Хариуцлагагүй уул уурхайн ”гор” гарч эхэллээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын тоосжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс 45 дахин их

Уул уурхайн салбар улс орны эдийн засгийг тэтгэж байгаа ч зохицуулалтгүй, хариуцлагагүй уул уурхайгаас үүдэлтэйгээр байгаль орчин сүйдэж, иргэд эрүүл мэндээрээ хохирч, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа юм. Тиймээс уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй нутаг дахь иргэдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос судалгаа хийсэн байна. Судалгааныхаа үр дүнг төр засаг, олон нийтэд танилцуулан, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцэхээр “Монгол дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” олон улсын бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. Уг хуралд хүний эрхийн төлөөх олон улсын байгууллага, ТББ, Засгийн газрын гишүүд, уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй нутгийн малчид оролцсон юм. Хүний эрхийн үндэсний комисс иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран есөн аймгийн 15 сумын нутаг дэвсгэрт ажилласан байна. Судалгаагаар тухайн бүс нутаг дахь байгаль орчин, малчдад тулгамдаж буй асуудлыг гаргажээ. Тухайлбал, тусгай зөвшөөрлийг замбараагүй олгож байгаагаас зарим аймаг, сумын газар нутгийн ихэнх нь аж ахуйн нэгжүүдийн мэдэлд орсон байна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2.8 сая га нутаг дэвсгэрийн 1.1 сая га буюу нийт нутгийн 40 гаруй хувьд тусгай зөвшөөрөл олгожээ. Ингэснээр 11 аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, үүнээс гурван компани нүүрс олборлож эхэлсэн байна. Хэрэв үлдсэн найман компани олборлолтоо эхэлбэл тус сумын нутагт мал аж ахуй эрхлэх ямар ч боломжгүй болж, нүүдлийн мал аж ахуй эндээс эхлэн устаж алга болох нь гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссынхон онцолж байгаа юм.

Уул уурхай эрхэлж буй компаниуд нөхөн сэргээлт хийхгүй байгаа нь одоогийн гамшгийн нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Судалгаагаар уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтээ хийхгүй байна гэж дүгнэжээ. Дорноговь аймгийн Айраг суманд 46.7 га, Өвөрхангай аймгийн Уянга суманд 562.6 га, Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 500 орчим га бэлчээрт нөхөн сэргээлт хийлгүй орхисон байна. Хамгийн гол нь тээвэрлэлтийн асуудлаас үүдэж хөрс эвдэрч, тоосжилт дээд цэгтээ хүрээд байгаа юм. Зөвхөн Дундговь аймгийн долоо, Дорноговь аймгийн есөн сумын нутгийг дайран өнгөрсөн 30-150 метр өргөн, 15-32 салаа замаар 40-100 тоннын даацтай машин тээвэрлэлт хийж байгаа аж. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуун сухайтын боомт хүртэл 245 км хатуу хучилттай зам тавьсан ч үүгээр “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд л нүүрсээ тээвэрлэж байна. Харин бусад компаниуд тээвэрлэх гэрээ хийгээгүй, замын төлбөр өндөр зэрэг шалтгаанаар шороон замаар тээвэрлэж байгаа гэдгийг судалгаа хийсэн багийнхан хэлж байв. Мөн тус иргэд энэхүү тоосжилттой газарт амьдрах аргагүй болж, энэ бүс нутагт хэдэн зуугаараа сүрэглэн амьдарч байсан хулан, зээрийн сүрэг хаашаа дайжсан нь мэдэгдэхгүй алга болсон талаар нутгийн иргэд хэлж байгаа юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх Гашуунсухайт руу хүргэдэг нүүрсээ ачиж буулгадаг газрын тоосжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс 45 дахин их, нарийн ширхэгт тоосонцор 34-35 дахин их байгаа нь агаарт бохирдол үүсгэж, хөрс, усны чанар, аюулгүй байдал алдагдаж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Энэхүү хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцож, уул уурхайн яам нь ил тод, хариуцлагатай, аюулгүй, хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, харилцан ашигтай, хуулиа дээдэлсэн зарчмыг баримтлан уул уурхайг хөгжүүлж ажиллана гэдгийг онцолж байлаа. Мөн тэрээр уул уурхайн салбарт хүний эрхийн “Хамгаалах, Хүндлэх, Сэргээх” хэмээх НҮБ-ын үндсэн зарчмыг хэрэгжүүлэх нь дэлхий нийтийн болон бүс нутгийн нэн тулгамдсан асуудал болоод байгааг дурьдаж, энэ талаар салбарын бодлогын болон хууль эрх зүйн баримт бичгүүдэд тусгаж ажиллахаа мэдэгдсэн.

ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛЫГ ШИНЭ ХУУЛЬД ТУСГАНА
Тиймээс үүнд салбарын яамнаас хэрхэн хандаж, ямар бодлого, чиглэлээр ажиллах талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.

-Уул уурхайн үйлдвэрлэл хүний эрхийг зөрчиж байгаа талаар хэлэлцэж байна. Энэ асуудалд яамны зүгээс хэрхэн хандаж байна. Засч, сайжруулах талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Уул уурхайн салбар сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд маш хурдтайгаар дээшилсэн. Үүнтэй холбоотойгоор олон өөрчлөлтүүд гарч байна. Энэ дотор хүний эрх зөрчигдөж байгаа асуудал байгаа. Бид үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ үүнийг хэрхэн шийдэх вэ гэдгийг тал талаасаа ярих нь зөв учраас энэ бага хурал маш чухал ач холбогдолтой. Бидний хувьд эрдэс баялгийн салбарт байгаа хууль эрх зүйн орчныг шинэчлэхээр хоёр гурван жил ажиллаж байна. Хууль эрхзүйг шинэчлэх ажлын хэсэг өмнө нь манай яаман дээр байсан бол одоо Ерөнхийлөгчийн Тамгын Газар дээр ажиллаж байна. Бид маш олон багц хуулийг өөрчилж, бодлогын бичиг баримтыг хамтад нь оруулна. Ингэхдээ хүний эрхийн асуудлыг тусгах болно. Тиймээс маш их анхаарал тавьж байна. Энэхүү хурлаас гарсан санал зөвлөмжийг удахгүй УИХ-аар хэлэлцүүлж, багц хуулиудад тусгана. Энэ бол зөвхөн ашигт малтмалын тухай хууль биш, үүнтэй холбогдсон Газрын тосны тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль гээд холбогдож байгаа бүх хууль эрхзүйд тусгана.

-Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй компаниуд хүний эрхийг зөрчиж байгаа асуудлыг яаж өөрчлөх ёстой вэ?
-Уул уурхай идэвхитэй эрхэлж байгаа 400 гаруй уурхай бий. Үүний тал хувь нь жижиг буюу хайрга, шавар, шохойны үйлдвэрүүд байдаг. Томоохон, дунд зэргийн уурхайнууд цөөхөн. Тэр дунд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ягштал мөрддөг, хариуцлагатай уурхайнууд байгаа. Мэдээж хариуцлагагүй ханддаг уурхай бий. Тэдэнд анхаарлаа хандуулаагүйгээс хүний эрхийн асуудал гарч ирж байна. Тиймээс хууль журмаа нарийн болгож, хяналтыг сайжруулах хэрэгтэй. Бүх уурхайнууд нэг ижил хууль, дүрэм журам, олон улсын актыг мөрддөг байх ёстой.

-Уурхайн нөхөн сэргээгээгүй нүхэнд хүүхэд унаж нас барахад хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрлөө гэж байна. Хариуцлагын тогтолцоог яаж бий болгох вэ?
-Манай хууль эрхзүйн орчин бүрэлдэж чадаагүйн илрэл. Тэгэхээр хариуцлагын тогтолцоог ямар байдлаар хуулийнхаа орчинд бий болгох вэ гэдэг л чухал. Эрдэс баялгийн хуулиас гадна хөдөлмөрийн аюулгүй байдлын хуулинд тусгах хэрэгтэй.

-Тэгвэл одоогоор хариуцлага хүлээх талаар юу ч заагаагүй гэсэн үг үү?
-Сайн заагаагүй болохоор л хариуцлага хүлээлгүй өнгөрч байна. Тиймээс ямар хуульд яаж тусгаж байж ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхой байх ёстой.

-Компаниуд хүний эрхийг зөрчиж буй асуудалд хэрхэн хандаж байгаа бол. Энэ талаар ярилцаж байсан уу?
-Зарим компаниуд энэ тал дээр анхаарч нөхөн төлбөр өгч байгаа. Зарим нь тоохгүй өнгөрч байгаа. Хуулиндаа заагаад өгчихвөл бүх юм шударга шийдэгдэнэ.

МАЛЧДЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ, ИЛҮҮ САЙН НӨХЦӨЛТЭЙ ГАЗАР АМЬДРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Уул уурхайгаас үүдэлтэй хүний эрх зөрчигдөж байгаа асуудалд хэрхэн хандаж байгаа талаар Уул уурхайн үндэсний ассосиацийн ерөнхийлөгч Д.Дамбаас тодрууллаа.

-Уул уурхайн үйлдвэрлэлээс үүдэж нутгийн иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд танай ассосиаци ямар байр суурьтай байна вэ. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Манай ассосиаци хариуцлагатай уул уурхайн найман зарчим гэдгийг анх гаргаж ирсэн. Үүнийхээ дагуу иргэдийг эрүүл орчинд ажиллуулж, амьдруулах, эрүүл ахуйг хамгаалах бодлогын хүрээнд тодорхой ажил зохион байгуулж байгаа. Энэ зарчмын дагуу Оюутолгой, Тавантолгой сайн ажиллаж байна. Харин орон нутгийн зарим жижиг уул уурхайн компаниуд харьцангуй муу ажиллаж, малчидтай хэл амаа ололцохгүй байх тохиолдол бий. Орон нутагтаа харьцаж чадахгүй байгаа байдал хүний эрхийг зөрчиж байна. Монгол Улс мал аж ахуй, тэр дундаа бэлчээрийн аж ахуйтай орон. Гэтэл уул уурхай газар нутгийг хөнддөг, ухдаг, байгалийн тогтоцыг өөрчилдөг. Тиймээс энэ хоёрын хооронд зөрчилдөөн байгаа. Үүнийг аль болох зохицуулах, зөв аргаар авч явах хэрэгтэй. Тиймээс шинэ ашигт малтмалын хуульд оруулах ёстой.

-Манай улс уурхайгаа ашиглахаас аргагүй. Тэгэхээр нутгийн иргэдийн эрх зөрчигдөж байгаа энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Уурхайн ашиглалтын талбайд айлын өвөлжөө, бууц хамарсан бол малчидтай л тохиролцох хэрэгтэй. Нүүлгэн шилжүүлээд, нөхөн төлбөрийг өгөөд, бүх зардлыг нь гаргасан туршлага бий. Оюутолгой компани нэлээд олон айлыг нүүлгээд өмнө нь амьдарч байснаас нь илүү нөхцөлтэй болгож, орон сууц барьж өгсөн. Ийм зүйлийг хийх хэрэгтэй. Нөгөө талаараа малчид ч гэсэн зөв ойлгож, хэт зөрүүдэлж хандсаны оронд тохиролцох хэрэгтэй. Үнэ хөлсний хувьд бага байгаа гэдэг асуудал тавигддаг. Үүнийг шийдэж боломжтой.

М.Ариунсувд


URL:

Сэтгэгдэл бичих