Лениний музей хэний өмч вэ?
Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Монголд цорын ганц музейн зориулалттай барилга МАН-д ашиглагдаж байгаа тухай мэдээлж байна. Үнэн хэрэгтээ энэ барилга бол орос ах нарын бэлгэнд ирсэн барилга. Хожим нь их өрд тооцогдсон мэдээлэл байдаг. Гэхдээ өнөөгийн мөрдөж буй хуулиар МАН-ын өмч мөн юм байна. Харин хэрхэн яаж тус намд очсон тухай мэдээлэл олдсонгүй. Спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн ярьж байгаагаар бол нэгэнт МАН-д шилжсэн учраас өмчид халдах нь зохисгүй гэнэ.
Харин тус яамныхан хэл ам болж байж Америкаас авчрах динозаврын араг ясаа байрлуулах газаргүйдээ гонсойж байгаа гэнэ. Зарим тохиолдолд өмчийг төр худалдан авч болно. Гэвч Ц.Оюунгэрэл сайдад музейн барилга худалдан авах нь битгий хэл нурж буй Байгалийн музейн үзмэрээ ч шилжүүлэх мөнгө байхгүй аж. Нурж буй барилгатаа Монголын өв болсон их хэмжээний үзмэрийг даруулах хэцүү, нүүлгэх газаргүй сайд өнөө, маргаашийг яахаа мэдэхээ больчихоод байгаа аж.
Эндээс энэ барилга хэнийх вэ гэдгээсээ илүү хэнд хэрэгтэй вэ гэдэг асуудал гарна. Мэдээж Монголын ард түмэнд. Нэгэн цагт Нийслэлийн Засаг дарга асан Ц.Мөнхбаяр төрд буцаагаад өгөх тухай санаа цухалзуулж байсан. Харин өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Занданшатар энэ барилгын тухай ярьж байгаа бололтой. Тэрээр сэтгүүлчдэд мэдээлэхдээ “МАН-ын гишүүдийг ажилгүй болгоод зогсохгүй суйлж, урвуулж байгаа тухай гомдоллож байна.
Мөн МАН-ын өмчинд халдах санаархал гарч байгаа” гэсэн мэдээлэл хийсэн. Тэр нь музейн барилгын тухай ярьсан бололтой юм. МАН шинэ ордноо барихдаа түмэн олныхоо өргөл хандиваар барьсан гэнэ. Харин энэ музейг хэрхэн яаж авснаа хэн ч дурсдаггүй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн ярьснаар бол МАН их өрийн тооцоонд орсон барилга байшинг эзэмшиж байгаа гэдэг.
Гэхдээ нэгэнт хуулиар МАН-ын өмч болсон юм бол энэ барилгыг дээрэмдэх, булааж авах тухай ярих нь ардчилал, зах зээлийн эсрэг үйлдэл болно. Харин Монголын ард түмнийг 90 жил удирдсан гэдэг энэ нам өнөөдөр ард түмэндээ бэлэг барих боломж гарч байна. Азид бүү хэл дэлхийг шуугиулж байгаа үнэт олдворууд зохиолч Дашбалбарын хэлснээр “Мөнхийн бүтээл мөхлийн ирмэгт байна” гэдэг болж байна.
Нийгмийн 40 хувь нь ядуу байхад эрх баригчдад төсвөөс мөнгө гаргаад музейн зориулалттай ганц барилгаа худалдан авах чадал алга, Иймд МАН 90 жил тэжээсэн ард түмнийхээ сэтгэлийг тэнийлгэж хэдэн зуун дамжих соёлын өвөө хадгалах боломж гаргаж энэ барилгаа төрд бэлэглэвэл түүхэндээ сүм, лам нарыг шатааж цаазалсан нүгэл нь бага ч болов нимгэрэх болов уу.
Дэлхий нийтээр шуугиан болж байж авчрах динозаврын араг яс нь Монголдоо ирээд хадгалах газаргүйг дуулбал соёлт хүмүүс монголчуудын арчаагүйг, төргүйг гайхах болов уу. Мэдээж төрд энэ битгий хэл барилга бариулах хөрөнгө бүрдэнэ. Гэхдээ цаг хугацааны хувьд Байгалийн музей динозавр хоёр өнөө, маргаашаа хүлээж байна.
Тиймээс МАН-ын удирдлага Монголынхоо нэр, нүүр, өв соёл уламжлал, ард олныхоо сэтгэлийг бодож энэ барилгаа төрдөө өгөхгүй юм гэхэд ядарсан динозавр, ялзрах гээд байгаа музейгээ түр орогнуулна гэж олон хүмүүс итгэж байна. Өмчийн харьяаллын тухайд бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдоос асуухад “Маргаангүй манай өмч” хэмээн хариулж байна.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ч үүнийг үгүйсгэхгүй байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас асуухад “Хуулиар МАН-ын өмч болсон бол хэн ч тус барилгад халдах эрхгүй” гэж байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Нийслэлийн өмчид энэ барилга бүртгэгдээгүй” гэв. Тэгэхээр хуулийн хүрээнд энэ өмчид хэн ч халдах эрхгүй юм байна.
Үнэхээр өнөөдөр Байгалийн музей нь нурж хэдэн ажилтнаа дарж алахад бэлэн болсон гэдгийг Мэргэжлийн хяналтынхан баталж байна. Түүнээс аюултай нь дэлхий сонирхож буй Монголын байгалийн давтагдашгүй үнэт үзмэр өнөө, маргаашгүй мөхлийн ирмэг дээр байгаа нь зөвхөн Монголын мэргэжилтнүүдийн төдий биш олон улсын хэмжээнд анхаарал татаж байна.
Энэ тухай гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ Монгол Улс асар их баялагтай. Гэвч түүнээс илүү үнэтэй үзмэр агуулдаг Байгалийн музейд нь ус дусалж үзмэр нь хөгзөрч байна”, “Монголд өнө эртний түүхийн дэлхийд танигдаагүй олон үзмэр байдаг боловч түүнийгээ дэлгэн тавих нь бүү хэл хадгалах ч газар бага байна”, Оросын нэгэн хэвлэлд “Монголоос дэлхийн хаана ч байдаггүй давтагдашгүй олдвор ихээр олддог.
Цаашдаа ч олдох магадлал өндөр. Харамсалтай нь хадгалалт, хамгаалалт, арчлалт, сэргээлт нь тоног төхөөрөмж, орчин нөхцлөөс шалтгаапж устах түвшинд байдаг” гэж бичжээ. Энэ нь өнөөгийн үхлийн ирмэгт байгаа динозавр, Байгалийн музей хоёр нь Монголын өв биш дэлхийн өв болсон нь батлагдана. Иймээс монголчууд МАН-д хичээнгүйлэн хүссэн захидал бичиж олох юм.
Хэрэв мөнгө, төгрөг нэхдэг юм бол хандив цуглуулж болох юм. Бүр аргаа ядвал нэг жилийн хугацаатай эдгээр үзмэрийг хадгалж хойд насандаа буян үйлдэхийг сануулж болно. Энэ хооронд Монголын төр хүний нийгмийг цуглуулах ховор нандин үзмэрээ хадгалах байшин барьчих байлгүй дээ.
Х.Баттөгс
Эх сурвалж:”Нийслэл Таймс”
URL: