Урт наслахын нууц жор
Хүн бүр урт наслахыг хүсдэг. Тэгвэл бид танд энэ удаа “Хүн бүрт 100 наслах боломж бий” гэдгийг дуулгах гэсэн юм. Учир нь “Урт наслахын нууц жор тун энгийн. Та тамхи татахгүй, архи уухгүй, дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллож чадвал 100 болон түүнээс дээш насалж болно” гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Энэ тухай зөвлөгөөг бид П.Н. Шастины нэрэмжит төв эмнэлгийн Элэг судлалын тасгийн ахлах зэргийн эмч Ч.Өлзийжаргалаас авлаа.
САЙН УНТАЖ АМАР. ГЭХДЭЭ НОЙРНЫ ЭМ УУХ ХЭРЭГГҮЙ
Баяр баясгалантай амьдрах нь амьдралд эрч хүч өгөөд зогсохгүй урт наслахад ч бас нөлөөлдөг. Хүн гурван минут инээхэд 15 минут гимнастик хийсэнтэй тэнцдэг. Тиймээс та үргэлж, өөдрөг, инээмсэглэл дүүрэн алхах хэрэгтэй. Мөн хэчнээн ажил ихтэй, цаг зав багатай байсан ч өдөр амар ч бай. Үдийн хоолны дараа 30 минут унтах нь таныг эрүүл амьдрахад тусална. Шөнө бүр тайван унтаж амрах хэрэгтэй. Хүн нойр сайтай, сайхан амарч чадвал өглөө босоход хүртэл бие хөнгөн, ажлын эрч хүч ч гэсэн нэмэгддэг шүү дээ. Ингэхдээ та нойрны эм уух хэрэггүй гэдгийг онцгой анхаарах нь чухал. Энэ нь таныг унтдаггүй хүнээс ч цөөн наслуулна.
ХӨГЖИМ СОНС, БҮЖИГЛЭ ЭСВЭЛ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ТОГТМОЛ ХИЙ
Орчин үеийн эрдэмтэд “Ухаантай хүмүүс удаан амьдардаг” гэж баталж байна. Бидний хир удаан амьдрах нь бидний биеийн идэвхтэй байдал буюу биеийн тамираас ердөө 5 хувь, зөв хооллолтоос 15, оюуны чадамжаас 80 хувь хамаардаг аж. Тэгэхээр урт наслахын тулд тархиа байнга ажиллуулж байх хэрэгтэй болж байна. Судалгаанаас үзэхэд оюуны ажил эрхэлдэг, байнга юм бичдэг болон сэтгэлийн тэнхээтэй хүмүүс урт насалдаг төдийгүй хөгшрөлтийн гамшиг болох зөнөгрөлөөс хол байдаг аж. Тиймээс та байнга шинийг эрэлхийлж байх хэрэгтэй. Аливаад суралцаж, шинийг хийж бүтээхийн тулд сэтгэх санаачлах, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх зэрэг нь таныг эрүүл, идэвхтэй амьдрахад чухал нөлөө үзүүлнэ. Заримдаа бүжиглэ. Тогтмол бүжиг хийдэг хүн хурц ухаантай санаж тогтоох чадвар нь өндөр, хурд хөдөлгөөн сайтай байдаг гэж судлаачид хэлсэн байдаг.
ЦЭВЭР АГААРТ ГҮНЗГИЙ АМЬСГАЛ- БИЕЭС ЭЛДЭВ ХОР ГАДАГШИЛНА
Та амралтынхаа өдөр гэр бүлийнхэнтэйгээ салхинд гардаг уу. Ойд зугаалах, цэвэр агаарт алхах, байгалтай ойр байх нь бидний амьдралд бас эрч хүчийг бэлэглэдэг. Цэцэг тарьж түүнийгээ арчилдаг, гэртээ амьтан тэжээдэг хүмүүс сэтгэлээр унах нь ховор байдаг. Мөн цэвэр агаарт цээж дүүрэн амьсгалахад биеэс элдэв нян, хор гадагшилдаг. Тиймээс та долоо хоногт ядаж ганц удаа гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарч байгаарай. Түүнчлэн найз нөхөдтэйгөө ойр ойрхон уулзаж, илэн далангүй ярилцах, санал бодлоо солилцох зэрэг нь хүмүүсийг урт наслахаас гадна аз жаргалтай амьдрахад тусалдаг.
ТА ЯВГАН ЯВДАГ УУ ЭСВЭЛ…
Хэрэв та машин хөлөглөдөг бол заримдаа явган явж бай гэж зөвлөе. Учир нь өдөр бүр алхдаг хүмүүс машин хөлөглөдөг хүмүүсээс илүү эрүүл байдаг ба сэтгэл гутрал, бухимдал зэрэг сэтгэцийн хямралд өртөх эрсдлийг бууруулж, сэтгэл зүйн өөдрөг цовоо сэргэлэн идэвхтэй байдлыг бүрдүүлнэ. Идэж буй хоол хүнсэндээ ч бас анхаарлаа хандуул. Гурилан бүтээгдэхүүн ногоо жимс сайн ид. Хэрэв ингэж чадвал биеийн чадавхи бусдаас 30 хувь илүү байх болно. Мөн зөв хооллосныхоо хүчинд хүн урт нас, эрүүл мэнд эрч хүч, баяр хөөрийг олж авна. Үр тариа, самар сайн ид. Долоо хоногт таван удаа 30 гр самарны төрөл идэх нь зүрхний өвчнөөр өвдөх магадлалыг эрс багасгана.
ГЭРИЙН АЖЛААС БҮҮ ЗАЙЛСХИЙ
Дасгал хөдөлгөөн биеийн эрүүл мэндэд төдийгүй сэтгэлзүйд ч бас сайнаар нөлөөлдөг. Тэр тусмаа гар тулааны спортоор, өглөөний дасгалаар тогтмол хичээллэх нь сэтгэлийн дарамтанд орохоос сэргийлнэ. Нөгөөтэйгүүр, та гэр бүлийнхээ түүхийг сайн мэдэж байх хэрэгтэй. Энэ нь таныг удамшлын гаралтай өвчний хүндрэлээс эрт сэргийлэхэд тус дөхөм болно. Мөн жингээ байнга хянаж бай. Илүүдэл жин бол удаан үхэл гэсэн үг. Гэрийн ажлаас бүү зайлсхий. Энэ ч бас таны илүүдэл жинг хасна.
Эцэст нь зөвлөхөд, та Эпикурын хэлсэн шиг “Номынхоо санд ямагт шинэ номтой, зоориндоо лонх дарстай, цэцэрлэгтээ амьд цэцэгтэй бай”. Тамхи бүү тат. Дарсаа тохируулж уу.
URL: