Хакерууд “iPhone 4S” болон “Galaxy S III”-ыг эвджээ

Олон улсын хакеруудын “Mobile Pwn2Own” тэмцээн Нидерландын нийслэл Амстердам хотод болж байгаа билээ. Тэгвэл энэ тэмцээний үеэр хакерууд “iPhone 4S” болон “Galaxy S III” смартфоныг бүрэн эвдэж мэдээллийг нь хулгайлж чаджээ. “Apple” компанийн бүтээгдэхүүн болон “iPhone 4S”-ыг компьютерын аюулгүй байдлыг хангах талаар мэргэшсэн “Certified Secure” компанийн мэргэжилтнүүд болох Нидерланд улсыг төлөөлөн оролцож байгаа Жоост Пол, Даан Кейпер нар эвдсэн байна. Тэд “WebKit” хэмээх хөтөч ашиглан “iPhone 4S” дээр байгаа хэрэглэгчийн нууц үг, зураг, и-мэйл зэрэг хэрэгтэй бүх мэдээллийг авч чадсан байна. Энэ тухай “Computerworld” сэтгүүл онцолжээ. Нидерландын багийн дээрх аргаар “Apple”-ийн “iPad”, “iPhone4”, “iPod touch” зэргийг эвдэн мэдээллийг авах боломжтой ажээ.

Харин “Samsung” компанийн бүтээгдэхүүн болох “Galaxy S III” утсыг “MWR Labs” компанид ажилладаг хакерууд эвдсэн байна. Тэд “Galaxy S III” доторх мэдээллийг авахдаа “NFC” утасгүй сүлжээг (wireless) ашиглан дайралт хийсэн байна. Тэд хоёр ширхэг “Galaxy S III” утсыг хооронд нь утасгүй сүлжээгээр холбон “malware” программ ашиглан хэрэгтэй мэдээллийг төвөггүй авч чаджээ. Тэмцээнийг зохион байгуулагчид дээрх оролцогчдыг 30 мянган ам.доллараар урамшуулжээ. Энэхүү тэмцээн нь мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах үндсэн зорилготойгоор 2007 оноос эхлэн явагдаж байгаа. Тэмцээнд хэрэглэсэн аргуудыг олон нийтэд танилцуулдаггүй журамтай. Мөн тэмцээнд оролцогчид өмнө нь бэлдсэн кодоо авчран тэмцээнд оролцдог байсан бол энэ жилээс тэмцээний талбар дээр өөрийн кодоо шууд бичиж даалгаврыг гүйцэтгэнэ гэсэн өөрчлөлт орсон аж.

Mr.Unuku


URL:

Сэтгэгдэл бичих