Монголын ордууд Засгийн газрын өрийн барьцаа болов
Дэлхий дээр АНЭУ, Кувейт, Катар, Саудын Араб, Австрали зэрэг орон уул уурхайгаасаа ашиг олж, хөл дээрээ бат зогсож чаджээ. Гэтэл Африкийн бүх орон, Латин Америкийн буурайчууд, Голланд, Иран, Ирак, Ливи, Ливан, Бахрейн зэрэг улс эрдэс баялгаасаа болж баларсан.
Харин манайх аль тал руу хэлбийж байгаа бол. Эдийн засгийн өсөлтөөрөө бүс нутагтаа төдийгүй дэлхийд манлайлан, ДНБ-ий хэмжээ өмнө байгаагүй өндөр болж, ард иргэдийн амьдрал илт сайжирч байгаа гэх дүн статистик үзүүлэлт дээр зурайж буйг бодвол амжилтад хүрэгсдийн замаар ахиж буй мэт.
Гэвч инфляцийн түвшин өдөр ирэх бүр өсч, ажилгүйчүүд олшрон, ажлын байр нэмэгдэхгүй байгаа. Ингээд бодохоор баялгийн хараал гээч синдром манай эдийн засагт яах аргагүй нүүрлэчихжээ. Эдийн засагчдын үзэж буйгаар энэ синдромыг үгдрүүлэлгүй эмчилж болно гэсэн. Итгэхгүй байхын аргагүй сайхан мэдээ ч дараах үзүүлэлтүүд Монгол Улс баялгийн хараалд өртсөнийг гэрчилнэ.
Нэгдүгээрт, Засгийн газрын өр нэг триллион төгрөгт хүрсэн гэнэ. Өмнөх Засгийн газрын үед энэ талаар “түй” ч дуугардаггүй байсан. Сонгуулийн үеэр ийм зүйл ярих нь угаасаа “болчимгүй” үйлдэл тул тас нуусан аж. Харин шинэ Засгийн газар ажлаа авахдаа бүх зүйлийг сайн сайхнаар төсөөлж, даам гарсан мэт аашилж байсан ч яах аргагүй хүнд ачаа нуруундаа үүрснээ сая ойлгож, болох, болохгүйгээ уудалж эхэлсэн нь энэ.
Триллион буюу их наяд хэмээх тооны тэгүүдийг тоолсон монголчууд айдаг. Учир нь мянган тэрбумтай тэнцэх энэ тоог төгрөгөөр тоолбол хэдэн мянган хүнийг ажилтай, амьдралтай олгох их жинтэй. Хамгийн гол нь Засгийн газар яагаад ийм их өрөнд орчихов гэдэг нь сонин.
Сонин ч юу байх вэ, баялгаа барьцаалан гаднаас мөнгө зээлж, амлалтын халамжуудаа тараасаар ийм байдалд хүрсэн нь хэнд ч ойлгомжтой. Дээр нь их бүтээн байгуулалтуудыг гараанаас гаргана гэж олон улсаас босгосон 680 сая ам.доллар ч нэмэгдэнэ.
“Хөгжлийн банк”-ны дансанд зүгээр шахуу хэвтэн, чанарын шаардлага хангасан төсөл хэзээ орж ирэх бол хэмээн горьдсоор, өдөр бүр 98 мянган ам.долларын хүүнд шатаж буй энэ их мөнгөнд манайхан дээр, дооргүй нүдээ унагадаг. Чингэхдээ мөнөөх халамжиндаа тавьж туухыг оролдон, удирдлага, ажилтнуудыг нь дарамталсан тохиолдол ч олон.
Ингээд бодохоор Засгийн газрын зээлий барьцаанд тавигдсан ордууд биднийх биш болсон ч байж мэднэ. Баялгаа барьцаанд өгөөд ч цаана нь үлдэх өртэй болчих вий дээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: