Хагас тэрбумын үнэтэй хараал
“Челси” багийн хамгаалагч Эшли Коул мэргэжил нэгт найз Жон Терригийнхээ торгуулсныг сонсоод жигтэйхэн уурлажээ. Ж.Терри өнгөрөгч улиралд өрсөлдөгч багийнхаа хөлбөмбөгчийг “арьс, ширээр” нь доромжилж, ялгаварлан гадуурхсан гэх хэрэг улиг болон явсаар сая л нэг эцэслэж Английн хөлбөмбөгийн холбооноос дөрвөн тоглолт өнжөөх ял хүртсэн юм.
Эшли Коул үүнийг сонссон даруйдаа өөрийнхөө твиттерт “Ха ха Холбооныхон гайхалтай. Тэд яаж чадаж байна аа. Муусайн …” гээд хоёр мөр хараал үлдээсэн гэнэ. Гэхдээ тун удалгуй энэ сэтгэгдлээ цахим хуудаснаасаа устгачихсан гэж байгаа.
Даанч ам алдвал барьж болдоггүй гэдэг хойно түүний сэтгэгдлийг зохих түвшний хүмүүс нэгэнт олоод харчихсан байсан тул омголон хөлбөмбөгч 240 мянган фунт буюу 540 сая төгрөгөөр торгуулахад хүрчээ. Хагас тэрбум төгрөгийн үнэтэй хараал гэж байдаг л юм байна.
Т.БҮРЭН
URL: