Ц.Цолмонг эргүүлэн татах боломжтой юу?

УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН-д гишүүнээр нь элсээд буй. Хэдийгээр өөрийнх нь хэлсэнчлэн Шударга ёс эвслийн гишүүн дотроо хөрвөж байна гэж хэлж болох ч МҮАН-ын хувьд харьцаа алдагдаж, мөн албан тушаалын хуваарилалтад ч өөрчлөлт орж буй юм. Иймээс түүнийг эргүүлэн татаж, түүний оронд МҮАН-ын дараагийн хүнийг оруулж ирэх асуудал хөндөгдөх болсон билээ. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Ц.Цолмонгийн байр суурь, гишүүд, хуульчийн үгийг хүргэж байна.

Ц.Цолмон:

Эвсэл л намайг шийдэх ёстой

Сонгуулийн субьектийн хувьд эвсэл гэдгээр орсон. МАХН-ын гишүүн болсон нь эвсэл дотроо л хөдөлж байгаа зүйл. Иймээс УИХ-ын гишүүний юм уу, сонгуулийн асуудал хөндөгдөхгүй гэж үзэж байна. Ер нь сонгуулийн өмнөх болон дараах эвсэл гэж бий. Сонгуулийн өмнөх эвслээр бол намууд эрхээ Шударга ёс эвсэлд шилжүүлчихсэн. Би тэр эвслээс л гарсан. Тэр эвсэл л намайг шийдэх ёстой.

Г.Уянга:

Ямар нэгэн үр дагавартай

МАХН, МҮАН хоёр “Шударга ёс” бүлэгт тус бүр таван суудалтай. Түүнээс гадна Ц.Цолмон дарга бол мажоритари тойргоос сонгогдож гарч ирээгүй. Харин намын квотоор МҮАН-д ноогдсон суудал юм шүү дээ. МҮАН-ын бусад олон гишүүнд Ц.Цолмон даргын одоогийн байр суурь дээр байх бололцоо байсан. Гэвч бид түүнийг хүндэтгэж сонгосон. Тухайлбал, би л гэхэд хамгийн түрүүнд өөрийн бололцооноосоо татгалзаж, байр сууриа тавьж өгсөн.

 

Мөн Ц.Цолмон даргын хувьд МҮАН- ын квотод оногдож байгаа байнгын хорооны даргыг хийж байгаа. Тиймээс түүний намаас гарах шийдвэр нь хууль зүйн хувьд ч тэр, ямар нэгэн үр дагавартай гэж бодож байна. Үүнийг судалж байгаа. Ц.Цолмон дарга бол манай Удирдах зөвлөлийн гишүүн, намын дарга байсан хүн. Мөн намын даргын дэргэдэх бодлогын зөвлөлийг удирдаж ажилладаг. Тэгэхээр түүний хувьд ганцаараа ийм шийдвэр гаргахаас илүү намын нөхөдтэйгөө зөвлөлдөх ёстой байсан.

Д.Тэрбишдагва:

Хэлсэндээ хүрдэг эр хүн юм

УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН, МҮАН хамтран эвсэл байгуулахаас өмнө “Манай хоёр нам сонгуульд эвсэж ялалт байгуулсныхаа дараа нэгдэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байсан хүн. Тухайн үед ч хоёр намын удирдлагууд энэ тухай ярилцаж байсан юм билээ. Тиймээс би УИХ-ын гишүүн Ц.Цолмонг манай намд элссэн асуудлыг буруу тийшээ бүү мушгиасай гэж хүсэж байгаа. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг байх аа. Тиймээс би УИХ-ын гишүүн Ц.Цолмонг хэлсэндээ хүрдэг эр хүн юм гэсэн дүгнэлтийг хийж, хүндэтгэж байгаа шүү. “Шударга ёс” эвсэл тарж, МАХН, МАН-тай нэгдэнэ гэсэн яриа албан ёсоор гараагүй гэдгийг баттайгаар хэлмээр байна.

Б.Энхбаяр:

Аргагүйдэж ийм сонголт хийв үү
(хуульч)

Ц.Цолмон гишүүний намаа сольсон явдлыг хууль зүйн болон улс төрийн соёлын гэсэн хоёр хүрээнд ялгаатай авч үзвэл зохилтой. Хууль зүйн хувьд УИХ-ын гишүүнийг нас барсан, эсвэл шүүхээс ял шийтгүүлсэн тохиолдолд л нөхөн нэр дэвшүүлэх боломжтой. УИХ-д сонгогдсон гишүүн сонгогдсоныхоо дараа өөр намд элссэн тохиолдол өмнөх парламентад бол олон бий. 1996-2000 онд Ж.Гомбожав, 2000- 2008 онд Л.Гүндалай хоёр ч удаа, 2004-2008 онд О.Эрдэнэбүрэн гээд туршлага бий.

 

Тэглээ гээд тухайн УИХ-ын гишүүнийх нь статусыг хөнддөггүй байсан. Энэ нь эдгээр гишүүд можаритар буюу шууд ард түмнээс мандатаа авч сонгогдож байсантай холбоотой. УИХ-ын 2012 оны сонгуулийн онцлог нь 26 гишүүн нь намын жагсаалтаар ордог холимог тогтолцооны үр дүнд мандатаа авсан. Холимог элементийг оруулсны гол зорилго нь тойрог гэж хуваалгүйгээр ард түмний нийтлэг эрх ашгийг барьж ажиллах талаарх УИХ-ын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, улс төрийн намын засгийн эрхийг барьж бодлогоо хэрэгжүүлэх сахилга, чадавхийг нэмэгдүүлэх явдал байсан.

 

Тэр утгаар нь авч үзвэл намын жагсаалтаар орж ирсэн гишүүн өөр намд элсэж байгаа Ц.Цолмон гишүүний энэ үйлдпийг өмнөх тойргоос сонгогдож байсан гишүүдтэй адилтган авч үзэх аргагүй юм. Гэхдээ яг энэ асуудлыг ялгамжтайгаар авч үзэж хууль эрх зүйгээр урьдчилан харж хараахан зохицуулж чадаагүй. Тэр утгаараа бас л нэг шинэ кейсийг УИХ-ын түвшинд цаашид зохицуулах шаардлагатайг харуулсан үйл явдал боллоо.

 

Харин улс төрийн соёлын хувьд яагаад ч зөвтгөх боломжгүй. Тухайн намынх нь гишүүд дэмжигчидэд энэ бол хүнд цохилт болсон нь ойлгомжтой. Тэр тусмаа суудал нь нэг нэгдэхгүй үнэ цэнэтэй, парламентад жин дарах том биш намын хувьд намынх нь нэр хүндэд хүртэл халтай үйл явдал болсон нь тодорхой. Миний ойлгосноор Шударга ёс эвсэл УИХ-ын сонгуулийн намын нэрсийн жагсаалтаа сайн анзаараггүй, МАХН ба МҮАН гэсэн хоёр намынхаа нэр дэвшигчдийг сөөлжүүлж гаргаагүйгээс энэ явдал боллоо гэж үзэж байгаа.

 

Өөрөөр хэлбэл, УИХ-д ийм олон суудал авна гэж анхнаасаа төлөвлөөгүй учраас 7-8 дахь хүнээ нэг намын хүн жагсаачихсан. Гэтэл 2012 оны сонгуулийн дараа нөгөө хүмүүс нь УИХ-д орохоор болсон чинь МҮАН-ынхан нь жагсаалтаараа илүү олон суудал эзлэх болчихсон байхгүй юу. Нэгэнт жагсаалтаа дахин өөрчлөх боломж хууль зүйн хувьд хаалттай учраас МҮАН-аас орж ирэх гишүүнээ МАХН нь өөрийн намын гишүүн бол гэсэн шахалт хийж, тийм тохироон дээр л Ц.Цолмон гишүүн аргагүйдэж ийм сонголт хийв үү дээ гэж харж байна.

Л.Нинж
Эх сурвалж:”Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих