Нөхөөс хийн амь аргацаадаг замууд амьтай болж байна

Замын түгжрэл хоёр cap нийслэлчүүдийг түгжив. Дөрвөн буудал явах гэж хоёр цаг шахам зарцуулна гэдэг иргэдийн хувьд нэлээн хүндрэлтэй байна. “Энэ замаа эртхэн засч байхад яадаг юм. Сургууль, цэцэрлэг эхлээгүй байхад хийж болсонгүй юм байхдаа хэмээн түгжрэлд орсон хүн бүхэн үглэцгээнэ. Зам засварын ажлаа хожуу эхэллээ хэмээн олон хүн буруутгах ч нөгөө талдаа “зам гэж там болжээ” хэмээх жолооч нарын уур хилэн ариглах төлөвтэй.

Уг нь ямар ч улс 18-20 жилд бүх замаа шинэчилж байх ёстой гэдэг. Гэтэл манай замын хувьд дээд тал нь 25 жил болсон. Тухайлбал төв замыг 1986 онд тролейбусны хоёрдугаар ээлж хийх үед л засвар хийсэн аж, Түүнээс хойш 20 гаруй жилийн дараа гар хүрсэн гээд бидний хувьд бусад орнуудын замаа шинэчилдэг жишгээс холдсон. Харин энэ жилийн хувьд нийслэлийн зам тэр чигээрээ шинэчлэгдэж олны магнайг тэнийлгэж байна.

Нийт 114 тэрбум төгрөгийн зам засварын ажил хийгдэж байгаа. Тухайлбал “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр 17 төслийг боловсруулжээ. Шинээр 17.6 км, өргөтгөн шинэчлэх 31.1 км, гүүрийн барилга засвар 151 метр замыг засварлаж байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5.58 км замыг шинээр барьж, 2.6 км замыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж байна.

Үнэхээр нээгдсэн шинэ замыг харсан хэний ч сэтгэл эерэхээр байна. Үгүй яахав ээ овоо замаа засчихлаа шүү гэх хүн олон байна. “Оройхон гарч ширүүхэн дайрна” гэгчээр зам засварын ажил урагштай байна. Тухайлбал Саппорогийн аюулгүйн тойргоос 5 шарын уулзвар хүртэлх Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн 3.2 км авто замыг Хөгжлийн Инж” компанийнхан өдөр шөнөгүй зүтгэж өчигдөр замын хөдөлгөөнийг нээжээ. “Тотал Инж” компанийнхан маш богино хугацаанд чанартай зам тавьсан хэмээн иргэд сэтгэл хангалуун байна. Тус компанийнхан ирэх жилийн есдүгээр сарын нэгэн гэхэд явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг дуусган хүлээлгэж өгөх юм байна.

Түүнчлэн Жуковын хөшөөний урд уулзвараас Кино үйлдвэрийн уулзвар хүртэлх авто замын урд урсгалыг нээжээ. Мөн Сүхбаатар дүүргийн хувьд 18 дугаар хороо, Дамбадаржаагийн Цагдаагийн постоос Дамба- даржаагийн эцэс хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Баткубик” ХХК гүйцэтгэсэн байна. Нийт 17,6 км урттай энэ шороон зам Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүрдэг. ЭСТО ХХК Богд уулын араар явах энэ хэсэгт 7 метр өргөнтэй хатуу хучилттай зам барихаар он дамжуулан гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Харин зүүн 4 замын хувьд зүүн талын эхний буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд талын урсгалыг шинэчилсэн. Мөн нарны замын баруун хэсэг буюу 10 дугаар хорооллын уулзвараас Депогийн уулзвар хүртэлх 1.06 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Монгол Сата Интернэшнл” ХХК гүйцэтгэжээ.

Түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Баянхошуу чиглэлийн 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Тойргийн уулзвараас долдугаар хорооны гарц хүртэлх хэсгийн замыг “Хувай Монголиа” ХХК зассан байна.

Жуулчны гудамжинд Худалдаа хөгжлийн банкны урд уулзвараас Баруун Сэлбийн гудамж буюу Урт цагаан хүртэлх авто замыг “Төгс Үржих зам” ХХК засчээ.

Энэ мэтчилэн нийслэл дэх авто замын шинэчлэлтийн ажил 80 хувьтай явж буй аж. Юутай ч хэл амтай эхэлсэн нийслэлийн зам маань сайхан болох нь ээ. Байгаа хөрөнгийнхөө хэмжээнд нөхөөс хийн амь аргацааж байсан замууд ямар ч байсан амьтай болж байна.

Б.Ариунзаяа

Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин


URL:

Сэтгэгдэл бичих