойрон эргэлдэх ёстой юм байх. Гол нь эдгээрийг сэтгэлээсээ, үнэн зөв хийгээд байхад л мөнгө өөрөө түрийвч рүү чинь үсрээд ороод ирэх юм гэсэн шүү. Бүх насаараа шинжлэх ухааны мөр хөөгөөд “баяжиж” чадаагүй нэгэн энэ лекцэнд очсон гэнэ билээ.
Харин энэ жил Саран авхай маань усны тухай лекц уншсан гэсэн. Чих тавин сонирхвол мань авхай энэ талаар бараг л “шинэ шашин” нээчихсэн суут нэгэн бололтой. Түүний шашныг “Усанизм” гээд нэрлэчихэж болмоор. Одоогоос 2500 гаруй жилийн тэртээ эртний Грекийн анхны философич Фалес ертөнцийн бүх зүйл уснаас бүтсэн гэж үзсэнийг хүн төрөлхтөн өдий болтол нотолж, танин мэдэж чадаагүй байсныг талын Монголын Саран авхай ийнхүү 2500 жилийн дараа нотолж байгаа ажээ.
Зүй нь бол түүний энэ алдар гавьяаг Гиннесийн номонд бүртгүүлж, дэлхийн хэмжээний философич гэж хүлээн зөвшөөрөх ёстой юм билээ. Усанизмын гол онцлог усны тусламжтай хүнийг эмчлэх, эдгээх, баяжуулах явдал гэнэ. Ямартай ч Усанизмын өөрийн гэсэн “сүм”-тэй бөгөөд энэ сүмд зочлон усны үр шимийг хүртэхээр олон хүн зорьж байгаа гэсэн.
Дараагийн хүнийг Оюунгэрэл хатагтай гэнэ. Манайхан “Орифлэйм”-ын гэдгээр нь андахгүй. Бас л хэцүү зүдүү ажил төрөл хийлгүйгээр амархан баяжих аргыг бусдад заагчдын нэг. “Орифлэйм”-ыг дагавал сард 1-5 сая төгрөг авах боломжтой гэж тэрбээр ухуулдаг. “Орифлэйм” гэдэг нь угтаа бол гоо сайхны бараа бүтээгдэхүүний сүлжээний бизнес. Ерөөс сүлжээний бизнесийн нэг онцлог бий. Пирамид тогтолцоогоор үйл ажиллагаа нь явагддаг тул хэдий чинээ олон хүн энэ сүлжээнд элсэж, энэ компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэнэ, төдий чинээ Оюунгэрэлийн түрийвч түнтийнэ гэсэн үг. Үнэн хэрэгтээ олон хүнийг ажилтай, орлоготой болгож байгаа гэж ярьдаг ч олон хүний хөлс хүчээр өөрөө хүчирхэгжиж байгаа нэгэн.
Хамгийн сонирхолтой нь Оюун хатагтайн “Хэрхэн арванхоёрдугаар сарын 21-нд амьд үлдэх” тухай лекц.
Товчхондоо бол мөнгө олох шинэ менежментийн санаагаа Оюун хатагтай “Дэлхий сөнөх тухай” сэдвээр сонгоод авчихсан хэрэг. Сонирхолтой нь бидний цөөн монголчуудын нэлээд хувь нь ашиг хонжоо л олж байвал юу ярьж, юу ч хийхээс буцахгүй энэ мэтийн хагас галзуу хүмүүсийн ийм эмгэнэлтэй, инээдэмтэй ч гэмээр ярианд итгэж байгаа нь харамсалтай.
Арванхоёрдугаар сарын 21 болдгоороо болж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, дэлхий эргэдгээрээ эргэж, нар манддагаараа л мандана. Харин энэ өдрийн дараа худал буруу ярьж, олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн хэргээр Оюун хатагтай мэтийн хүмүүсийг хариуцлагад татах хэрэгтэй.
Үлгэр, үнэн хоёрт өдөр шөнө шиг ялгаа бий. Үлгэрт хэдий чинээ итгэнэ, үнэн бодит байдлаас төдий чинээ холдоно гэдгийг сайн санах хэрэгтэй. Энэ мэтийн шашин ч гэмээр, номлол ч гэмээр, яриа ч гэмээр, ятгалга ч гэмээр зүйлд итгэх нь оюунлаг ухамсрыг боомилж, хийрхэлт ухамсрыг өдөөдөг талтай.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: