Сонгуулийн ирц хүрэхгүй бол эрх баригчид хариуцлага хүлээнэ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-МАН-ын бүлгийг хүлээн зөвшөөрөх асуудлыг Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байх гэж харж байгаа. Боломж хэр байгаа бол?

-УИХ-ын чуулганы үеэр АН-ын  бүлгийн дарга Д.Эрдэнэ­батын хэлсэн мэдэгдлийг сонс­сон. Түүнээс нь бүлэгтэй болох асуудлыг хэлэлцэх юм байна гэж ойлгосон. Чуулганы индрээс, олон түмний өмнө хэлсэн болохоор байр суурь нь өөрчлөгдөхгүй байх.

-Бүлгийг хүлээн зөвшөө­рөөгүйгээс ээлжит бус чуул­ганы үеэр сөрөг хүчний үүр­­гээ хангалттай биелүүлж ча­­даагүй шүү дээ?

-УИХ дахь МАН-ын бүлгийг зохион байгуулалтад орсон гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа уч­раас санасан хэмжээндээ хүрч ажиллаж чадаагүй гэдэгтэй са­нал нэг байна. Бүлгийг хү­лээн зөвшөөрөөгүй ч Орон нут­гийн сонгуулийн тухай хуульд тодорхой хэмжээнд са­нал, гомд­лоо оруулж чадсан.

Асуудалд хүч түрэмгийлж, хүний олноор хандаж чадаагүй. Хүмүүс чуулганы хуралдааныг хараад ойлголт авдаг. УИХ-ын гишүүн байнгын хороонд заавал харьяалагдах хуулийн заалт байдаг. Гэтэл байнгын хороонд манай намын ги­шүүдийг оруу­лахгүй байгаа. Хуулийн заалт зөрчигдөөд удаж байна. Байнгын хороонд орохгүй учраас асуудлыг ярьж эхлэхэд саналаа өгч чадахгүй байдал үүссэн. Байнгын хо­роонд саналаа өгч чадахгүй, өгсөн саналыг нь хураалгахгүй учраас УИХ-ын чуулганд орж ирээд саналаа хэлэхээр хэрүүл болгож хүлээж авах юм. Ер нь шал дэмий улстөрийн маргаан явж байна шүү дээ.

-Ерөнхий сайд Засгийн газар байгуулагдсанаас хой­ших 45 хоногт хийсэн ажлаа тайлагналаа. Гэхдээ танай на­­мынхны зүгээс Засгийн газ­­­рын  мөрийн хөтөлбөрт шүүмж­­лэлтэй хандаж байгаа. Мөн нэлээд задаргаа хийж дүгнэлт гаргаад байгаа гэсэн?

-Би хэд хэдэн асуудалд шүүмж­лэлтэй хандсан. Нэг­дүгээрт, Засгийн газрын үйл ажил­лагааны мөрийн хөтөлбөр гэдэг нь Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилд хийх ажлын төлөвлөгөөгөө батлуулж байна гэсэн үг.

Гэтэл сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө нэлээд татаж оруулж ирсэн. Зээлдэж оруулж ирсэн намын мөрийн хө­төл­бөрийн цаад талын зөрүү нь юу вэ гэхээр мөнгөний асуудал байна. Намууд мөрийн хөтөлбөр дэвшүүлж байх үед Аудитын газраас үнэлэлт, дүг­нэлт хийгээд мөнгийг нь авчихсан. Мөнгө амлаж бо­лохгүй гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд хийсэн хэрэг. Гэтэл тэрнээс нь шууд аваад тавьчихаар Засгийн газ­рын үйл ажиллагаанд тодор­хой тоогүй, нэгжгүй болж бай­гаа юм. Энэ нь эргээд сөрөг үр дагавар дагуулна.

Өөрөөр хэлбэл, мөрийн хө­төлбөрийн дагуу ажлаа тай­лагнах гэхээр тоо, хэмжүүр үзүүлэлт байхгүй болчихоод байна.

Хоёрдугаарт,  сайдуудад хан­даж шүүмжлэл хэлсэн. Зас­гийн газарт ажиллахад зовлон их байдаг. Хэрвээ та нар тодорхой тоо тавихгүй бол улсын төсвийн хөрөнгийг ху­ваахад сайдуудад маш их бэрхшээл үүснэ. Сургууль, цэцэр­лэгийг нэ­мэгдүүлнэ гэж байна. Нэгээр үү, тавиар уу гэдэг нь тодорхой бус.

-Тодорхой бус байхаар бие­лэх эсэх эргэлзээ дагуулна гэсэн үг биз дээ?

-Тухайлбал, сургуулийн өмнөх боловсрол болон ерөн­хий боловсролын сургуулийг хамран сургалтыг төчнөөн хувьд хүргэнэ гээд тодорхой биччихсэн байвал Сангийн яаманд очоод төсвөө хам­гаа­лахад хэрэгтэй байдаг. Бид дөрвөн жилд ийм үр дүнд хүрэх ёстой юм. Үүнийг жилд хуваахад энэ жилдээ ийм хэмжээний тэрбум төгрөгийн хөрөнгө, төсөв бидэнд хэрэгтэй байна гээд хамгаалдаг гэж би шүүмжилсэн. Түүнчлэн мөрийн хөтөлбөрийн алслалт нь дутуу байгаа.

-Алслалт гэхээр зарим хүн ойлгохгүй байх?

-Магадгүй л юм. Зарим сал­барт хэтэрхий гүнзгий ор­чихоод, өөр хэсэг дээр нь өнгөцхөн орсон асуудал ха­рагдаж байгаа. Үүнийг жигдлэх хэрэгтэй. Хоорондын уялдаа холбоог сайжруулах ёстой.

-Намуудын зорилго нь нэг мөртлөө мөрийн хөтөл­бө­рөөс болж  хоорондоо хөлөө жийл­цэж байгаа мэт харагд­даг. Үүнийг та хэрхэн дүгнэдэг вэ?

-Нэг улсыг хөгжүүлэхийн төлөө явж байгаа улстөрийн хүч­нүүдэд мөрийн хөтөлбөрийн давхардал гарна. Манай мө­рийн хөтөлбөрөөс авсан, танайх ма­найхаас авсан гэсэн маргаан ч гарсан.

Хальт харахад тал нь манай намын мөрийн хөтөлбөртэй адилхан байсан. Буруу гэж үзэх­гүй байна. Зарим асуу­далд санал зөрж болох ч ихэнх нь санал нэгдмэл байх нь ойлгомжтой. Мөрийн хөтөл­бөрийг хэлэлцэх үеэр саналаа оруулсан. Зарим нь тусгалаа олох байх гэж найдаж байгаа. Ер нь иргэд рүүгээ ханд­сан зүйл нь бага байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт тавьж байгаа зорилт нь иргэд рүүгээ хандсан байж чадахгүй байна.

Ноос, ноолуурын зээлийг нэ­мэгдүүлнэ гэж яриад байгаа юм. Тэр зээлийг малчид авахгүй шүү дээ. Үйлдвэрлэгч нь авна. Малчдын амьжиргааг хэрхэн сайжруулах вэ гэдэгт бодсон зүйл АН-д алга. Малчид ноос, ноолуураа тушаахад ямар урам­шуулал олгох, нийгмийн хам­гаалал, тэтгэврийн асуудлаар на­рийвчлан тусгаж өгөөгүй. Маш ерөнхий орсон байна. Энэ талд манай намын мөрийн хө­төлбөрөөс оруулж өгөх байх гэж найдаж байгаа. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд малчдын нийгмийн асуудал болон хөдөө аж ахуйн талаарх асуудалд тусгалаа олно гэж хэлсэн.

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг шөнө дөлөөр хэлэлцэн баталсан.  Энэ хуулийн төсөлд МАН-ын­хан сэтгэл дундуур байгаа бололтой?

-Хуулийн төслийн хэд хэдэн заалтад нэлээд сэтгэл дундуур байна. Тухайлбал, Орон нутгийн сонгуулийн хуульд дахиад на­мын жагсаалтаар санал ху­раах тухай орчихлоо. Энэ нь улс орны хэмжээнд болон сум, дүүрэгт намаар талцуулах, улстөржүүлэх сөрөг алхам болно гэж бид шүүм­жилсэн ч хүлээж авсангүй. Заалтыг оруулчихсан.

Мөн автомат машинаар санал тоолохдоо өмнөх сонгуулийн эргэлзээг тайлчихаад ашиглах байсан. Санал хураалтыг ма­шинаар хийхэд иргэд эргэлзэж байгаа. Энэ нь сонгуулийн үр дүнд буюу ардчилсан тог­тол­цоонд сөрөг үр дагавар авч ирэх байх. Хууль батлагдах үед орон нутгийн сонгуулийг арван нэгдүгээр сарын 8-нд явуулах нь оройтож байна гэдгийг хэлж байсан. Гэвч бүр хойшлуулаад 21-нд болгочихсон.

Энэ үеэр хүмүүс отор нүүдэлд гардаг, өвөлжөөндөө буучихдаг. Мөн цаг агаар хүйтэрдэг үе. Гэтэл энэ үеэр сонгууль зохион байгуулахад ирц хүрэхгүй, хү­чингүй болох эрсдэл дагуулж байна. Сөрөг хүчний тавьсан то­дорхой саналуудыг хүлээж авч тусгасан. Тухайлбал, “Сон­гуулийн тойрог хэсгийн хо­роодыг намуудаас бүрдүүлнэ” гэж байсныг “Төрийн албан хаагч бүрдүүлнэ” болгосон. Той­рог, хэсгийн хо­роо­дын төлөө­лөлд багаас хэдэн хүн сон­гогдох вэ гэсэн бидний саналыг хүлээж авсан. Ардын нам үр дүнтэй ажилласан.

-Хэрвээ сонгуулийн ирц бүр­дэхгүй бол эрх баригчид хариуцлага хүлээх үү?

-Хэрвээ сонгууль явагдаж чадахгүй бол эрх баригчид болох АН болон “Шударга ёс” эвсэл хариуцлага хүлээнэ.

Биднийг “Хугацаа оройтож байна” гэж хэлсээр байхад улам хойшлуулж, найдваргүй бол­госон. Мөн хэлэлцүүлгийн явцад шүүмжилж байсан ч оруулж чадаагүй нэг асуудал бий.

Тойргоор санал хураалтад ор­чихоод тэндээ унасан ч намын жагсаалтаар гулсаад ороод ирэх боломжтой болчихлоо. УИХ-ын сонгуулийн хуульд оруулчихсан байхад нь Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гээд хүчингүй болгосон. Гэтэл эргээд Орон нут­гийн сонгуулийн хуульд оруу­­лаад ирсэн. Өөрөөр хэлбэл, унасан бөх туг тойрох нь байна.
-Энэ асуудлаар дахиад цэцэд хандахаар болсон. МАН цэцэд хэд хэдэн асуудлаар хандсан. Хариу авсан уу?

-Бид хоёр, гурван асуудлаар хандчихсан байгаа. Цаашдаа ч Үндсэн хууль зөрчсөн асуудал байвал цэцэд хандана.

Эх сурвалж:”Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих