Монголчуудын бизнест шавар хаах “Номадс”-ын балаг

  Газрын баялгаас ард түмэнд хүртээж, амьдрал ахуйд нь нэмэр болох тухай манай дарга нар сүүлийн хэдэн жилийн турш амаа цангатал ярьж байгаа.
Эхнээсээ ч бага сага хувь хүртээж эхэлсэн. Сар бүрийн 21 мянган төгрөг, Тавантолгойн хувьцаа, хөгшчүүлд өгсөн бэлэн мөнгө гээд халамжийн өглөг харамгүй тараасан нь одоо ч мөн үргэлжилж буй. Хүүхэд бүрт гэсэн хаягтай ч хүссэнд нь хэмээн тодруулсан 20 мянган төгрөгийг энэ сараас олгож эхэлнэ. Гэхдээ энэ бүгдийг баялгаа барьцаалан бусдаас зээлэх замаар л аргацааж байгаа.

Уг нь бидэнд боломж бий. Газар доорхоо ухуулж гадагш зараад олох мөнгөнөөс гадна үйл ажиллагаанд нь гар бие оролцон ашгаа нэмэгдүүлэх боломж уул уурхайн салбарт л гэхэд үй түмээрээ байдаг юм. Хамгийн наад зах нь уул уурхайн компаниудад бараа, ажил үйлчилгээ нийлүүлэх гэж том мөнгөний урсгалтай бизнесийн том орон зайг монголчууд төдийлөн сайн ашиглаж чаддаггүй. Ашиглах боломжийг гадныхан өгөх тийм ч дуртай биш. Үүнд нь манайхны урагшгүй ажиллагаа ч нөлөөлдөг гэх. Монголын уул уурхайн салбарт төдийгүй дэлхийд томд орж буй “Оюутолгой” төслийн хүрээнд л гэхэд бараа, ажил үйлчилгээ ханган нийлүүлэгчийг сонгох тендер байсхийгээд л зарладаг. Тун удахгүй хоолны үйлчилгээг нь дангаараа даагаад явах хариуцлагатай үүрэг гүйцэтгэх чадалтай,чадвартай компанийг тодруулах тендерийн дүн гарах юм гэсэн. Хэдийгээр энэ шалгаруулалтад үндэсний гэх тодотголтой компани өмнөхөөс олон оролцож байгаа ч ялах магадлал тун муу, бараг тэгтэй тэнцэж ч магадгүй гэнэ. Яагаад гэвэл Монголын компани хариуцлагагүй гэсэн хамгийн том үлгэр жишээг “Номадс” групп хэдийнэ харуулчихсан.
Өнгөрсөн оны зургадугаар сард “Оюутолгой” төслийн Өмнөд кемпэд хоолны хордлого гарч олон зуун хүн ажилладаг энэ талбарыг хөл хориот бүс болгон хувиргаж байсан юм. Ердөө ганцхан өдрийн дотор 66 хүн өвдөж улмаар өвчилсөн хүний тоо цагаар өсч 100 гаран аюулын харанга дэлдэж Онцгой байдал, Мэргэжлийн хяналт гээд олон байгууллагыг хөл дээр нь босгосон энэ үйл явдлын буруутан нь “Номадс” групп байсан юм. Тэд “Оюутолгой” төслийн хоол үйлчилгээгээр хангагчийг шалгаруулах тендерт оролцож ялагч болсноор өдөрт нэг хүнийг 35 ам.доллараар хооллох том бизнесийг атгасан. Тус төслийн талбарт 11 мянган хүн ажилладаг гэсэн. Өдөрт нэг хүний хоолонд төслөөс 35 “ногоон”-оор тооцож мөнгө авна гэдэг яг үнэндээ унах ашиг ихтэй ухаантай бизнест тооцогдох. Гэхдээ ийм сайн унацтай бизнесийг Монголын компани авснаар үүгээр дамжин монголчуудад наалдах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ хэмээн олон хүн тооцсон. Ноён М.Есөнмөнхийн бизнесийн хаялгаар овоо хэдэн монгол хүний амьдрал сайжирна гэж найдсан. Харамсалтай нь мөнгийг нь авсан ч шаардсан хэмжээнд үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэж чадаагүйн улмаас баахан хүн хордуулж эгээтэй л хорвоогоос буцаачихаагүй. Тухайн үед олон хүн хоолноос хордож бөөнөөрөө өвдсөн уг хэргийг шалгаад шалтгааныг нь тогтоосон дүгнэлтийг мэргэжлийнхэн гаргасан. Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч З.Хашбат, Эмчилгээ оношлогооны чанарын хяналтын улсын байцаагч Ц.Бямбачулуун, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч С.Оюунбилэг нарын бичсэн танилцуулгад, -“Nomads” ХХК-ийн охин компани-“QFS” ХХК-ийн хоол үйлдвэрлэлийн газар, хоол бэлтгэлийн өрөөнүүд, аяга таваг угаалгын газар, хувцас угаалгын газар, душ, бие засах газар, өвчтөнүүдийг тусгаарласан гэрүүд зэрэг газруудын ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, ариутгалын бодисыг зохих зааврын дагуу найруулж, савлаж ашиглаагүй, үйлчилгээний ажиллагсад ариутгалын бодисыг цэвэрлэгээ үйлчилгээндээ ашиглах талаар мэдлэг олгоогүй.
-“Nomads” ХХК-ийн охин компани “QFS” ХХК-ийн хоол үйлдвэрлэлээс гарч буй хоол, хачруудыг гэрээт компаниуд нь ажилчдад түгээхдээ зориулалтын бус сав, тээврийн хэрэгслээр зөөвөрлөж хэрэглэж байсан нь хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, чанар аюулгүй байдлын горим алдагдсан байгаа нь Хүнсний тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.2.5 дахь заалтыг зөрчсөн.
-Хяналт шалгалт хийхээр тус кемпэд ирэхэд “Эрчим” концерний кемп менежер Б.Нармандах “Nomads” ХХК-ийн охин компани “QFS” ХХК нь тухайн өдрийн хоолноос дээж аваагүй гэсэн мэдээлэл өгсөн. Хяналт шалгалтаар 2011 оны зургадугаар сарын 4-ний 5 цаг 40 минутад “Бүрж шарсан тахианы мөч” хоолны дээжийг авч, зургадугаар сарын 6-ны 8 цаг 30 минутад устгасан тэмдэглэлийг дээжийн хөтөлгөөний журналд бүртгэсэн байна. Гэвч тухайн дээж нь устгагдаагүй дээжийн хөргөгчид байсан. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалт, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” MNS CAC RCP 39:2009 стандартын 7.5.1 дэх заалтыг тус тус зөрчсөн.
Хоол үйлдвэрлэлд ашигласан тахианы мах, өндөг, хонь, үхрийн мах, гахайн мах, таван цул, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ зэрэг хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний бичиг, дүгнэлтийн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хоол үйлдвэрлэлд хэрэглэсэн нь Хүнсний тухай хуулийн 9.2.1, 9.3.3, 9.4.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн.
“Оюутолгой” төслийн Өмнөд кемп болон хоол үйлд­вэрлэлийн газарт ариутгал,  халдваргүйтэл, шавьжгүйтэл, мэрэгчгүйтгэлийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, гэрээ байгуулаагүй байгаа нь “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 4946:2005 стандартын 5.4.1 дэх заалтыг хангаж ажиллаагүй гэхчилэн бичсэн байна.
Олон мянган хүнийг хооллож ундалж, үүнийхээ хариуд чамлахааргүй их ашиг олж суугаа хэрнээ хариуцсан ажилдаа ийм байдлаар хандсаны балаг хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулснаар дуусаагүй. Улс орны эдийн засаг, улмаар монголчуудын баялгаас хүртэх хувь хэмжээнд ч нөлөөлөх магадлалтай. Учир нь “Оюутолгой”-гоос гадна болон өөр бусад гадны томоохон төслүүд “Номадс”-ын эл хариуцлагагүй үйлдлийг жишээ татан бараа, ажил үйлчилгээ ханган нийлүүлэх тендерт үндэсний компаниудыг шалгаруулах боломжгүйг эелдэгхнээр илэрхийлэхэд бидэнд хэлэх үг байхгүй. Ажиллаж буй хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насыг мөнгөнөөс илүүд үзэж, энэ салбарт туршлагатай бас хариуцлагатай гадаадын компанийг сонголоо гэхэд гадныхныг буруутгах арга ч байхгүй.
Нэгэнт сонгогдсон гадны компанийн олсон ашиг Монголд хамаагүй. Тиймээс нийслэл төдийгүй хөдөө орон нутаг, хөрш Буриад гээд газар газарт салбараа байгуулж баяжиж хөлжиж буйгаа нийтэд зарлаад байдаг М.Есөнмөнх ноёнтон ийнхүү монголчуудын бизнест жинхэнэ утгаар нь шавар хааж буй юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих