Залуус газ үнэртэж байгаад дэлбэрэлтэд өртжээ
Сүүлийн үед өсвөр насныхан элдэв химийн бодис үнэртэж мансуурах явдал нэлээдгүй гарах болсон. Хэдхэн хоногийн өмнө хэсэг сурагчид сургуулийнхаа гадаа ахуйн хэрэглээний хий үнэртэж байгаад баригдсан билээ.
Тэгвэл өнгөрсөн бямба гаригт зургаан залуу ахуйн хэрэглээний хий үнэрлэж байгаад дэлбэрэлтэд өртсөн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр III, IV хорооллын эцэст байрлах “Хангай” зочид буудалд энэ хэрэг гарчээ. 14-20 насны нэг эмэгтэй, таван эрэгтэй ахуйн хэрэглээний хий үнэртэж байх үеэр хий нь дэлбэрсэн юм байна. Хэрэг шөнийн 03.00 цагийн орчимд болсон бөгөөд буудлын өрөөний хаалга цөмөрсөн байжээ. Ойр орчимд явж байсан иргэдийн мэдүүлснээр газар хөдөлж байгаа мэт хүчтэй чимээ гарч, чичирхийлсэн гэнэ. Буудлын ажилчид цаг алдалгүй цагдаа болон түргэн тусламжийн газар дуудлага өгсөн байна. Дээрх залуус 20-30 хувийн түлэгдэлтэй Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ.
Одоогийн байдлаар хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Залуусын ихэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөө орон нутгийн харьяалалтай байсан аж.
Л.ТӨР
URL: