Интернэтийн залилангаас болгоомжлохыг анхааруулав
“USA”-аас ирсэн жинхэнэ оргиналь нөөтбүүк, Ipad, Ipod яаралтай хямдхан зарлаа. Ганцхан ширхэг байгаа шүү”, “Гамтай хэрэглэсэн зөөврийн компьютер болон сүүлийн үеийн гар утас худалдаж авна, солино” гэх зарууд интернэт дэх зарын сайтуудад ихэд дэлгэрсэн. Энэ мэтчилэн хамгийн сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй гар утас, компьютер арилжаалах сонирхолтой иргэдийн зар ч телевизийн чатуудаар үзэгдээд удаж байгаа. Харин ийм төрлийн зард иргэд болгоомжтой хандахыг цагдаагийн газраас сэрэмжлүүллээ. Учир нь энэ мэт хүний эрэлт хэрэгцээ, сонирхлыг далимдуулсан залилангийн хэрэг газар авчээ. Ийм мэхлэгчдийг цагдаа нар тогтоосон байна. Тодорхой эрхэлсэн ажилгүй, 30 гаруй насны дөрвөн залууг саатуулаад байгаа аж.
Сэжигтнүүд “Оргиналь Ipad, Ipod, Iphone зарна, солино” гэх зар интернэтэд байрлуулдаг байж. Зарын дагуу иргэдийг залгахад уулзах газраа товлодог байна. Ингэхдээ ямар нэгэн орон сууцны үүдэнд болздог гэнэ. Тэдний хэлсэнчлэн эд бараагаа худалдахаар ирсэн хүмүүстэй хоёулаа уулздаг аж. Нэг нь “Манайх энэ байрны долоон давхарт амьдардаг. Би энэ утсыг чинь гэрийнхэндээ үзүүлчихээд авах эсэхээ шийдье. Гялс орчихоод ирье. Наанаа манай найзтай намайг хүлээж байгаарай” гээд хамтрагчтайгаа үлдээдэг байж. Энэ нь эд зүйлсээ наймаалцахаар ирсэн иргэдэд итгэл түрүүлэхүйц үйлдэл гэсэн. Харин дотогш орсон залуу тухайн орцны хоёр давхарт нуугдаж байгаад “Утсыг чинь авахаар болчихлоо. Манайд” орж ирээд мөнгөө авчих” гээд эд зүйлсийн эзнийг “гэртээ” урих нь тэр. Бараагаа худалдахаар болсондоо баярлан орц руу орох зуур нь “итгэл төрүүлэгч” ямар нэгэн байдлаар бултаж амждаг байна. Утасны эзэн түүнийг ч анзааралгүй дээд давхар руу өгсөх хойгуур хоёр давхарт нуугдсан этгээд зөрөөд орцноос гардаг аж.
Мөн эдгээр этгээд хүний оргиналь гар утсыг хуурамчаар сольж дөнгөдөг байсан гэнэ. Тэдний балгаар нэг утсаа удаан бариад уйдсан иргэд өнгө загварыг нь өөрчлөх гээд бүр дордуулсан тохиолдол хэд хэд давтагджээ. Сэжигтнүүд оргиналь гар утсаа солилцохоор ирсэи иргэдтэй уулзахдаа өөрсдөдөө байгаа жинхэнэ брэндийн эд зүйлсийг харуулж санал болгодог гэнэ. Ингэхдээ үзүүлсэн гар утасныхаа цэнэгийг дуусахад бэлэн болгоод тохируулчихдаг байж. Бараагаа солилцох үедээ дотроос нь сим картаа сугалж байгаа дүр эсгээд хуурамч утас өгчихдөг байна. Тэгтэл гар утас авсан хүн сим картаа хийтэл мэхлэгчдийн урьдчилан тооцоолсны дагуу асахгүй байх нь мэдээж. Тэр үед хулхи бүтээгдэхүүн орлуулан авснаа мэдэхгүй өнөөх иргэн “Гэртээ хариад утсаа сайн цэнэглэчих” гэсэн үгэнд хууртсаар буцдаг байна.
Энэ мэтчилэи залилан үйлдсэн байж болзошгүй залууст мэхлүүлсэн гэх арав гаруй хохирогч цагдаагийн байгууллагад ханджээ. Ийм хэрэгт өртсөн хүмүүс байвал цагдаагийн газарт хандаарай.
М.МӨНХ
URL: